Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Ford Motor” төрийн дэмжлэг авна

Дэлхийн автомашины зах зээл сэргэж буй өнөө үед АНУ-ын Засгийн газар үндэсний үйлдвэрлэлээ дэмжихээр шийджээ. Автомашины экспортын хэмжээг нэмэгдүүлж, ажлын байр шинээр бий болгох зорилго бүхий төрийн дэмжлэгийн “бай” энэ удаад “Ford Motor” боллоо. Санхүүгийн хямралын хүнд үед төрийн дэмжлэг огт аваагүй тус компани 250 сая долларын зээлийн баталгааг Засгийн газраараа гаргуулахаар тохиролцжээ.

“Ford Motor”-ын Чикаго дахь үйлдвэрт очиж, ажил байдалтай нь танилцсан Б.Обама Америкийн автомашины үйлдвэрлэлийн гэрэлт ирээдүйд итгэж байгаагаа мэдэгдсэн юм. Гэвч тэр ирээдүйг аль болох хурдан даллахын тулд төрийн дэмжлэг хэрэгтэйг АНУ-ын Ерөнхийлөгч онцолжээ. Ингээд “Ford Motor” 250 сая долларын зээлдээ төрийн баталгаа гаргуулж авах эрхтэй болов.

Засгийн газрын дэмжлэгтэйгээр хөрөнгө төвлөрүүлснийхээ хүчээр тус компани Мексик, Канад зэрэг оронд гурван тэрбум долларын 200 мянган автомашин экспортлох боломжтой болох аж. Б.Обамагийн дээрх шийдвэр цагаа олсон тухай мэргэжилтнүүд хэлж байгааг Америкийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүд онцолж байна. Учир нь хямралаас өмнө байсан 2000 ажлын байраа сэргээх тухайгаа “Ford Motor” өнгөрсөн долоо хоногт мэдэгдсэн бөгөөд үүнд мэдээж нэлээд хэмжээний хөрөнгө шаардагдах юм.

Мөн сүүлийн үед Америкийн автомашины зах зээл сайжирч байгааг тэмдэглэх хэрэгтэй болов уу. Энэ оны эхний дөрвөн сарын байдлаар “Детройтын гурвал” хэмээн алдаршсан “Ford”, GM, “Chrysler” бүтээгдэхүүнийхээ экспортын хэмжээг өмнөх жилийнхээсээ 57 хувиар нэмэгдүүлж чаджээ. Гурван “акул” дотоодын зах зээлдээ ч мөн гаднын компаниудтай амжилттай өрсөлдөж байгаа аж. Өнгөрсөн зургадугаар сард Америк дахь “Toyota Motor”, “Honda Motor”-ын борлуулалт буурсан бол GM-ынх 6.4, “Ford Motor”-ынх 3.3, “Chrysler Group”-ийнх таван хувиар өсчээ.


Д.Чимэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.