Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Өөрийгөө “Чоно” хамтлагийн “Залуу нас” дуутай зүйрлэнэ

“Сарны нулимс”, “Тусгай салаа” зэрэг дэлгэцийн олон уран бүтээлийн дүрээрээ үзэгчдийн эчнээ танил жүжигчин А.Алтанхуягтай ярилцлаа. Тэрбээр “Cүлд” энтертайнментыг байгуулан “Үндэсний баялаг” бүрэн хэмжээний уран сайхны киног үзэгчдэд хүргэсэн билээ.

-Та “Сүлд” энтертайнмент байгуулсан. Ямар чиглэлээр ажилладаг юм бэ?

-2010 оноос хойш энэ энтертайнментаа байгуулаад ажиллаж байна. Баяр ёслол, арга хэмжээ зохион байгуулан хөтөлж ирсэн. Ингээд л киноны уран бүтээл рүү орлоо. Харин азаар байгууллагын тамга тэмдгээ авах үед ийм нэртэй аж ахуйн нэгж байгаагүй. Энэ нэр өөрөө их тэнгэрлэг юм л даа. Тийм ч болохоор миний ажил санасан зоргоор бүтдэг юм болов уу даа.

-Нээрээ ч үзэгчид өөрийн тань А.Алтанхуяг гэдэг нэрнээс илүү Сүлд гэж л мэдэх байх?

-Хүмүүс намайг Алтанхуяг гэхээсээ илүү Сүлд гэж л дууддаг болсон шүү дээ. Нэг бодлын сайхан л юм. Цааш цаашдаа “Сүлд” энтертайнментдаа олон уран бүтээл туурвиж, үзэгчдийн хүртээл болгохоор зорьж байна даа.

-Өнгөрсөн жил “Үндэсний баялаг” киног үзэгчдэд хүргэснээс хойш уран бүтээлээ хэсэг завсарлачихав уу даа?

-Тэглээ. Хэсэг завсарлага авчихаад байна. Гэхдээ хийхээр төлөвлөсөн ажлууд, шинэ санаа, киноны зохиол олон байна. Яг одоогийн санхүүгийн хямрал уран бүтээлч бидэнд ч нөлөөлж байна. Тэгэхээр хэсэг хугацаанд харзнан, хүлээж байна даа. Ирэх сонгуулиар иргэд маш зөв сонголт хийж, хэцүү цаг үеийн ард гарах байх гэж найдаж байна.

-Залуу уран бүтээлч бие дааж кино бүтээхэд хүндрэл их гарсан байх. Ямар бэрхшээлүүд тулгарсан бэ?

-“Үндэсний баялаг” миний бие дааж хийсэн анхны уран бүтээл. Залуу хүн болохоор яах аргагүй туршлага дутсан. Гэхдээ маш их хүссэн учраас мөрөөдлөө биелүүлэхийг хичээсэн. Их зориг гаргасан гэх үү дээ. Кино гэдэг хамтын бүтээл байдгийг сайн ойлгосон. Сайн баг бүрдүүлэх ёстой юм байна. Мөн кино бол бүх урлагийн нийлмэл гэдгийг ойлголоо. Зохиолоо бичих, найруулах, жүжигчдээ сонгох, киноны дууг зохиох, хэнээр дуулуулахаа шийдэх гээд бүх зүйл толгой дээр буудаг юм билээ. Алдаа, оноо бий. Гэхдээ би санаж бодсон, эмзэглэж явдаг зүйлээ л үзүүлэхийг хичээсэн. Эх орны минь хамгийн үнэт баялаг бол эхчүүд, эмэгтэйчүүд юм шүү гэдгийг хэлэхийг хүссэн. Үзэгчдэд жаахан ч гэсэн ухаарал хайрласан байх.

-Таны кинонд зодоон, тулаантай хэсэг олон гардаг юм билээ. Та тэр болгонд орлон тоглогч ашиглалгүйгээр тогложээ. Тулааны урлаг сонирхдог юм уу?

-Би өөрөө адал явдалт, тулаант кинонд дуртай. Залуу жүжигчин болохоор бүх зүйлийг сурч, өөрөө нэг бүрчлэн хийхийг хүсдэг. СУИС-д сурч байхдаа ч тайзны хөдөлгөөний хичээлд илүү сонирхолтой байлаа. Гардан болон хутга, сэлэмтэй тулаан гэх мэтчилэн арай гүнзгийрүүлж судалдаг байсан.

-Бие даасан уран бүтээлийн гараагаа адал явдалт кино хийж эхэллээ. Тэгвэл дараагийн бүтээл нь ямар төрлийнх байх бол?

-Дандаа адал явдалт кино хийгээд байх нь хаашаа ч юм. Кино инээд, нулимсыг хамт өгөх ёстой. Гол нь миний хийсэн киног үзээд үзэгчид кино театраас ямар нэг бодол тээж гараасай л гэж хүсдэг. Ингэхгүй бол тэр нь кино биш. Тэгэхээр бас л нийгэмд тулгамдаж буй асуудлыг хөндсөн, нэгийг ухааруулсан сэдэвтэй кино байна байх. Амьдрал баялаг шүү дээ. Сэдэв мундахгүй.

-Нэг хэсэг олон ангит киногоор үзэгчидтэй тасралтгүй уулзсан. “Сарны нулимс”, “Тусгай салаа” гээд л?

-Аль аль нь МҮОНТ-ийн бүтээл. Энэ уран бүтээлүүдээр л гараагаа эхэлсэн хүн шүү дээ. 2006 онд оюутан байхдаа “Сарны нулимс” кинонд тоглосон. МҮОНТ-ийн найруулагч Н.Байгаль эгчдээ маш их баярлаж явдаг. Намайг дэлгэцийн урлагт татаж оруулсан энэ хүнд баярлахгүй байх аргагүй.

-Багаасаа адуу малтай ойр өссөн гэж сонссон. Хаана төрж, өссөн юм бэ?

-Би Биокомбинатад өссөн. Гэхдээ л хотын зах, тосгон шүү дээ. Би X дунд сургууль төгссөн. Нээрээ манай сургуулийн 70 жилийн энэ онд тохиож байгаа. Энэ сургуулийг төгссөн үе үеийн төгсөгчид, багш нарт баярын мэнд дэвшүүлье. Би хотын төв рүү бараг орж ирж үзээгүй байсаар оюутан болсон шүү дээ (инээв). Манай хамаатных XI хороололд байлаа. Хүүхэд байхдаа тэднийд хааяа очдог байсан юм. Багшийн дээдийн буудал дээр автобуснаас буугаад л арай гэж нөгөө хамаатныхаа гэрийг олж очдог байлаа. Одоо бодоход Хятадын ЭСЯ-ны байраар багцаа авч явдаг байсан юм уу даа. Оюутан болоод л хоттой танилцсан. Хүмүүст ингэж хэлэхээр итгэдэггүй юм. Яагаад ч юм багаасаа л адуунд их хайртай байлаа. Байсхийгээд л хичээлээ таслаад ч хамаагүй адуу маллах гээд хөдөө айл руу явчихна.

-Яагаад жүжигчин мэргэжлийг сонгосон юм бэ?

-Их сонин байдлаар сонгосон. Угаасаа болох зүйл ч байсан юм уу. Тайлбарлаж мэддэггүй юм. Тавдугаар ангидаа сургуулийн урлагийн үзлэгт оролцож, Гавьяат жүжигчин Д.Батсүх агсны тоглолтын хэсгээс үзүүлсэн юм. Би сайн тоглосон ч юм уу, эсвэл багш нар өхөөрдөөд ч тэр үү түүнээс хойш бүгд намайг “жүжигчин” гэж дууддаг болчихсон. Ёстой л сургуулийн од болчихож байгаа юм. Багш нар “Алив, тэр жүжигчин асуугд” гээд л, би гэдэг хүн өөрийгөө жүжигчин гээд итгэчихсэн явж байлаа. Жүжигчин мэргэжил сонгоход ангийн багш минь их нөлөөлсөн. Аравдугаар анги төгсөхийн өмнөхөн намайг дагуулаад СУИС дээр ирж, “Энэ чиний орох сургууль” гээд танилцуулж байлаа. Элсэлтийн шалгалтаа өгөх үед тэнцээгүй хүүхдүүд уйлж, тэнцсэн хэд нь учиргүй баярлаад байхаар нь “Би их л чухал сургуульд тэнцчихэж” гэж дотроо бодож байв. 

Ёстой хүүхдээрээ байсан байгаа биз. Харин сургуульдаа орсны дараа мэргэжилдээ улам хайртай болж, урлагийн уурхай болсон энэ сургуулийг төгссөндөө баярлаж явдаг даа. Би 2008 онд Урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийнхаа удирдлаган дор сургуулиа төгссөн. Намайг хүмүүс жүжигчин гэж нэрлэж байгаа нь багшийн минь л гавьяа.

-Хэрвээ жүжигчин болоогүй бол?

-Ёстой мэдэхгүй юм. Аягүй бол адуучин болчихсон явж байгаа. Угаасаа л дуртай байсан юм чинь. Одоо ч адуунд хайртай. Морь уях хүсэлтэй.

-Та хувь тавиланд итгэдэг үү?

-Хүн хувь тавилангаа өөрөө бүтээдэг гэж боддог юм. Би авьяастай байсан гэхээсээ илүү амьдрал үзэж өссөн. Одоо энэ бүхнийг бодохоор сайхан, дурсамжтай санагддаг. Хүнээс үг сонсож чаддаг, тэвчээртэй болгосонд баярладаг.

-Цэргийн алба хаасан уу?

-Хаагаагүй ээ.

-Гэхдээ “Тусгай салаа”, “Үндэсний баялаг” киноны зургийг цэргийн ангид авахуулсан болохоор гадарладаг болсон биз дээ?

-Тэгэлгүй яах вэ. “Тусгай салаа” киноны зургийг 013 дугаар ангид таван сар байрлаж авахуулсан. “Тусгай салаа-2” киноны үеэр 084 дүгээр ангид сар гаруй амьдарсан. Цэргийн ангиудад очиж, тоглолт ч хийж байлаа. Хагас жил цэргийн хуаранд амьдарсан хүн зах зухаас нь гадарлалгүй яах вэ. Яагаад ч юм цэргийн анги, зэвсэгт хүчин гэхээр нэг л элгэмсэг санагддаг шүү.

-Тэ хэр уран сэтгэмжтэй хүн бэ?

-Би чинь реалист хүн шүү дээ (инээв). Үнэнд ойрхон зүйлд л их дуртай. Орчлонгоос тасарсан зүйл мөрөөдөж, сэтгэх дургүй. Амьдралын хатуу, хөтүүг үзэж өссөн болохоор тэр байх даа.

-Гэхдээ мөрөөддөг биз дээ?

-Мөрөөднө. Мөрөөдөлгүй хүн далавчгүй шувуутай адил шүү дээ. Гэхдээ түрүүн хэлсэн шиг амьдралаас тасарчихсан юм мөрөөдөхгүй.

-Яг одоо юу мөрөөдөж байна вэ?

-Сайхан ханьтай, хөөрхөн хүүхэдтэй болохыг мөрөөдөж байна. Нэг л сайхан налайж амьдрахыг хүсэж байна.

-Найз бүсгүйтэй юү?

-Байхгүй. Хоёр жил хамт байсан бүсгүйгээсээ саяхан салчихсан. Болохгүй зүйл болдоггүй л юм байна. Яагаад ч юм би хайр дурлалд одгүй хүн шиг санагддаг.

-Ирээдүйн эхнэрээ ямар хүн байгаасай гэж төсөөлдөг вэ?

-Намайг ядарч зүдэрсэн үед ч хамт байж, хань болох хүн байгаасай гэж хүсдэг. Атга гурил, үмх махтай байсан ч хуваагаад идэх сэтгэлийн тэнхээтэй бүсгүй байгаасай. Ээж минь ч “Миний хүү сайхныг биш, сайныг сонгоорой” гэж захидаг.

-Анхны болзооныхоо тухай яриач. Хаана болзож, юу хийж байв?

-Тавдугаар ангидаа анх болзсон (инээв). Ангийнхаа охинтой болзож байлаа. Ангийнхан биднийг холбож шоолоод байхаар нь бид бие биедээ сайн гээд итгэчихсэн. Манай Биокомбинат чинь тэр чигтээ л сайхан байгальтай шүү дээ. Голын эргээр найз охиноо хөтлөөд алхсан санагдана.

-Олны танил, ганц бие залууг сонирхож шохоорхдог бүсгүйчүүд байдаг л байх. Бүсгүйчүүд болзоонд урьж байв уу?

-Хамт хоол идье, кино үзье гэдэг л юм.

-Тэгээд урилгыг нь хүлээж авдаг уу?

-Авна шүү. Эмэгтэй хүн зориг гаргаад урьж байхад очилгүй яах вэ. Гэхдээ уулзаад сэтгэл хөдлөхгүй, таалагдахгүй бол шууд хэлчихдэг.

-Та дууны уран бүтээл хийж байгаад яагаад больчихсон юм бэ?

-Болих ч гэж дээ. Ухамсарласан гэх үү дээ (инээв). Мэргэжлийн дуучин биш ч гэлээ дутахгүй л дуулчихна. Гэхдээ хүн нэг зүйлээ л дагнаж хийх нь зүгээр юм шиг санагдаад больчихсон.

-Дуу дурсамж сэргээдэг гэдэг шүү дээ. Сонсохоор дурсамж сэргэдэг дуу бий биз дээ?

-Байлгүй яах вэ. Дуучин Чойжоогийн “Хүрч чадахгүй” гэж дуу байдаг шүү дээ. Тэрийг сонсохоор найз бүсгүйгээ санадаг. Дурсамж болоод л үлдэж дээ.

-Та өөрийгөө ямар нэг дуутай зүйрлэвэл?

-“Чоно” хамтлагийн “Залуу нас” дуутай зүйрлэнэ.

-Жүжигчин хүн юм чинь кино үзэх дуртай байх. Ямар киноны ямар хэсэгт дуртай вэ?

-“Баруун этгээдэд зорчсон тэмдэглэл” кинонд хүүхэд байхаасаа л дуртай байлаа. “Титаник”-т дуртай. Бас “Сувдан эрэг” киноны төгсгөлийн хэсэгт их дуртай. О.Бат-Өлзий ахын найруулсан “Зүрхэнд шивнэсэн үг” киноны жаахан охин аавдаа “Мөн ч их хүлээсэн дээ гэж ээж хэлээрэй гэсэн юм” гэж хэлээд буцаад гүйдэг хэсэгт дуртай. Үзэх болгонд гоё мэдрэмж төрдөг.

-Таны амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр юу байв?

-Жүжигчин мэргэжил эзэмшсэн маань л миний гаргасан хамгийн зөв шийдвэр байх. Мэргэжлээ зөв сонгох нь туулах амьдралдаа хийх бүх сонголтын хамгийн чухал нь. Хэрэв эхнэртэй байсан бол түүн рүүгээ харж байгаад л “Миний хамгийн зөв сонголт энэ” гэж хэлэх байлаа (инээв).

-Амьдралдаа эрсдэлтэй алхам хэр хийж байсан бэ?

-Үе үе хийчихдэг шүү. Би тийм аймхай хүн биш. “Үндэсний баялаг” киног хийхийн тулд машин тэргээс авахуулаад өөрт байсан бүх зүйлээ зарж, хүнээс ч их хэмжээний мөнгө зээлсэн. Амьдралаараа дэнчин тавьсан шүү дээ. Энэ чинь эрсдэлтэй алхам биз дээ. Би ер нь гэнэтийн адал явдалд дуртай.

-Адал явдалд дуртай юм чинь “галзуу” үйлдэл хийсэн л байж таарна. Хийсэн хамгийн солиотой зүйлийнхээ тухай яриач?

-Би оюутан байхдаа орцонд их хонодог байлаа. Хүмүүст “галзуу” юм шиг сонсогдож магадгүй л дээ. Сургуулилалт хийж байтал нэг мэдэхэд л шөнө болчихно. Гэр хол болохоор явахад хэцүү, ангийнхаа хүүхдүүдийнд очиж хонох хэцүү. Тэгээд л сургуулийнхаа ойролцоох байрны орцонд хоночихдог байсан юм. Хичээлээ таслахгүйн тулд орцонд хонохыг юман чинээ тоодоггүй, сэтгэлийн тэнхээтэй байжээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.