Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Оросууд банк залилах гэж компани байгуулав уу

Банкнаас их хэмжээний зээл авч түүнийгээ төлөлгүй “луу унжин”, өөрийгөө ч, өрөөлийг ч хүнд байдалд оруулдаг эрүүл биш үзэгдэл манай нийгэмд бий болсон. “Монгол газар” компани л гэхэд Олон овоотын алтны уурхайн тусгай зөвшөөрлийг “Анод”, “Зоос” банкинд барьцаалж, түүнийгээ төлөхгүй байсаар дээрх хоёр банкийг санхүүгийн хүндрэлд оруулж, төр мэдэлдээ авахад хүргэсэн гэж олон хүн хэлдэг.

Үүнтэй адил тохиолдол манайд гараад өдгөө хэл ам, хэрүүл тэмцэлдээ тулаад байгааг тэр бүр мэдээгүй байгаа бололтой. Энэ талаар баримтаар өгүүлье. Хуучнаар “Тээвэр хөгжлийн”, одоогийн “Транс” банктай холбоотой энэ асуудал өдгөө хууль хяналтын байгууллагад шалгуулж байгаа гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн юм.

Тус банкны гүйцэтгэх захирлын албыг хашиж байсан ОХУ-ын иргэн А.Е.Новожилов банкны ТУЗийн зөвшөөрөлгүйгээр Монгол, Оросын хамтарсан “Говь-Урал” гэх компанид 1.2 тэрбум төгрөгийн зээл олгосноос энэ маргаан эхэлжээ. “Говь-Урал” гэх компанийг Тавантолгойн орд газрын хувьцааг эзэмшигч “Тавантолгой транс” компанийн 50 хувь буюу 5000 доллар, ОХУ-ын иргэн К.Д.Романовский, манай улсын иргэн М.Буяннэмэх нарын тус бүр 25 хувь болон 2500 долларын хөрөнгө оруулалттайгаар 2006 оны гуравдугаар сард байгуулсан аж.

Тухайн үеийн Гадаадын хөрөнгө оруулалт, гадаад худалдааны агентлагаас гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжийн гэрчилгээгээ ч бас авсан байна. Ингээд тус компани 2007 оны арванхоёр, 2008 оны нэг, гурав, зургаа, наймдугаар сард “Транс” банкнаас нийтдээ 1.2 тэрбум төгрөг зээлж авсан аж.

Ингэхдээ автомашин, тоног төхөөрөмж, төмөр зам, барилга байгууламж, ОХУ-ын иргэн К.Д.Романовскийн худалдан авсан “Тавантолгой” хувьцаат компанийн 11660 ширхэг хувьцаа зэргийг барьцаалжээ. Ингээд зээлийн эргэн төлөх хугацаа ч дуусаж банкныхан нөгөөх компаниас хөрөнгөө гаргуулахаар хөөцөлдөж эхлэхэд зээлдүүлэгч нарын “хорхойг хөдөлгөөд” байсан Тавантолгойнхон “Говь-Урал” компаниас 50 хувийн хөрөнгөө, иргэн К.Д.Романовский ч хувьцаагаа “Тавантолгой транс”-т зараад хамтарсан компаниас гарчихсан байж. Эндээс харахад зохиомол хуулийн этгээд байгуулж зээл авчихаад алга болсон гэж үзэхэд болохоор.

Ингээд өр зээлээ төлөхгүй “луу унжаад” байгаа “Говь-Урал”-д хэн зээл өгсөн бэ гэсэн асуудал банкныхан дунд гарч ирж. Шалгатал гүйцэтгэх захирал асан А.Е.Новожилов дур мэдэн ТУЗ-ийн зөвшөөрөлгүйгээр 1.2 тэрбумын зээл олгосон гэдгийг холбогдох байгууллагынхан тогтоосон аж. А.Е.Новожилов энэ талаар “К.Д.Романовский бол ОХУ-ын “Судостройтельный” банкны захирлын найз.

Тиймээс түүнд бид зээл олгосон” гэж тайлбарлаж байж. Харин бидэнд олдсон мэдээллээр А.Е.Новожилов болон “Транс” банкны ТУЗийн гишүүн Арман гэдэг швейцарь эр ОХУын “Судостройтельный” банкинд ажиллаж байгаад Монгол руу томилогдсон хүмүүс аж.

Ингээд тэд дураараа дургиж “Транс” банкинд мөнгөө хадгалуулсан монголчуудын хадгаламжийн хэдэн төгрөгийг нааш цааш нь болгож эхэлсэн байна. Тэдний нэг нь дээр өгүүлсэн “Тавантолгой транс”-ын хөрөнгө оруулалттай “Говь-Урал” гэх компанийн авсан 1.2 тэрбум төгрөгийн зээл. “Тавантолгой транс”-ынхан өдгөө банкнаас 11660 ширхэг хувьцаагаа чөлөөлүүлэхээр хөөцөлдөж байгаа юм байна.

Хамгийн сонирхолтой нь “Тавантолгой транс”-ынхан болон ОХУ-ын иргэн К.Д.Романовский нар яг зээл төлөх болохоороо буюу 2008 оны арванхоёрдугаар сард “Говь-Урал”-ын нэгдлээс гарсан байна. Энэ тухайгаа “Транс” банкныханд мэдэгдээгүй бөгөөд саяхан Гадаадын хөрөнгө оруулалтын газрынхан л банкныханд мэдэгдсэн аж.

Эндээс харахад ОХУ-ын иргэн А.Е.Новожилов, К.Д.Романовский нар монголчуудын мөнгөн хадгаламжаар “тоглож”, үүнд монголчууд ч оролцож “Транс” банк болон тэдний хадгаламж эзэмшигчдийг хохироож байна гэхэд хилсдэхгүй нь.

Г.Равжаа

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.