Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ерөнхий сайд Монголд элгэмсэг Сүзүки Мүнэог хүлээн авч уулзлаа

 “Монголд япон машин олон байгааг харахад таатай байлаа” гэж Японы парламентын төлөөлөгчдийн танхимын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Сүзүки Мүнэо Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзахдаа хэлэхэд Ерөнхий сайд “Энэ бол манай улс Японыг хэрхэн дэмждэгийн илэрхийлэл” хэмээгээд түүнийг уулзалтын ширээнд урилаа.

Сүзүки Мүнэо нь 1991 онд Японы Гадаад харилцааны сайд байхдаа манай улсад албан ёсоор анх удаа ирснээс хойш хэд хэдэн удаа айлчилсан. Японы парламентын төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн гишүүний хувьд Монголоос очсон төлөөлөгчдийг хүлээж авч уулздаг. Монголын ардчилал, шинэчлэлийг Японд болон олон улсын хүрээнд дэмжүүлэх чиглэлээр идэвхтэй ажиллаж ирсэн түүнд Ерөнхий сайд С.Батболд талархал илэрхийллээ.

Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр байгуулах нь хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах угтвар нөхцөл болно гэдгийг онцоллоо. Мөн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих Япон улсын Засгийн газрын хоёр үе шаттай зээлийг үргэлжлүүлэх асуудлыг шийдвэрлээд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Өнгөрсөн дөрөвдүгээр сард Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаас шийдвэр гаргаж Японы иргэд Монголд визгүй зорчих эрхтэй болсон.

Манай улсын иргэдийг Японд зорчиход визийн ийм хөнгөлөлт үзүүлэхэд мөн дэмжлэг үзүүлэхийг хүссэн юм. Ноён Сүзүки Мүнэо нь өөрийн сонгуулийн тойрог болох Хоккайдогоос хувийн зардлаар 1992-1994 онуудад тус бүр таван тн элсэн чихэр, цагаан будаа, масло, гурил зэрэг хүнсний зүйл цуглуулж манай улсад бэлэг болгон илгээж байжээ.

Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар дөрөвдүгээр цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэх, хөдөө орон нутгийг дизель цахилгаан станцаар хангах зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн, монгол найз нөхөд олонтой эрхэм юм. Уулзалтад УИХ-ын гишүүн, УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга З.Энхболд, Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Кидокоро нар байлцлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.