Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ЗБИГНЕВ БЖЕЗИНСКИ: Монгол Евразийн гол “тоглогчдын” нэг байх бүрэн боломжтой

БЖЕЗИНСКИ МОНГОЛД ИРЛЭЭ
Энэ хүнийг Америкийн улс төр судлаач, шүүмжлэгч, “Шатрын их хөлөг: Америкийн байр суурь ба геостратегийн амин чухал бодлого” (The Grand Chessboard: American primacy and it’s geostrategic imperatives) номын зохиогч, доктор Збигнев Казимеж Бжезински гэвэл эрхэм уншигч андахгүй таних билээ.

“Евразийг хянасан улс орон дэлхийг удирдана” гэсэн геополитикийн онолыг баримтлагч тэрбээр энэ сарын 9-нд Гадаад харилцааны яаманд “Еврази дахь АНУ-ын гадаад бодлого” сэдвээр лекц уншихаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдын урилгаар хүрэлцэн ирэв. Монголын улс төр, дипломат хүрээнийхэн төдийгүй олон улсын харилцааг сонирхогч иргэдийн хувьд З.Бжезински манай оронд ирсэн үйл явдал онцгой сэтгэгдэл төрүүлж, басхүү анхаарал татаж байна.

Зөвлөлт Холбоот Улс задрах хийгээд Европ тив нэгдэх түүхэн үйл явцуудыг 1980-аад онд урьдчилан өгүүлсэн судалгаа, шинжилгээний бүтээлүүдээрээ тэрбээр дэлхийн геополитикийн томоохон сэтгэгчдийн тоонд зүй ёсоор багтдаг. Түүнчлэн хүйтэн дайны оргил үест АНУ, ЗСБНХУ-ын хооронд стратегийн зэвсэглэлийг хязгаарлах гэрээг байгуулах, АНУ, БНХАУ-ын харилцааг сэргээхэд чухал үүрэг гүйцэтгэсэн Америкийн төрийн зүтгэлтэн юм. Зөвлөлтийн үед З.Бжезинскийг социалист системийнхэн, ”Коммунизмын эсрэг ерөнхий стратегич”, “Зөвлөлтийн эсрэг үзэлтэн” хэмээн буруушаадаг байлаа. Харин хүйтэн дайны мөс хайлсан энэ цаг үед манай хойд хөршийн судлаачид түүнд “Америкийг дэлхийн цор ганц ноён хэмээн үздэг бөгөөд өөр бусад улс орон энэ дүрээс хуваалцахыг эсэргүүцэгч” гэсэн тодорхойлолтыг өгдөг.

Польш гаралтай З.Бжезински 1950-иад оны үед Америкийн иргэн болж улс төрийн шинжлэх ухааны карьераа эхэлжээ. Харвардын их сургуульд 1953 онд докторын зэрэг хамгаалж, Харвард, Колумбын их сургуулиудад багшилж байгаад 1960-аад оны дундуур Цагаан ордонд шилжин ирж, АНУ-ын Ерөнхийлөгч агсан Ж.Кеннедийн үеэс Төрийн департаментад ажиллах болсон байна.

1976-1981 онд Ерөнхийлөгч Ж.Картерын Үндэсний аюулгүй байдлын зөвлөхийн албан тушаалыг хашсан бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгчийн Эрх чөлөөний одонгоор шагнуулжээ. НАТО-г дорно зүгт тэлэх Ерөнхийлөгч Билл Клинтоны бодлогын автор нь ч З.Бжезински байдаг.

Доктор З.Бжезински одоо АНУ-ын Стратегийн болон олон улсын судалгааны төвийн зөвлөхөөр ажиллаж байна. 1987 онд БНМАУ, АНУын хооронд дипломат харилцаа тогтооход учирсан саад бэрхшээлийг арилгахад З.Бжезински чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг Ерөнхий сайд С.Батболд лекцийг нээхдээ онцоллоо. Доктор Бжезински Монголд ирэх эртний хүслээ дипломатч мэргэжилтэй Ерөнхий сайдын урилгаар биелүүлж байна.

Өдгөө 82 насыг зооглоод буй Збигнев Бжезинскийн хувьд өөрийнх нь нэрийн өмнө хэлэгддэг “дэлхийн геополитикийн том сэтгэгч” гэх алдар тийм ч сонин биш болжээ.

Түүний лекцийг сонссон Монголын нэгэн судлаач эрхэм лекторт дээрх гуншинг нь сануулахад “Надтай хамт Монголд ирсэн эхнэр маань л таны магтаалыг сонссон байгаасай” хэмээн хошигнов.

“ГЕОПОЛИТИКИЙН ЗӨРЧИЛ ДУУССАН”

“Монголчуудын улс төр, дипломат бодлогын уламжлал хийгээд туршлага бишрэм. Монгол Улс ардчилсан нийгэм, зах зээлийн эдийн засгийг хөгжүүлэх, хүний эрхийг хамгаалах талаар ардчиллыг шинээр болон сэргээн тогтоосон Евразийн бусад улс орнуудтай харьцуулахад амжилтад хүрсэн. Ардчиллыг тогтвортой хөгжүүлж, тусгаар тогтнолоо улам баталгаажуулж байгаа Монгол Улсын сүүлийн 20 жилийн үйл явцыг ажиглахад монголчуудын ур ухааныг биширч байна. Танай түүх олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн” гэж З.Бжезински тэмдэглээд “Еврази дахь АНУ-ын гадаад бодлого” лекцээ эхэллээ.

Еврази дахь АНУ-ын гадаад бодлогыг тэрбээр хугацааны хувьд гурван үе шатад, агуулгын хувьд улс төр, эдийн засгийн хэмээн хувааж үзсэн байна. Дэлхийн хоёрдугаар дайны дараах үе, хүйтэн дайны дараах үеийг туулсан өнөөгийн АНУын Еврази дахь гадаад бодлого ЗХУ задарсан буюу 1990 оноос хойш хөгжлийн гурав дахь шатандаа шилжжээ.

“Еврази дахь геополитикийн зөрчил дууссан. Евразийг хянахын төлөө Америк, Зөвлөлт хоёр дайсагнаж байсан шиг зөрчилдөхийг их гүрнүүдийн аль нь ч одоо хүсэхгүй. АНУын одоогийн засаг захиргаа шийдвэрийг дангаар биш, тухайн асуудалд хамаарагч тал бүрийн байр суурийг харгалзаж гаргах зарчмыг баримталж байна” гэж З.Бжезински хэлэв. Эдийн засгийн хувьд асар хүчирхэгжиж буй БНХАУ-ын тухайд түүний юу хэлэхийг лекцийн танхим тандаж байлаа.

“Хятад эдийн засгийн хөгжлөөрөө дэлхийн хоёр дахь хүчирхэг гүрний хувьд Евразид идэвхтэй гадаад бодлого явуулж байгаа. АНУ Хятадтай нягт хамтын ажиллагаа хөгжүүлж байна. Түүнчлэн Хятадаас эдийн засгийн хамаарал бүхий орнуудтай олон улсын хууль, эрх зүйн дүрмийн хүрээнд аль болох харилцаагаа өргөжүүлэхийг чармайдаг” гэлээ.

“ОХУ-ын одоогийн засаг захиргааны бодлого Европын холбоотой бүх талаараа харилцаагаа өргөжүүлж, улам ойртох чиг баримжаатай болсон. Хэрэв энэ чиг шугам цаашид тууштай бөгөөд илүү идэвхтэй хөгжвөл Монгол Улс Европтой хил залгах цаг ирнэ” гэж З.Бжезински дүгнэв. “Монгол Улс өмнөд хөрш Хятадтай эдийн засгийн харилцааг түлхүү хөгжүүлж байгаа бол, хойд хөрш Оростой улс төрийн түүхэн харилцаатай.

Монголын хувьд хоёрхон улстай хиллэдэг газар зүйн байрлалаас үл хамааран бүс нутгийн хамтын ажиллагаанд оролцож Евразийн гол “тоглогчдын” нэг болох бүрэн боломжтой. Монгол Улс Зүүн Хойд Азийн бүс нутгийн аюулгүй байдал, хамтын ажиллагааг бэхжүүлэхийн төлөө идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг.

Цаашид энэ бодлогоо агуулгын хувьд улам баяжуулахын тулд гадаад бодлогоо улс төр, эдийн засаг, нийгэм, хүний эрхийг хамгаалах талаар төрөлжүүлэх, нэгтгэх, бүс нутгийн интеграцчлалд оролцоогоо нэмэгдүүлэх шаардлагатай” гэж З.Бжезински үзэв.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг (ШХАБ) З.Бжезински “цаасан дээрх байгууллага” хэмээн нэрлээд цаашид институтын хэлбэрээ улам боловсронгуй болгож, гишүүн орнуудынхаа харилцааг салбар тус бүрээр илүү баяжуулж өгвөл тус бүс нутгийн аюулгүй байдал, ялангуяа Монгол Улсын гадаад аюулгүй орчин баталгаажихад чухал үүрэг гүйцэтгэх болно. ШХАБ-д нэг улс давамгайлах байр суурийн эсрэг хандлагыг тогтоох хэрэгтэй. Орос, Хятадын аль нь ч бүс нутагт ноёрхох бодолгүй гэдэгт найдаж байна гэлээ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.