Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Э.Мөнх-Эрдэнэ: Оосор бүрт хүний сэтгэл шингэсэн байдаг учраас би бүгдэд нь хайртай

“Харахад жижигхэн хэр нь агуу түүх өгүүлдэг зүйл бий” гэж ярих Э.Мөнх-Эрдэнэ түлхүүрийн оосор цуглуулдаг нэгэн. Түүний хэлсэнчлэн цуглуулга бүр нь өөрийн утга учир, нууцтай гэсэн. Хас банкинд хуульчаар ажилладаг түүний цуглуулгынх нь талаар цөөн хором ярилцлаа.

-Та яагаад түлхүүрийн оосор цуглуулах болов. Хамгийн анх олж авсан оосор ямар түүх өгүүлэх бол?
-Гадаад явж байгаа ах, эгч нар маань миний чемоданыг авч явдаг байлаа. Би чемоданыхаа түлхүүрийг оосортой нь өгөөд явуулахад эргээд надад оосор “дагуул”-тай ирдэг болсон. Ингэсээр байгаад алба гувчуур мэт болж, бичигдээгүй хууль тогтож, бүхэл бүтэн цуглуулгын эх үүсвэртэй болсон доо. Цуглуулгын анхных нь гэвэл, өхөөрдөм Винни Пүүхийн дүрстэй, резинэн оосор. Миний яриад байсан чемоданы минь түлхүүрийн оосор л доо. Винни маань араасаа олон “дүү” дагуулж, 20 гаруй орноор аялсан.
-Цуглуулгад тань одоо хэчнээн оосор байна вэ?
-Би зургадугаар ангиасаа одоог хүртэл цуглуулж байна. Цуглуулгыг тоолдоггүй юм. Хэрвээ нэг тоолчихвол бага багаар хорогдсоор тараад алга болчихдог гэж сонссон. Гэхдээ барагцаалбал 100 гаруй бий.
-Түлхүүрийн оосор цуглуулах ач холбогдол нь юу гэж боддог вэ?
-Түлхүүрийн оосор үнэтэй цуглуулгын тоонд орохгүй ч ач холбогдлын хувьд ямар ч цуглуулгаас дутахгүй гэж би ойлгодог. Учир нь аль нэгэн улсад аялж буй хүн заавал ямар нэг зүйл авдаг. Түлхүүрийн оосор жижиг авсаархан байдаг болохоор хүмүүс илүүтэй сонгодог юм билээ. Түүн дээр улс орнуудын соёлын үнэт зүйлсийг дуурайлган хийдэг. Тиймээс дэлхийн соёлын талаар таниулах ач холбогдол нь зүйрлэшгүй. Харин манай оосрын хувьд арьсан материалаар урлах нь элбэг. Гэхдээ жуулчдын хамгийн их очдог Сүхбаатарын талбай, Чингис хааны хөшөө, Төрийн ордон гэх мэт чухал газруудын дүрс, зурагтай нь огт байдаггүй. Энэ л хамгийн харамсалтай санагддаг даа. Уг нь эх нутгийнхаа түүх, соёлын дурсгалт газар болон эд өлгийн зүйлсийг дүрсэлдэг байвал зүгээр шүү дээ.
-Таны хамгийн хайртай оосор аль нь вэ. Цуглуулгыг тань монгол мөнгөөр үнэлбэл хэд орчим төгрөг болох бол?
-Ихэнх нь сэтгэлийн бэлэг учраас би үнийг нь асуудаггүй. Гэхдээ тус бүр хоёр долларын үнэтэй гээд барагцаалбал 200.000 төгрөгийн үнэтэй байх. Сэтгэлийн эерэг энерги шингэсэн болохоор оосрууддаа би
хайртай. Ховор содон нь гэвэл очир эрдэнийн чулуу ургадаг үүр, зандан модоор хийсэн анхилуун үнэртэй хоёр төрлийн оосор, зааны ясаар урласан заан, цэвэр мөнгөөр хийсэн Австралийн үүрэн телефоны байгууллага болох Алкатэл брэндийн логотой оосор гэх мэт нэрлэж болно.
-Та цуглуулгаа хэрхэн арчилдаг вэ. Мөн яг одоо таны түлхүүрт зүүсэн оосрыг сонирхож болох уу?
-Цуглуулгаа материалаар нь ангилж, савладаг. Уг нь тусгай булан гаргаад нэг нэгээр нь өлгөчихвөл удаан эдэлгээтэй байдаг гэсэн. Бага байхдаа өдөр болгон шахуу сольж, хэрэглэдэг байлаа. Одоо бол
харин хэрэглэхээсээ илүү зөв хадгалахад анхаардаг болсон. Эхнэр бид хоёр хосын хэрэглээ болсон ижил оосор хэрэглэдэг. Одоо ч гэсэн тэр.
-Таниас өөр ийм цуглуулагчтай таарч байв уу. Оосроо солих санал тавьбал та зөвшөөрөх үү?
-Дэлхийн түлхүүрийн оосор цуглуулагчдын холбоо гэж байдаг юм билээ. Холбооны гишүүд нь зөвхөн
нэг төрлөөр дагнадаг бөгөөд 1:1 гэсэн харьцаагаар солилцоо хийдэг гэсэн. Өөрөөр хэлбэл, нэгийг нэгээр гэсэн үг. Дэлхийн амжилтын хувьд 5000 түлхүүрийн оосортой цуглуулагч бий гэж сонссон. Мэдээж яг энэ дүрмээр солих бол дургүйцэх зүйлгүй шүү дээ. Харин Монголдоо ийм төрлийн цуглуулгатай хүнтэй
таарч байгаагүй.

О.ЦЭНГЭЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.