Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Кабулд тусламж яригдаж, авлигын асуудал сөхөгдөж байна

Афганистанд хандивлагч орнуудын олон улсын IX бага хурал өчигдөр Кабулд эхэллээ. 2001 оноос хойш анх удаа Афганистанд болж буй энэхүү томоохон хэмжээний бага хуралд дэлхийн 70 орон, Олон улсын байгууллагын төлөөлөгчид оролцож байна.
Бага хурлыг ажиглагчид “түүхэн” хэмээн онцолж байгаа. Уг Бага хурал Афганистанд талибуудын халдлага дайралт нэмэгдэж буй үед болж байгаагаараа бас онцлог юм. Өнгөрсөн сарын эхээр талибууд Афганистаны омгийн ахлагчдын уламжлалт уулзалтжиргагийн хуралдааныг тасалдуулах гэж оролдсон.
Мөн Ерөнхийлөгч Карзайг их сургуулийн ойролцоо газарт үг хэлж байхад 1500 гаруй хүн цугласан нэг танхимд хэд хэдэн пуужингийн сум дэлбэрсэн хэрэг гарсан. Афганистан дахь олон улсын хүчний цэргийнхний эсрэг халдлага бараг өдөр өнжихгүй байгаа.
Бага хуралд гадаад хэргийн олон сайд, түүний дотор АНУ-ын Төрийн департаментын тэргүүн Хиллари Клинтон оролцож байна. Эдгээр хүмүүс Хамид Карзайн засаг захиргааны авлигатай тэмцэх болон аюулгүй байдлыг бэхжүүлэх, улс орондоо хийсэн өөрчлөлт, шинэчлэлтэд үнэлэлт, дүгнэлт өгнө.
Х.Клинтон Бага хурал эхлэхээс өмнө Афганы Ерөнхийлөгч болон Афганистан дахь НАТО-гийн цэргийн командлагч, генерал Дэвид Петрэус нартай жич уулзжээ. АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Пакистанаас Кабулд ирсэн. Тэрбээр Исламабадад томоохон тусламж үзүүлэхээ амласан юм.
Бага хурлыг Афганы Ерөнхийлөгч Хамид Карзай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун нар даргалж байна. Үйл ажиллагааны тодорхой төлөвлөгөө, нэн ялангуяа авлигатай тэмцэх чиглэлээр юу хийж байгаа тухайгаа танилцуулахыг Дэлхийн хамтын нийгэмлэгийн тэргүүн Ерөнхийлөгч Хамид Карзайгаас шаарджээ.
Афганы эрх баригчид тухайлбал удирдлагын арга барилыг боловсронгуй болгох, хүний эрхийг баталгаажуулах, санхүүгийн урсгалыг үр дүнтэй ашиглах талаарх өргөн цар хүрээтэй алхмаа Кабулын бага хуралд оролцогчдод танилцуулах ёстой. Энэчлэн арми, цагдаагийн бүрэлдэхүүнийг нэмэгдүүлж, тэдний эгнээг нийгэмшсэн зэвсэгт дайчдаар өргөжүүлэх талаар ямар ажил хийснээ ч мөн ”тайлагнах” юм.
Афганы эрх баригчид хариуд нь тус улсыг чиглэж буй хандивын мөнгөний 50 хувийг өөрсдөө хянадаг болохыг Дэлхийн хамтын нийгэмлэгээс хүсчээ. Яг одоогоор хандивын мөнгөний 20 хувийг л Афганы эрх баригчид хянаж буй юм. Гэхдээ тэдний энэхүү хүсэлт биелэх нь юу л бол, яагаад гэвэл Карзайн засаг захиргааг авлигын хэл ам ямагт дагалдсаар байгаа юм гэж Бага хурлын үйл ажиллагааг сурвалжилж буй ВВС-гийн сурвалжлагчид бичиж байна.
Тухайлбал, хандивын мөнгийг Арабын Нэгдсэн Эмиратад харш барихад зарцуулсан тухай мэдээ тархсаны дараа АНУ уурлан хилэгнэж байгаагаа нуугаагүй. Кабулын гудамжнуудад аюулгүй байдлыг мэдэгдэхүйц чангатгасан тухай ВВС мэдээллээ. Нийслэлд олон шалган нэвтрүүлэх цэг шинээр нээжээ.
Афганистаны асуудлаар тус улсад цэргээ илгээсэн хийгээд сэргээн босголтод хөрөнгө мөнгө гаргаж буй улс орнуудын хооронд санал зөрөлдөөн байдаг. Гэхдээ Афганистаны сэргээн босгох ажиллагаанд Дэлхийн хамтын нийгэмлэг идэвхтэй оролцож байгаад Кабулын Бага хурлын гол ач холбогдол оршиж буйг ажиглагчид санал нэгтэй тэмдэглэж байна.

Б. БУЯНЦОГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.