Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

П.Батчимэг: Амралтаа авангуутаа л майхнаа үүрээд голын эрэг рүү явдаг

“Нэг залуутай уулзлаа. Их гоё хар шилээр гангарах юм. Тэгсэн 58 настай гэж өөрийгөө танилцуулж, гайхуулав. Энэ бол “Инээмсэглэл” хамтлагийн аргил гитарчин П.Батчимэг байлаа” гэж тэмдэглэлийн дэвтэртээ биччихсэн байснаа сая олж харлаа. Үнэндээ П.Батчимэг ах наснаасаа дэндүү залуу харагддаг юм билээ. Анх “Инээмсэглэл” хамтлагийн 30 жилийн ойд зориулсан тоглолтын өмнө түүнтэй “Нью Стар” студи дээр нүүр тулан уулзаж байлаа. Хар нүдний шил нь нүднийх нь эргэн тойрны үрчлээг “нуучихсан” учраас тэр үед 30 гаруй настай залуу шиг харагдаж байсан. Харин манай редакцид зочлохдоо хар шилгүй байсан ч хөнгөн алхаа, цэх нуруугаараа “залуу” шинжийг илэрхийлж байсан шүү.

-Б.Долгион ахын урилгаар хамтлагтаа ирсэн гэл үү?

-“Инээмсэглэл” хамтлагийн аргил гитарчин Д.Баатар ажлын шалтгаанаар хамтлагтаа тоглох боломжгүй болж, Б.Долгион надад санал тавьснаар энэ хамтлагт орсон. 1978-1981 онд хөгжимчнөөр тоглож байгаад мөн ажлын шалтгаанаар нөхдөөсөө уучлалт гуйгаад тайзаа орхиж байлаа.

-Өнгөрсөн хавар цомгийн бичлэг, тоглолт гээд ачаалал ихтэй байв уу?
-Цомгийн бичлэг, тоглолт гээд гурван сарын турш урлагаар амьсгалж, сайхан л байлаа. Амьдралд ховорхон тохиох аз жаргалтай мөчийн нэг.

-Амьдралаас аз жаргал мэдрэх сайхан. Хүний амьдралд хэзээ ч мартагдахгүй жаргалтай үе олон. Та тэр мөчүүдээсээ дурсвал…
-Амьдрал баялаг учраас тийм үе олон тохиож байлаа. Би хөгжимчнөөс гадна сагсан бөмбөгийн тамирчин. Спортын мастер цолтой. Урлаг, спортын аль алинаас нь аз жаргал мэдэрч байлаа. Түүнээс гадна анх хүнд дурлаж, гэр бүлтэй, охинтой болсон маань хамгийн том баяр байсан. Дараа нь зээгээ харсан маань ч гэсэн амьдралын хамгийн аз жаргалтай мөч байлаа.
-Сагсан бөмбөгийн аль багт тоглодог байв?

-МУИС-ийн шигшээ багт тоглож байсан.

-Багаараа гаргаж байсан амжилт гэвэл…
-Нэг их онцолмоор амжилт гэх зүйлгүй. Багаасаа сагсан бөмбөг тоглодог байсан учраас дунд сургуулийн ахлах ангид байхдаа “Залгамжлагч” нийгэмлэгийн тамирчин болж, тэмцээн уралдаанд орж эхэлсэн.

-Сургуулийн хамтлагийн хөгжимчин, шигшээ багийн гишүүн байсан болохоор завгүй оюутан байсан уу?

-Хичээлээ тараад л сагсныхаа бэлтгэлд явна. Хамтлагаараа бэлтгэлээ хийнэ. Гэртээ ирж хичээлээ давтана гээд л завгүй гүйнэ.

-Их сургуулийг нийтийн хоолны инженер, технологичоор дүүргэж, спортын мастер цол аваад, хамтлагт хөгжимдөөд, одоо орчуулагч хийж байгаа гэхээр Та их олон талын авьяастай юм аа?
-Амьдралын үе бүрт тохиосон сонирхол л доо. Аав маань спортод дуртай хүн байсан. Харин ээж маань урлагийн хүн.
-Ээжийг тань хэн гэдэг вэ?
 -Гавьяат жүжигчин Бадамгарав гэж хүн байлаа. “Аман хуур” киноны Дарь авгайн дүрээр нь монголчууд андахгүй мэднэ. Нэг их ааштай авгай байдаг шүү дээ (Инээв). Хамгийн сүүлд “Эзэнгүй айл” олон ангит уран сайхны кинонд тоглосон.
-Ээжийгээ дагаж жүжигчин болох сонирхолгүй байсан уу?
-Ээж минь урлагийн хүнд ажилд нухлагдаад тэгдэг байсан уу, бидний хэнийг ч урлагийн хүн болгох хүсэлгүй байсан.
-Эгч, дүү нараас тань урлагийн мэргэжилтэй хүн бий юү?
-Би эхээс дөрвүүлээ. Манай эгч уран барилгач, дүү эдийн засагч, хамгийн бага дүү худалдааны эдийн засагч. Урлагийн хүн байхгүй.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Ганц охинтой. Зээ маань хоёр ой, хоёр сартай.
-Зээгээ хардаг уу?
-Худууд зээг маань хардаг. Ажлын зав чөлөө гарвал хоёр долоо хоногт нэг удаа эргэж очдог.

–Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Сагс тоглох дуртай. Ахмад сагсан бөмбөгчдийн “Андууд” багт тоглодог. Жилд 2-3 удаа тэмцээнд оролцчихдог юм. Долоо хоногийн хоёр өдрийг тогтмол зааланд өнгөрүүлдэг.

 -Хамгийн сүүлд ямар тэмцээнд оролцсон бэ?
-Зургадугаар сард болсон Содномзундуйн нэрэмжит ахмад сагсан бөмбөгчдийн тэмцээнд оролцож, дөрөвдүгээр байр эзэлсэн.

-Байнга спортоор хичээллэдэг учраас Та ийм залуу харагддаг байх нь ээ?
-Сагсан бөмбөг тоглохоос гадна амралтын өдрүүдээр Богд уул руу авирдаг.
-Явган аялал хийдэг гэж үү?
-Тийм. Бас ээлжийн амралтаа авбал майхнаа үүрээд голын эрэгт очоод хэвтчихдэг. Ажилдаа орохоос нэг өдрийн өмнө л гэртээ орж ирнэ шүү дээ.
-Хэнтэй хамт аялдаг вэ?
-Янз бүр. Охин маань гадаадад байгаа. Энд байхдаа үргэлж хамт явдаг байсан.
-Голын эрэгт зусдаг бол загас барьдаг л байх даа.
-Би үнэхээр ан хийх дургүй. Загас ч барьж чадахгүй. Усанд сэлж, ном уншиж, ой модоор зугаалж амралтаа өнгөрүүлдэг. Ажилтай үедээ байнга толгойгоо ажиллуулдаг учраас агаар салхинд ингэж амрах сайхан байдаг юм.
-Амралтаа ганцаараа өнгөрүүлэх уйтгартай биш гэж үү?
-Би гэр бүлийнхээ хүнээс салаад олон жил болж байна. Уйтгартай байх үе байлгүй яах вэ. Ганцаардахгүйн тулд өөрийгөө янз бүрээр л саатуулна.
-Энэ зун хаана амрах вэ, Та өмнө нь хаана амарч байв?
-Би нэг их хол гарч амардаг гүй. Ойрхон Тэрэлж хавьд л майхнаа бариад гарчихдаг. Харин гурван жилийн өмнө Увс нуурын эрэгт, хоёр жилийн өмнө Өгий нуурын эрэгт амарсан. Энэ жил Хөвсгөл явах санаатай байна.
-Танай хамтлагийн цомогт “Бид цас ороход дуртай” дуу тань багтсан байсан. Энэ дуунаас өөр дуу зохиож байв уу?
-20 гаруй дуу бий. “Бид цас ороход дуртай” дууг “Инээмсэглэл” хамтлагт байхдаа бичсэн юм. Манай хамтлагийн Ганхуяг миний “Зожигорч гүйцэх нь” дууг дуулж “Ижий минь” цомогтоо оруулсан байдаг. “Өргөө” хамтлагийн Бархас “Чамд хайртай хүн олон юм”, “Хийвэл бүү ай, айвал бүү хий” гэж хоёр дууг маань дуулдаг.
-Та ном их уншдаг гэсэн. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?
-Детектив болон зөгнөлт зохиол унших дуртай. Одоо Жюль Верний нэг зохиолыг орос хэлээр уншиж байгаа.
-Та яагаад нийтийн хоолны инженер, технологичийн мэргэжил сонгосон юм бэ?
 -Дунд сургууль төгсөөд гадаадад суралцах хуваарь авсан нь хүнсний технологичийн анги байсан юм. Хоёр жил суралцаж эргэж ирээд МУИС-д орсон. Яг миний мэргэжлээр МУИС-д анги байгаагүй учраас энэ мэргэжлийг сонгосон.
-“Инээмсэглэл” хамтлагт гадаад хэлтэй, өндөр боловсролтой залуус байдаг. Найзыг сонгож нөхөрлөдөг юм уу?
-Хүн өөрийнхөө хүрээллээс найзаа олдог шүү дээ. Би хүн болгонтой сайхан харилцахыг хичээдэг. Бусад хүн надтай муухай харилцлаа гээд тэгж хариу барина гэлгүйгээр зайгаа авчихдаг. Надад муу найз байхгүй. Үнэнч шударга, зарчимч хүмүүс таалагддаг.
-Амьдралыг та хэрхэн дүгнэдэг вэ. Анх бодож санаж, зорьсон бүхэндээ хүрсэн үү?
-Бүгдийг нь гүйцээгээгүй ч өнгөрсөн амьдралдаа харамсах зүйл байдаггүй. Харин одоо өөрийнхөө хэдэн дуугаар цомог гаргахсан гэсэн хүсэл байна даа.
 -Танд баярлалаа


Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.