Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Люксембургийн Их Гүнт Улсаас 2 сая еврогийн буцалтгүй тусламж олгоно

Люксембургийн Их Гүнт Улсын Засгийн Газраас Монгол Улсад үзүүлэх буцалтгүй тусламжийн хүрээнд “Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, мэргэжилтэн сургах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр хоёр тал төслийн хэрэгжих цар хүрээ болон хоёр талын гүйцэтгэх үүргийг тусгасан протокол-д гарын үсэг зурах ёслол Сангийн Яаманд 7 сарын 9-нд болов.

Төслийн санхүүжилт 2 сая евро бөгөөд уг протоколд Монголын талаас Сангийн Сайд С.Баярцогт, Люксембургийн Их Гүнт улсыг төлөөлж Монгол улсад суугаа элчин сайд Карло Криегер нар гарын үсэг зурж, баталгаажууллаа.

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн салбарт Люксембургийн Их Гүнт улсын тусламж, дэмжлэгтэйгээр олон төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байгаа бөгөөд энэ талаар Люксембургийн Их Гүнт Улсын өргөмжит консул Д.Хулантай уулзаж, тодрууллаа.
-Люксембургийн Их Гүнт улсын эдийн засаг, санхүүгийн үзүүлэлтийн талаар манай уншигчдад товч мэдээлэл өгнө үү.
-Люксембургийн Их Гүнт улс нь хагас сая хүн амтай ч эдийн засгийн хувьд өндөр хөгжилтэй орны нэгэнд зүй ёсоор тооцогддог. Тус улсын санхүү, даатгалын салбар, төмөрлөгийн үйлдвэр болон газар тариалан нь сайн хөгжсөн. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ /ДНБ/ хэмжээгээр дэлхийд 1-т жагсдаг. Мөн ДНБ-ийхээ 1 хувийг хөгжиж буй улс, орнуудад туслалцаа дэмжлэг үзүүлэхэд зориулдаг.

Монгол улсын хувьд авч буй тусламж, дэмжлэгээрээ нилээн дээгүүрт бичигддэг. Тус улс өөрийн банкны салбарын амжилтандаа тулгуурлан Монгол Улсын банк, санхүүгийн байгууллагын менежементийг сайжруулах зорилгоор олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдгийн нэг нь энэ сарын 9-нд гарын үсэг зурсан Санхүүгийн салбарын чадавхийг бэхжүүлэх, мэргэжилтэн сургах төсөл юм. Энэ төслийн хүрээнд ажилтнуудыг сургалтанд хамруулах, шилдэг мэргэжилтэн урьж ажиллуулах зэрэг ажлыг санхүүжүүлэхээр төлөвлөөд байна.
Люксембургийн өргөмжит консулын газар Монголд нээгдсэнээр 2 орны найрамдалт харилцаа улам батжиж, хамтын ажиллагаа олон салбараар өргөжиж байна. Люксембургийн Их Гүнт улсын засгийн газрын тусламжтайгаар өөр ямар ямар төсөл, хөтөлбөр хэрэгжиж байна вэ?
-Манай улс Люксембургийн Их Гүнт Улстай эрүүл мэнд, банк санхүү, батлан хамгаалах салбарт түлхүү хамтран ажилладаг. Тус улсын тусламж дэмжлэгтэйгээр Шастины нэрэмжит III эмнэлэг, ОБЕГ, БХЯ, Монгол Банкны Сургалтын төв, Санхүүгийн Зохицуулах хороо, Монголын Скаутын Холбоо гээд олон байгууллагуудад төсөл, хөтөлбөрүүд хэрэгжиж байна. ОБЕГ-т “Монгол Улсад гамшгийн аюулыг бууруулах, менежементийн тогтолцоог боловсронгуй болгох”,
Аврах үйл ажиллагааны стандарт боловсруулах төсөл” шат дараатайгаар хэрэгжиж байгаа бол сүүлийн 3 жилийн хугацаанд БХЯ-ны зүгээс 60 гаруй ажилтан, албан хаагчид тус улсад очиж франц, англи хэлний сургалтанд хамрагдлаа.
-Эрүүл мэндийн салбарт үе шаттайгаар хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрүүдийн талаар олон нийт мэдээлэл сайтай байдаг. Төслийн үр дүн болон цаашид үргэлжлэх эсэх талаар мэдээлэл өгнө үү?
-Люксенбургийн Засгийн газрын дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа телемедицины төсөл болох Зүрх судасны төв төсөл, Эх нярайн тусламжид зайн оношлогооны дэмжлэг үзүүлэх төслүүдийг онцолж болно. Эдгээр төсөл нь нийслэлийн III эмнэлэг, ЭНЭШТ-д хэрэгжиж байгаа.

Судалгаагаар зүрх судасны төв төсөлд хамрагдсан 8 аймгийн иргэдийн зүрх судасны өвчлөл буурсан үзүүлэлт гарсан. НҮБ-ын Хүн амын сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжиж байгаа эх, нялхсын алсын зайны оношлогооны төсөл алслагдсан 8 аймагт амжилттай хэрэгжсэн.

Цаашид 21 аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөн, төслийн хүрээнд ойрын хугацаанд 6,6 сая еврогийн тусламж үзүүлэхээр болсон.

Мөн Хавдар Судлалын Үндэсний Төв энэ төсөлд хамрагдахаар болсон. Энгийн жишээ дурдахад төсөл хэрэгжих хугацаанд алсын зайн оношлогоог 500 гаруй хүнд үзүүлснээс ердөө 30 гаруй хүнийг л Улаанбаатар хотод Эх нялхсын эрдэм шинжилгээний төв рүү шилжүүлж, дахин оношийг нь тодруулахаар явуулсан байна.

Алслагдсан нутагт шинэ тоног төхөөрөмж суурьлуулж, байнгын зөвлөгөө авах боломж бүхий сүлжээ байгуулж, эмч нарыг алсын зайн сургалтанд хамруулснаар өвчтөнүүд хугацаа алдалгүй оношлуулж, эмчлүүлж чадаж байгаад нь хүмүүс талархдаг. Товчдоо олон хүнд эрүүл энхийг авчирч чадсан буянтай төсөл гэж боддог.
-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.