Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

АТГ-ын даргаар ЭМЭГТЭЙ ХҮНИЙГ томилъё

Эрчүүд хов ярьдаггүй гэвэл тэрэн шиг худал юм байхгүй биз. Бүр хортой нь аргагүй л хов ярьдаг хүмүүс шүү дээ. Нөгөө талаас “хов” гэдэг мэдээлэл юм.

Харин мэдээллээс хэрэгтэй, хэрэггүй, үнэн худлыг ялгаж ойлгох чадвар нь “ухааны” асуудал болохоос биш урт богино үс, эр эмийн хүйсийн ялгаатай огт холбоогүй.

Бас нийт эрчүүдийн тоонд эзлэх хор найруулдаг “тэнэг”-ийн тоо, эмэгтэйчvvдийн тоонд эзлэх хов ярьдаг “тэнэг”-ийн тооноос бага гэдгийг баталсан Нобелийн шагналтан төрөөгүй байгаа нь үүнийг үнэн гэдгийг батлаагүй гэсэн үг.

Ганц Монголд төдийгүй дэлхий дахинд хүйсийн ялгагдах “онцлог” болсон энэ сонгодог хэв шинж нь эр, эм хүний генетикийн бүтцийн ялгаанаас болдгийг эрдэмтэд нотолсон байдаг юм билээ.

Гэтэл эр нь ан хийж, эм нь гэрээ авч явдаг байсан амбасын үеийн чулуун зэвсгийн сэтгэлгээг үүнтэй холин бантагнуулснаар эмэгтэйчүүдийг эрчүүдээс сул дорой мэт үзэн ялгаварлах байдал Африкийн шугуйд төдийгүй Азийн цээжин дэх Монголд байсаар байна.

Бараг 10 жилийн өмнөөс байх, улс төр дэх хэсэг бүлэг хүүхнүүд эрчүүдтэйгээ ан мана үзэлцэж, жендерийн тухай асуудлыг анх хөндөж эхэлсэн.

Тухайн үед жендер гэхээр л хэсэг бүлэг эмэгтэйчүүдийн амбиц, албан тушаалд очих “шантааж” юм шиг эр эмгүй, нийтээрээ ойлгож, үл ойшоодог байлаа.

Гэтэл өнөөдөр тэднийг дэмжин дуу хоолойгоо нэмэрлэхгүй бол монгол эмэгтэйчүүд бид үндэсний наадмаа ч дураараа үзэх эрхгүй болж мэдэх нь.

Ганц наадам ч биш, яваандаа ер нь гайгүй албан тушаалд томилогдож, дарга даамал ч хийх эрхгүй болох нь. Эрийн гурван наадам хэмээгдсэн монгол түмний баяр наадмаар бүсгүй хүн монгол бөхийн зүлэг ногоон дэвжээнд ойртохыг хоригложээ.

Баяр наадмыг зохион байгуулах комиссоос ийм шийдвэр гарч, эмэгтэй сэтгүүлчдийн ажиллах эрхийг хязгаарласан нь ХХI зууны хүйсээр ялгаварлан гадуурхах монгол ойлголтын сонгодог жишээ болж байна. Монгол түмний бахархал, шүтээн болсон монгол бөхчүүд эмэгтэйч үүдээсээ бузартдаг цаг ирсэн нь энэ бололтой. Нэгэн цагт бүсгүй хүн бөхийн дэвжээнээ эрчүүдтэй ан мана үзэлцэн, наадмын түрүү авч байсан тухай үлгэр домог өнөө хүртэл яригддаг.

Харин одоо монгол бөхчүүд монгол эхээс төрөөгүй мэт, үр удам нь охин үрээр үргэлжилдэггүй мэт эцгийн эрхт ёсны эхлэл энэ жилийн наадмын комиссын шийдвэрээс үүдэн эхлэв. Өнөөдөр монгол эмэгтэй эрийн хийморь гэгддэг бөхчүүдээ бузартуулж, харин маргааш хүний тооноос хасагдах цаг ирсэн нь энэ гэж үү. Өнөө Үндсэн хуулиар олгогдсон эрх тэгш байдал, жендер энэ тэр нь хаачив аа.

Монгол Улсын Үндсэн хуулийг бид хүндэтгэн дээдэлсээр ирсэн. Тиймдээ ч бүх хуулийн эцэг хэмээн нэрлэдэг. Гэтэл үүнтэй эн зэрэгцэхүйц хүйсээр ялгаварлан гадуурхахын эсрэг энэ мэт шийдвэрийг хуульчлан баталгаажуулах ёстой Жендерийн хууль Монгол Улсад байхгүй нь эмэг тэйчүүдийг ил тодоор ийнхүү ялгаварлахад хүргээд байна. Наадмын дэвжээнд эмэгтэй сэтгүүлчид ажиллахыг хориглосон нь хүйсийн ил ялгавар лалт мөн.

Харин ил биш далдаар, бодит үр дүнгээр нь ялгаварласан заалт төрийн хуульд нэг биш байдаг нь Авлигын эсрэг хуульд цагаан дээр хараар дурайх аж. Энэ хуулийн 21.2.1 –д төрийн албанд 15-аас доошгvй жил ажилласан, 55 нас хvрсэн, эрх зvйч мэргэжилтэй, удирдах болон мэргэжлийн ажлын туршлагатай, сvvлийн таван жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагvй хүнийг АТГ-ын даргад нэр дэвшүүлэн томилох тухай заажээ.

Энэ нь эмэгтэйчүүдийг ялгаварлан шахсан хуулийн заалт биш үү. Эрэгтэй, эмэгтэй гэж хүйсээр нь заагаагүй ч энэ заалт эмэгтэйчүүдийг ямар ч байсан энэ албан тушаалд нэр дэвших, томилогдох, ажиллах боломжийг далд хэлбэрээр “хоригложээ”.

Өнөөдөр Монгол Улсын Хөдөлм өрийн хуульд эмэг тэй чүүдийн тэтгэврийн насыг 55 гэж заасан байдаг. Гэтэл ямар ч чадалтай, чадвартай байгаад ч эмэгтэй хүн АТГ-ын даргын албан тушаалд томилогдох эрхгүй юм байна. Яагаад ийм байх ёстой гэж. Яагаад заавал эрчүүд АТГ-ын даргаар томилогдох ёстой гэж. Яагаад эр хүнээс дутахгүй чадалтай, чадвартай, мэргэжлийн хувьд хүлээн зөвшөөрөгдсөн эмэгтэй хүн АТГ-ыг удирдаж болохгүй гэж. Хүйсээр нь далд хэлбэрээр ялгаварласан хуулийн заалт энэ биш гэж үү.

Өнөөдөр Монгол Улсын Хууль зvй, дотоод хэргийн яамны удирдах албан тушаалтны 66.6 хувь нь, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгчдийн дийлэнх нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа байдаг. Гэтэл тэр дундаас АТГ-ын даргад нэр дэвших боломжтой, шалгуурыг нь хангасан эмэгтэйчүүд байхгүй гэж үү.

Нэрлэвэл зөндөө олон хуульчэмэгтэйч үүд бий. Гэхдээ хэн нэгнийг нэрлэвэл лообийдсон болох тул энэ удаад ганц энэ хуулийн заалтаар Монголд жендерийн тэгш биш байдал ямар нэгэн байдлаар байсаар байгааг хөндөхийг оролдсон тул нэр дурдахаас зайлсхийлээ. Эмэгтэйчүүд хов ярьдаг л гэнэ. Гэтэл эрчүүд хов ярихын зэрэгцээ хор найруулдаг гэсэн яриа Монголд төдийгүй дэлхийд хүлээн зөвшөөрөгддөг.

Өнөөдөр Ч.Сангарагчааг АТГын даргаас огцруулах гэж эрчүүд л дээр, доргүй хор найруулж байгаа нь нууц биш. Түүний дараагийн хүнээр бас л эрчүүдийн нэрс яригдаж, томилгоо нь мэдээж тэдний хүрээнд л хийгдэнэ. Энэ шударга гэж үү.

Эрчүүд энэ албан тушаалд илүү шударга ажиллаж, авлигатай хайр найргүй тэмцэнэ гэдгийг “эм хүн урт үстэй, богино ухаантай” гэдэгтэй адилхан дэлхийд хэн баталсан юм бэ. Өнөөдөр Монголыг хэн авч явж байна. Эмэгтэйчүүд. Ажил эрхэлж байгаа хүмүүсийн 70 гаруй хувь нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Гэтэл өнөөдрийн нийгмийн гол хүчин болсон эмэгтэйчүүдийг эм хүн болсных нь төлөө бузар булай, хөгшин залуугаар нь ялгаварлах нь ардчилсан ёс мөн үү. Бөхчүүд өнөөдөр эмэгтэйч үүдээс бузартдаг болсон юм байна.

Харин маргааш хэн бузартах бол. Төрийн захиргааны албан хаагчдын 46, яамдын газрын дарга, орлогч, хэлтсийн дарга нарын 26.5 нь эмэгтэйчүүд гэсэн судалгаа бий. Магадгүй наадмын дараа намар болж ажлын идэвхтэй өдрүүд эхлэхэд төрийн албанд эмэгтэйчүүдийн “дор” ажиллаж буй эрчүүд бас “бузартчихна” гэвэл Монголын төр яах юм бол. Монголын “арчаагүй” эрчүүд эхчүүд, эхнэрүүд, охин үрээсээ бузартдаг болсныг дэлхий сонсвол юу гэх бол доо, хөөрхий.

Хэдхэн хоногийн өмнө Францын парламент хуралдаж эмэгтэйчүүдийг гивлүүр зүүхийг хориглолоо. Эхнэрээ гивлүүр зүүхийг шаардсан эр нөхрийг 150 еврогоор торгохын зэрэгцээ баривчлах хүртэл ял ногдуулахыг хуульчлан баталгаажуулаа. Лалын хан хамгийн олноор амьдардаг Франц улс ийм шийдвэр гаргаж эмэгтэйчүүдийнхээ эрхийг хамгаалжээ.

Гэтэл манайд жилд ганц удаа түмэн олноороо наадан цэнгэдэг үндэснийхээ баяр наадмаар бөхчүүдээ бузартахаас урьдчилан сэргийлж, эмэгтэйч үүдийг хүйсээр ялгаварлан, бас хууль тогтоогч эрчүүд нь хуулийн зүйл заалтаар энэ мэт далд шоглосоор байгаа нь эр, эм гэлтгүй эрх тэгш аж төрөн, амьдрах Үндсэн хуулийн заалт, олон улсын конвенциудтай нийцэж байна гэж үү.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.