Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Шинэ “салхит шувуу” ирлээ

Италийн алдарт “Ла Скала” театрт гоцолно гэдэг хүн бүхэнд тохиодоггүй аз” гэж балетчид ярьдаг. Тэгвэл Д.Алтанхуяг хэмээх 28 настай залуу дэлхийн шилдэг 10 балетчний тоонд орж, Ла Скала театрын тайзнаа бүжсэн нэгэн билээ. Түүнийг бид Монголын хамгийн залуу гавьяат гэдгээр нь мэдэх юм.

Тэрбээр Нью-Йоркийн төв театр болох “Бостон балет”-д гэрээт бүжигчнээр ажиллаж байгаа бөгөөд хотын даргын урилгаар эх орондоо ирлээ. Даруухан, яриандаа таарамгүй дээгүүр харцтай, цэмцгэр залуугийн энгэрт “цоо шинэ” Хангарьд одон гялалзаж байлаа.

Сэтгүүлчид явсны дараа түүнтэй уулзаж ярилцахад Дуурийн театрын дарга Б.Сэргэлэн хамт байлцсан юм. Д.Алтанхуягтай ярилцаж байгаа хүмүүсийн дуу намуухан болж байсан тул би ч бас түүний ер бусын гэмээр амгалан байдлыг нь эвдэхгүй гэхдээ нам дуугаар ярьж эхэллээ.

-Хоёр жил гаруй “гадуур” явлаа. Олз омог ихтэй юү?
-Испанид хийж байгаа аялан тоглолтоосоо чөлөө авч, үндэсний их баяр наадмын хүндэтгэлийн концертод орол цохоор ирсэн. Энэ сарын 10-нд дуурийн театрт хоёр удаа тоглоно. Төрийн соёрхолт З.Хангалын зохиосон “Салхит шувуу” хөгжмийн шинэ хувилбарт бүжиг лэх юм.
Нутгаасаа хол байсан болохоор ирээгүй удсан юм шиг санагдаж байна шүү. Хэд хоног ч гэсэн Монголдоо байна гэж бодохоор сайхан байна.Хотын дарга намайг уриагүй байсан бол би ирж чадахгүй л байх байлаа. Намайг сая “Хангарьд” одонгоор шагнасан. Энэ гэнэтийн бэлэг надад илүү их үүрэг хариуцлагатай байхыг “даалгаж” байгаа юм.

-Таныг Ла Скалад тоглоход гадаадын урлаг шүүмжлэгчид “Монголчууд сонгодгийг бүжиглэж чаддаг болохыг Д.Алтанхуяг харууллаа” гэж хэлэхийг сонсоод сэтгэл хөдөлсөн шүү. Та Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгсөөд л балетчин болсон уу?
 -Тийм ээ. 2002 онд төгсөөд Дуурийн театрт ажиллаж эхэлсэн дээ. Дараа нь ур чадвараа сайжруулах гэж дэлхийн тайзыг зорьсон маань үр дүнгээ өгч байна.

-Хөгжим бүжгийн дунд сургуулийг төгссөн хүнд дэлхийн тайз нээлттэй байгаа нь манай сургалтын чанарыг харуулж байна гэсэн үг үү?
-Балетчдад туршлага хэрэгтэй. Би л гэхэд суралцахаас гадна хувьсан өөрчлөгдөж, дасан зохицох гэдгийг л нэгдүгээрт тавьж байна. Энэ нь арга барилыг өөртөө тохируулах гэсэн үг. Хаана ч явсан манай балетчид их мундаг байдаг юм. Эрэгтэй балетчид ховор гэдгийг дэлхийн хэмжээнд ярьдаг болохоор манайханд том том театрууд санал тавьдаг. Олон залуус дэлхийн тайзанд хүрсэн шүү дээ.

-Анх хэзээ тайзан дээр гарч байсан бэ?
-Хоёрдугаар курст байхдаа Дуурийн театрын тайзнаа гарч, “Цэнхэр нүдэн гүнж” дуурьт туслах дүр бүтээж байлаа.

-Сая “Та өөрөө шавьтай юу” гэсэн сэтгүүлчийн асуултад “Би өөрөө шавь” гэж хариуллаа?
-Тэгэлгүй яахав. Би бүрэн суралцаж дуусаагүй байгаа. Одоо шавьтай болох нас ч биш.

-Гаднын сургуулиудаас урилга их ирдэг үү?
-Тийм ээ. Даанч зав муутай болохоор дараа сурна гээд л хойш тавиад байгаа. Одоохондоо тохироо бүрдэхгүй байна. Гэхдээ бодож төлөвлөсөн зүйл их бий.

Таныг насандаа баймгүй их амжилт үзүүлсэн тухай манай хэвлэлүүдэд бичиж байсан. Тантай хамтарч ажилладаг гаднын балетчид хэд орчим насны хүмүүс вэ?
-Надтай хамтран ажилладаг хүмүүс гэвэл 25-50 насны хүмүүс бий. 30-35 насыг эрэгтэй балетчдийн оргил үе гэж ярьдаг юм. Би ч гэсэн тэр нас руугаа явж байна. Бүжгийн урлаг залуу насны ажил шүү дээ.

-35 нас хүрчихээд яах вэ. Балетчид ихэвчлэн багш болдог…
-Одоохондоо бодоогүй байна. Тэр үедээ л болох байх. Цаг хугацааг хурдлуулж яах юм бэ.

-Дэлхийн шилдэг 10 балетчний нэг болохоор та аймаар баян байх аа, тийм үү?
-Би баян хүн биш ээ. Урлагийн хүн мөнгөний хойноос хөөцөлддөггүй. Тэгээд ч их хүч хөдөлмөр зарцуулдаг мэргэжил болохоор мөнгөн үнэлэмжээс илүү хөдөлмөрийнхөө тухай л яримаар байдаг юм. Урлагийн хүн модон тайзанд ч сүсэлдэг шүү дээ.

-Ер нь хэчнээн орны театрт тоглож байсан бэ?
-Яг тоо хэлэхэд хэцүү л байна. Нэг хотод байрлах том, жижиг олон театр бий.

-Манай балет орос школтой гэж ярьдаг. Тэгвэл бусад орны балетчид ямар байдаг талаар асуух гэсэн юм. Тэдэнтэй хамтарч “тоглоход” асуудал гардаг уу?
-Дэлхийн шилдэг балетчид хувьсах чадвартай, дасан зохицох авьяастай хүмүүс байгаа юм. Тэгэхээр хаана ч очсон тухайн улсын балетчидтай хөдөлгөөн, тавилтаа тохируулчихаж болдог. Тэгээд ч нэг л урлагийг өөр өөр арга барилаар эзэмшсэн болохоор айхтар хүндрэл гарахгүй ээ.
-Тэгвэл өөр газар очиход хоол, цаг агаар өөрчлөгдөхөд ямар байдаг вэ?
 -Дандаа гадуур хооллож байгаа болохоор гайгүй дээ. Юу хүссэн бүхэн байдаг болж.
-Хамаг булчингаа ажиллуулдаг болохоор тамир тэнхээ сайтай байх гэж их иддэг юм биш үү?
-Их идсэнээр хүч тамиртай байна гэж байхгүй. Би хувьдаа тохируулаад хооллочиход л болдог юм.

-Өдөрт хэдэн цагийг бэлтгэл сургуулилалтад зарцуулдаг вэ?

-Өдөрт дунджаар таван цаг сургуулилалт хийдэг. Сургуулилалт хийхээс өмнө биеэ халаана. Уг нь нэг цаг хангалттай байдаг бол би заавал хоёр цаг биеэ халаадаг юм. Нэг л эвгүй гишгэлтээс болж бэртэж, гэмтдэг болохоор дасгал сургуулилалт гэдэг чинь балетийн урлагийн амин сүнс байхгүй юу. Тэгэхээр байнгын бэлтгэлтэй байх нь чухал. Бүх булчингаа ажиллуулна даа.

-Тэгвэл та яаж амардаг вэ. Гэртээ зурагт хараад нэг өдөр хэвтчихвэл хамаг булчин булрах нь байна шүү дээ.
-Амарч байхдаа ч гэсэн бага зэрэг бэлтгэл хийнэ. Сүүлийн үед нэг их амраагүй юм байна. Гэхдээ заавал хэвтэж амрах хэрэггүй. (инээв)

-Балетчид яг л Микеланжелогийн баримал шиг санагдаад байдаг юм. Та ч гэсэн их гоё биетэй юм аа.
-Монгол балетчид бүгдээрээ өв тэгш харагддаг. Биеийн хөгжил сайтай болоод ч тэр үү, биеийнх нь галбир адилхан болчихдог юм. Харин Японд 3000 орчим балетийн сургууль байхад тэдний хэдэн зуун балетчидаас гоё биетэй, сайн бүжиглэдэг хүмүүсийг олоход хэцүү. Хятадууд нурууны өндөр, бие хаагаараа хоорондоо ойролцоо болохоор онцгойрох хүн ховор.

Манайхан нээрээ гоё биетэй шүү. Тэгээд ч балет гэдэг урлаг хүний биеийн хөгжлийг засаад, тэгшилчихдэг.

-Сэтгэл санааг ч бас “тэгшилдэг” үү. Бүгд л их дуу муутай хүмүүс шиг санагддаг…
-Мэдэхгүй ээ. Ярих гэхээр хамаагүй юм ярьчих гээд байдаг юм. Жаахан бодож ярьдаг тал бий. Гэхдээ ерөнхийдөө төрөлхийн зан төрх ийм л дээ. Хүмүүс л намайг их тайван гээд байдаг юм.

-Эр хүн гэхэд хэтэрхий тайван биш үү?
-Дуурийн театрын Б.Сэргэлэн эгч яг тэгж хэлдэг юм.
-Монгол балетчид ижилхэн биетэй гэж хэллээ. Тэгвэл таныг тодотгох онцлог шинж юу вэ?
-Ёстой мэдэхгүй, би ч өөртөө дасчихаж дээ. Үзэж байгаа хүмүүс л анзаардаг байх. Тайзны будалт хийчихсэн байхад л балетчдийг таниад байдаг юм.

-Өндөр хөгжилтэй орны тайз, үзэгчид манайхаас өөр биз. Бид хэзээ Ла Скала шиг тайзтай болох бол?
-Италийн Ла Скала гэхэд л 200 жилийн түүхтэй. Харин манайд дуурийн урлаг үүсэж байгуулагдаад 50 жилийн нүүр үзэж байна. Тэгэхээр дахиад нэлээд хэдэн жил шаардлагатай байх. Заавал цаг хугацаа шаардана. Харин Азидаа бол манай театр том үнэлгээ авдаг шүү.

-Та эх орондоо дэлхийн үзэгчдэд зориулсан том тоглолт хийх талаар бодож байв уу?
-Ирэх жил Их Монгол Улс байгуулагдсаны 805, Хүннү улс байгуулагдсаны 2200, Ардын хувьсгалын 90 жилийн ой тохиож байгаа. Энэ үеэр дэлхийн сонгодог урлагийн, тэр дундаа топ бүжигчдийг Монголын тайзнаа урих бодол бий. Дуурийн театрын удирдлагууд дэмжиж байна лээ. Сая Г.Мөнхбаяр дарга ч гэсэн тусалж дэмжиж, бүх зүйлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийллээ.

-Таны аав Баруун Монгол ардын бие биелгээ судлаач хүн байсан гэсэн. Аавууд хүүдээ мэргэжлээ өвлүүлэх нь элбэг. Та яагаад балетчин болсон юм бэ?
-Би балетчин ч гэлээ бие биелгээ хийдэг. Миний аав Монгол Улсын гавьяат жүжигчин Дугараа гэж хүн бий. Аав л намайг бүжгийн урлагт хөтөлсөн. 1993 онд хотод ирээд Хөгжим бүжгийн сургуульд орсон. Тухайн үед балетийн урлагийн талаар нэг их сайн мэддэггүй байлаа. Яг хичээллэж эхлээд л сайхныг нь мэдэрч эхэлсэн. Биеийн эрүүл мэндэд тустай болохоороо балетийн урлаг олон улсад хөгжлөөрөө тэргүүлдэг.

Тэрбээр өглөө Монголдоо ирчихээд унтаж ч амжаагүй явж байсан нь энэ. Гэсэн ч давчуу цагийн хуваарьтаа баригдаад наадмын тоглолтынхоо бэлтгэл рүү яаран явчихлаа. Д.Алтанхуягтай уулзаад “буцахдаа” түүнийг зуны бүлээхэн салхитай ижилсүүлж үзэв. Нээрэн тийм, энэ салхи “дэгдэхээрээ” навчсыг хаман оддог шиг Д.Алтанхуяг тайзан дээр бүжихдээ хүмүүний сэтгэлийг хуйлруулдаг билээ. Түүнтэй хийсэн ярилцлагын төгсгөлд салхи сийгэж, тэр салхинаас “Цээжин дотор гал асаж байсан ч тогтмол ус шиг тогтуун” гэсэн шивнээ сонсогдлоо…
Т.НИПОНЬ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.