Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Сайханбилэг: Хүүхдэд он дуустал сард 10,000, 2011 оноос 20,000 төгрөг олгохыг дэмжсэн

УИХ-ын хаврын чуулганыг наадмаас өмнө завсарлуулахын тулд Бүлгүүд харилцан буулт хийж эхэлжээ. Энэ сарын 1-нээс хүүхдийн мөнгийг сэргээж, эх үүсвэрийг нь төсвийн тодотголд суулгахыг шаардаж, хэлэлцүүлгээс нь завсарлага авсан АН-ынхан мөнгөний хэмжээг он дуустал 10.000 төгрөг байхыг зөвшөөрсөн байна.

Мөн Сонгуулийн тухай хууль дээр ч тэд зөвхөн пропорциональ тогтолцоог л дэмжинэ хэмээн “зөрүүдлэх”-ээ хойш тавьж мэдэх нь.

МАХН хүүхдийн мөнгөн дээр, АН Сонгуулийн хуулийн тогтолцоон дээр харилцан буулт хийж, тохиролцвол төсвийн тодотгол, Сонгуулийн хууль хоёрыг энэ долоо хоногт эцэслэн батлах аж.

УИХ дахь АН-ын бүлгийн өчигдрийн хуралдаанаар Хүүхдэд тэтгэмж олгох тухай хэсэг гишүүний санаачилсан хуулийн, Засгийн газраас өргөн барьсан Хүүхдийн мөнгөний хэмжээ тогтоох тогтоолын төслийг хэлэлцжээ. Ингээд наймдугаар сарын 1-нээс хүүхэд бүрт он дуустал сард 10.000, 2011 оноос сард 20.000 төгрөгийг Хүний хөгжил сангаас өгч байхаар санал нэгдсэн байна.

Хүний хөгжил сангаас иргэн бүрт олгодог эх орны хишгээс энэ нь тусдаа юм. Мөн Төрийн байгуулалтын байнгын хорооноос сонгуулийн хоёр хуулийн төслийг нэгтгэх үүрэгтэйгээр байгуулсан Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцсэн аж. Тэд байж болох бүх хувилбарыг ярилцсан гэнэ.

Сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулга учир зүйл заалт бүрээр, мөн зарчим, концепцийг ч өөрчлөх боломжтой хэмээн АН-ын бүлгийн ахлагч Ч.Сайханбилэг мэдэгдсэн юм. Түүнээс зарим зүйл тодрууллаа.

МАХН-ынхан сонгуулийн холимог тогтолцоог дэмжиж байгаа. АН харин пропроциональ хувилбартаа үнэнч байхаа мэдэгдэж байсан. Гэхдээ одоо тохиролцоонд хүрэхийн тулд холимог тогтолцоог сонгож магадгүй гэсэн үг үү?

-Намууд зөвшилцөх нь чухал байна. Сонгуулийн тогтолцооны дундын ямар хувилбар байгааг ярина. Хэрэв холимог хувилбарыг сонгох юм бол Ажлын хэсэгт орсон АНын гишүүд үүн доторх пропорциональ зарчмуудыг хадгалах талаар ажиллана.

Гэхдээ Ажлын хэсэг хуралдаж, МАХН дүгнэлтээ гаргасны дараа байр сууриа эцэслэн илэрхийлнэ.

С.Туул


0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.