Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХОТЫН СОЁЛЫГ ТУНХАГЛАСАН ҮДЭШ

Монголын рок попын ертөнцөд чанартай уран бүтээл, даацтай хамтлаг дуучид үгүйлэгдсэн өнөө цагт “Камертон”-чууд 15 жилийн ойгоо тоглолт, үдэшлэгээр чимнэ гэсэн мэдээлэл салхи мэт хурдан түгсэн. Таван жилийн өмнөх сүр дуулиантай тоглолтыг санаж, танил дотно дуунууд эгшиглэх үдэшлэгт очно гэхээс залуус зургадугаар сарын 30-ны оройг тэсэн ядан хүлээж байсан биз.


Оршил буюу Онцгой бүсийн тухай
Болзсон цаг болоход “Нийслэл” асар аль хэдийнэ олны хөлд дарагджээ. Үзэгчид рүү сунган зассан тайз, өнөөх л өргөн том дэлгэц төдийлэн анхаарал татсангүй. Зуны задгай талбайн тоглолт бүр ийм л хэв маягаар тайзны заслаа хийдэг болохоор хаана юу байдаг нь бараг цээжлэгдэхээр болсон. Харин танил тайзнаас илүүтэй үзэгчдийн байрлах хэсэг анхаарал татаж байлаа. Усан оргилуур, түүнийг тойруулан өрсөн асар хэлбэрийн цасан цагаан сүүдрэвч гээд л үзэгчдийн ая тухыг хангах гэсэн нь илт. Гэхдээ энэ бол дээд зэрэглэлийн үзэгчдийн талбай. Урилгаар заларсан зочид, 100 мянган төгрөгийн үнэтэй тасалбар авсан үзэгчдийн хаалттай бүс. Тийм болохоор тэр хэсэгт нэвтэрч олны танил эрхмүүдээс онцгой үдэшлэгийн тухай сэтгэгдлийг нь сонсох боломж сэтгүүлчдийн хэнд нь ч олдсонгүй.
Гэхдээ зүгээр ээ. Босоо үдэшлэгийн талбай тайзанд ойрхноос гадна Д.Болормаа болон түүний загварын агентлагийн гунхсан охид, ажил хэрэгч хувцасласан залуус, дуучин BX, Qui¬za, “Гурван охин” хамтлагийнхан төдийгүй, завсарлагааны үеэр “Камертон”-чууд хэрхэн дараагийн хэсэгтээ бэлдэж байгааг харах боломж бий. 

“Бид Камертон”
Тоглолтын эхний болон төгсгөлийн дууг таамаглаж байлаа. Үнэхээр ч бодсон ёсоор нэгэн цагт монгол охидын зүрхийг шархлуулж, цэцэг, захидалд дарагдаж байсан залуус өөрсдийн сүлд болсон “Бид Камертон” дуугаар тоглолтоо эхлүүллээ. Араас нь арав гаруй жилийн өмнө эгшиглэж байсан “Халуун тэнгэр” тэргүүтэй танил дууны аялгуу хөвөрнө. Залуусын дурсамжийг сэргээж байгаа нь илт. “Камертон”-чуудыг мэдэхгүй хүн Монголд үгүй. Харин эндээс тэднийг байтугай дуулсан дуу бүрийг нь мэддэг гэдгийг анзаарлаа.Үзэгчид бүх дууг нь хоолой нийлүүлэн түрж байв.
Энэ тоглолт цэвэр өнгө, дуугаралт, эв найрамдлыг эрхэмлэгч залуусын шүтэн бишрэгчидтэйгээ хамт тэмдэглэж байгаа анхны төрсөн өдөр биш. Харин хамгийн цэвэр дуугаралттай тоглолтуудын анхдагч нь гэвэл мэтгэх хүн үгүй биз. Яг л хөгжим тоглуулагч дахь дуунуудаа сонсож байгаа мэт тунгалаг. Тэд бизнес хөөсөн ч өдөр бүр гамм уншиж, бэлтгэл базааж байсан гэдгийг нь саналаа. Үнэн бололтой. Тайзнаас буух завгүй тоглолт дамждаг залуу дуучдаас ч цэвэрхэн, цээлхэн дуулна. Олон жилийн туршлага ч байж мэдэх.

Тэд үргэлж анхдагч
Үдэшлэг тоглолт хосолсон анхны рок поп тоглолт. Тиймдээ ч зургаан цаг үзэгчдийг “Нийслэл” асарт уясан биз. Тоглолтын завсраар алжаал тайлан, шилдэг ди жи нарын уянгалуулах хөгжмийн хэмнэлд бүжиглэх нь бүр ч сонирхолтой юм. Тэд ямагт шинийг санаачлагч байдаг гэдгээ дахин баталлаа.
50 мянган төгрөгийн үнэтэй тасалбар олон хүнийг гайхашруулж, бас сэтгэлийг нь гижигдсэн бололтой. Цөөнгүй үзэгч цуглачихаж. Үнэ дагаж чанар гэдэг. Тэдний сэдсэн бас нэгэн санаа бол тасалбарын үнээр зэрэглэл тогтоох. Үнэхээр ч төлөвлөсөн арга нь амжилттай хэрэгжиж, хотын бүхий л  гангачууд энд цугласан харагдана. Яагаад болохгүй гэж. Хотын соёлыг мэдрүүлж, амьдралын хэм хэмнэл, өнгө төрхийг нь тодорхойлох гэсэн тэдний хүсэл биеллээ олсон гэдгийг олон үзэгч батлах болов уу.

Нууцаа дэлгэсэн Үдэш
Тэд тоглолтынхоо үеэр гэнэтийн бэлэг задална хэмээн амлаж, үзэгчдийг горьдоогоогүй. Мянга мянган үзэгчдийн олон жилийн хүлээлт тэднийг ийм пи ар хийх хэрэгцээгүй болгочихсон болохоор тэр. Төрсөн өдрийн баяраа тэмдэглэн сэтгэл хөөрсөн залуус хэд хэдэн дууныхаа түүхийг хуучлаад амжсан. Бас Эба “Нулимсаа арч охин минь” дууны үгээ шүүмжилж, үзэгчдэд бяцхан инээд бэлэглэсэн. Түүгээр ч барахгүй оюутан цагийн зовлон жаргалаа хуваалцаж, олны танил болсон ч нийтийн тээврээр зорчиж байснаа дурслаа. Сэтгэлд дэндүү ойр санагдсан тоглолтын бас нэгэн нууц нь үзэгчидтэйгээ илэн далангуй байж, дотно харилцаа үүсгэснийх.

 


Хотын соёлыг гайхуулсан тоглолт
Задгай талбайн бусад тоглолтуудаас хотын соёлыг ханхлуулсан гэдгээрээ “Камертон”-чуудын төрсөн өдөр онцгойрч байлаа. Уух зүйлс өрсөн тавиур барьсан зөөгч залуус, хог хаягдлыг тэр дор нь цэвэрлэж, үзэгчдийн ая тухыг хангах үйлчилгээнийхэн. Түүнчлэн зөөврийн 00 байрлуулж, хогийн сав, хөлөө амраах сандал өрөхөө ч мартсангүй.
Үдэшлэг шувтрах тийш хандаж, үзэгчдийн талбай шингэрэхэд цугласан олны хөлд хоосон лааз, ундааны сав харагдсангүй. Бүртийх хоггүй байсан гэж мэлзэхгүй ч, хог шороотой хутгалдсан өрөөсөн гутал үлдэхээргүй зохион байгуулалт сайтай тоглолт болсныг магтууштай.
гэж. Хотын соёлыг мэдрүүлж, амьдралын хэм хэмнэл, өнгө төрхийг нь тодорхойлох гэсэн тэдний хүсэл биеллээ олсон гэдгийг олон үзэгч батлах болов уу.


“18 нас”-аа дуулсан “15-тай жаалууд”
Таван жилийн өмнө Төв цэнгэлдэх орчмоос хальж хотын зах хүртэл цуурайтсан “18 нас” энэ удаад ч бас үзэгчдийн түрлэгтэйгээр тоглолтыг өндөрлүүлсэн. Харуусал, хайрын гэнэн гэгэлгэн дурсамж сэдрээх уянгын дуунуудаа хөнгөн хэмнэлтэй дуутай хослуулсан тоглолт-үдэшлэг нийт зургаан цаг үргэлжилсэн.

О.УНДАРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.