Өчигдөрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

7000 орон тоо цомхтгох саналыг УИХ дахь бүлгүүд дэмжсэнгүй

Төсвийн үрэлгэн зарлагыг хэмнэж, шаардлагатай тооноосоо хэтэрсэн төрийн албан хаагчдыг цомхтгох тухай УИХ-аас байгуулсан Ажлын хэсгийн саналыг бүгд л дэмжсэн мэт байсан ч хэрэг дээрээ тийм биш байжээ. УИХ дахь АН, МАХН-ын бүлэг өчигдөр Ажлын хэсгийн дүгнэлтийг хэлэлцээд уг саналыг “явцгүй” хэмээн үзсэн байна.

Ч.Сайханбилэг: Асуудлыг механикаар шийдэхийн оронд томоор харъя 

Ажлын хэсгээс санал болгосон төрийн албан хаагчдын тоог 7000-аар цөөлөх саналыг АНынхан “Захиргаадалтын арга, үр дүн муутай” гэж дүгнэжээ. Өөрөөр хэлбэл, дэмжсэнгүй. Энэ тухай АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг сэтгүүлчдэд мэдээллээ. Төрийн албан хаагчдыг бөөндөн ажлаас халахын оронд боловсрол, эрүүл мэндийн салбарт менежмент хийх замаар зохицуулсан нь дээр гэж тэд үзсэн аж. Боловсролын салбарт жилд 442 тэрбум, эрүүл мэндэд 206 тэрбум нийт 650 тэрбум орчим төгрөг төсөвлөсөн юм байна. Эдгээр салбарын зардал жил ирэх бүр нэмэгддэг ч багш, эмч нарын ажлын үр дүн муу, үйлчилгээ чанаргүй хэвээр байгаад АН анхаарлаа хандуулжээ. Төсвийн ерөнхийлөн захирагчид нь дотроо менежмент хийх эрхийг олгох замаар сайн ажилласанд нь ахиуг, мууд нь багыг гэсэн хувийн хэвшилд баримталдаг зах зээлийн зарчмыг төрийн албанд нэвтрүүлэх хэрэгтэй гэнэ. 7000 орон тоонд давхардал, хүнд суртал үүсгэдэг зөвлөх, орлогч, дэд сайд нарыг голдуу оруулна гэсэн биш үү гэсэн асуултад Ч.Сайханбилэг “ Зөвлөх, дэд сайд, орлогч нарын орон тоо 7000 хүрэхгүй, энгийн албан хаагчид ч цомхтголд өртөнө” гэлээ. Тэгээд асуудлыг өргөн хүрээгээр харах санал дэвшүүлжээ. Хүүхдийн мөнгийг ирэх сарын 1-нээс олгох, эх үүсвэрийг нь төсвийн тодотголд суулгах байр суурь нь хэвээр байгаа аж. Тэд төсвийн тодотгол дахь дэд бүтцийн салбарт зарцуулахаар тооцсон 190 тэрбум төгрөгийг хүүхдийн мөнгөний эх үүсвэрт шилжүүлэх санал дэвшүүлэв. Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалтыг “Утаагүй Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд шийдэх боломжтой гэж үзсэн байна

Д.Лүндээжанцан: Хямралын үед хүмүүсийг аль болох ажилтай байлгах хэрэгтэй

МАХН-ын бүлэг Удирдах зөвлөлийн гишүүдтэйгээ өчигдөр хамтран хуралджээ. ОУВС, Дэлхийн банктай тохирсон хөтөлбөрийн хүрээнд тавьсан шаардлагад тодотголыг нийцүүлэх учиртайг тэд анхаарсан байна. Хөтөлбөрөө зогсоохгүйн тулд зардлыг 150 тэрбум төгрөгөөс хэтрүүлэхгүй байх ёстой. Гэхдээ төрийн алба хаагчдын орон тоог 7000- аар цөөлөх замаар зардал хэмнэхийг МАХНынхан “онцгүй арга” гэж үзсэн байна. Тэд өмнөх долоо хоногт Удирдах зөвлөлтэйгээ хэлэлцээд цомхтголыг ирэх намар болтол хойшлуулах шийдвэрт хүрсэн аж. МАХНын бүлгийн дарга Д.Лүндээжанцан “Төрийн захиргааны байгууллагын орон тоо илүү байгаа нь үнэн ч хямралын үед хүмүүсийг аль болох ажилтай байлгах ёстой. Манай Бүлэг эрүүл мэнд, соёл боловсрол, шинжлэх ухааны байгууллагын үйлчилгээний албан тушаалтныг халах хэрэггүй, намрын чуулганаар ирэх оны төсвийн төслийг өргөн барихдаа Төрийн захиргааны иж бүрэн төлөвлөгөө, шинэчлэлийг хамтад нь оруулж ир гэсэн үүргийг Засгийн газарт өгөх саналтай байна” гэлээ. Тэд зайлшгүй шаардлагатай хөрөнгө оруулалтыг үлдээгээд бусдыг ирэх онд шилжүүлэх, зарлагыг найман тэрбум төгрөгөөр хэмнэх гэх мэт санал гаргасан байна. Мөн орон нутгийн төсвийг тусад нь салгаж хууль гаргах тухай гишүүд саналаа хэлжээ. Одоогоор найман аймаг төсвийн хувьд бие даах чадвартай аж.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.