Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“БАЯН-АЙРАГ ЭКСПЛОРЭЙШН” Цогт багийнханд найман машин авч өгчээ

Завхан аймгийн Дөрвөлжин сумын Цогт багийн нутагт үйл ажиллагаа явуулж буй Хонконгийн хөрөнгө оруулалттай “Баян-Айраг эксплорэйшн” компани химийн бодис ашиглахдаа аюулгүй ажиллагаагаа хангаагүйгээс байгаль орчинд натрийн цианид тархаж, олон тооны шувуу үхсэн. Тус компани 2002 онд 3000Х тоот ашигт малтмалын хайгуулын, 2008 онд 13409А ашиглалтын тусгай зөвшөөрөл авч, 6102 га талбайд ашиглалт явуулахаар болжээ. Үүнтэй холбоотойгоор 2014 онд нийт 34 нэр төрлийн химийн хорт болон аюултай бодис ашиглахаар БОНХАЖЯ-наас тусгай зөвшөөрөл авсан аж. Эднийх өнгөрсөн жилийн наймдугаар сараас Бороогийн алтны уурхайн адилаар нуруулдан уусгах технологи үйлдвэрлэлдээ нэвтрүүлсэн ч тус компани хаягдлын сангийнхаа ус нэвтрүүлэхгүй байх ёстой хамгаалалтын давхаргад чанаргүй хальс (плёнк) дэвссэнээс тэр нь цоорч, натрийн цианид зэрэг химийн хорт бодис газрын хөрсөнд нэвчсэн бололтой. “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайн орчимд олон тооны шувуу үхсэн.

Энэ нь тус компани байгаль орчинд хор хохирол учруулж буйг илтгэж байна” хэмээн нутгийн иргэд өргөдөл гаргасны дагуу Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөх хэлтсээс тус компанид Эрүүгийн хуулийн 214.2-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Уг хэргийг Завхан аймгийн Прокурорын газар хянаж байгаа юм. Үүний дагуу цагдаа, химийн шинжээч, хөрс судлаач, нөлөөлөх байдлын үнэлгээний шинжээч, мэргэжилтэн, экологич гээд олон хүний бүрэлдэхүүнтэй баг 2014 оны аравдугаар сарын 21-25-нд “Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайд шинжилгээ хийснийг бид тухайн үед уншигчдадаа мэдээлсэн билээ. Тус уурхайн лабораторид хийсэн шинжилгээний урьдчилсан хариугаар натрийн цианидтай ус хөрсөнд шингэсэн байж болзошгүй байдал илэрсэн юм. Хэрвээ энэ нь эцсийн байдлаар тогтоогдож, химийн хорт бодис газрын хөрсөнд шингэж байгаа нь тодорхой болбол шувууд яагаад үхсэн нь ойлгомжтой болно. Ингэвэл одоо үүсгээд буй хавтаст хэрэгт нь Эрүүгийн хуулийн 304 дүгээр зүйлд заасан “Амьтны аймаг, ургамлын төрөл зүйлийг бөөнөөр нь гэмтээсэн, устгасан, агаар мандал, усны нөөцийг хордуулсан буюу бусад хэлбэрээр байгалийн тэнцлийг алдагдуулсан” гэсэн зүйл заалт нэмэгдэнэ.

НАТРИЙН ЦИАНИДТАЙ УС АЛДАГДАЖ БАЙЖЭЭ

“Баян-Айраг эксплорэйшн” компанийн уурхайн шороон овоолгуудыг “Cell-1”, “Cell-2” гэхчилэн дугаарладаг аж. Ийм шороон овоолго зургаа байгаа гэнэ. Тэр хавиас нь ажлын хэсгийнхэн дээж авч шинжилсэн юм байна. Мөн тухайн овоолго доорх хальсан хамгаалалт бүтэн эсэхийг тогтоохын тулд тусгай хоолойг нь шалгаж үзтэл зориулалтыг нь өөрчлөн, өөр хоолойд залгасан байжээ. Ажлын хэсгийнхэн тус компанийн ажилчдаар зориулалтыг нь өөрчилсөн дөрвөн хоолойг салгуулж шалгахад шингэн алдагдаж байсан аж. Уг шингэнийг тус уурхайн лабораторид яаралтай шинжилж үзэхэд натрийн цианидтай ус болох нь тогтоогджээ. Энэ нь уг уурхайн үйл ажиллагааг зогсоох хангалттай үндэслэл юм байна. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 66.4-т “Ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь үйл ажиллагаандаа химийн хорт бодис, бэлдмэл хэрэглэхдээ хууль тогтоомж, аюулгүй ажиллагааны дүрэм, технологийн горимыг дагаж мөрдөөгүйгээс хүний эрүүл мэнд, байгаль орчин, мал, амьтанд ноцтой хохирол учруулсан бол тусгай зөвшөөрлийг нь энэ хуулийн 56 дугаар зүйлд заасны дагуу цуцалж, 20 жилийн хугацаанд дахин тусгай зөвшөөрөл олгохгүй” гэж заасан байдаг.

Ийм ноцтой баримт илэрчихээд байхад асуудлыг одоо болтол шийдсэнгүй. Тухайн үед Засгийн газрыг огцруулах тухай асуудал яригдаж байсан. Түүнийг дагаад Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Ашигт малтмалын газар, цагдаа, хуулийн байгууллагын удирдлагуудын албан тушаалын асуудал ч дээсэн дөрөөн дээр дэнжигнэсэн. Сандал ширээндээ яаж тогтож үлдэх вэ гэдэгтээ анхаарсан дарга нараа дагаад доод албан тушаалтнууд ч ажлаа алдсан. Энэ цоорхойгоор “Баян-Айраг эксплорэйшн”-тэй холбоотой хэрэг орчихсон билээ. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Дээрээ суудлаа олж цэгцэрсэн бол доороо асуудлаа шийдэж нэг тийш болголтой. Гэтэл тэгэхгүй байлгаад байгаа нь хачин.

ДӨРВӨЛЖИН СУМЫН БҮХ ИРГЭНД ХИШИГ ХҮРТЭЭХ ҮҮ

Дөрвөлжин сум “Баян-Айраг эксплорэйшн” компанитай хамтран ажиллах гэрээ байгуулсан аж. Гэрээнд Засаг дарга гарын үсэг зурвал Ашиг сонирхлын тухай хуулиар буруутах учраас багийн Иргэдийн нийтийн хурлын шийдвэрээр “Баян Дөрвөлжингийн өгөөж” гэх ТББ байгуулж, “Баян-Айраг эксплорэйшн” компаниас суманд оруулах хөрөнгө оруулалтын асуудлыг шийдүүлэхээр болжээ. Гэсэн ч тус ТББ “Баян-Айраг эксплорэйшн”-тэй гэрээ байгуулж чадаагүй байгаа гэнэ. Гэлээ ч хоосонгүй. Сумынхаа таван багт тус бүрт нь 10 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлгэж байгаа аж. Цаашид тус компани Дөрвөлжин сумын бүх иргэнд байгалийн баялгаас нь хишиг хүртээхээр ам алдсан юм байна. Мөн хуучин Ахуй үйлчилгээний төвийн тоног төхөөрөмжийг ашиглан, оёдлын цех байгуулахад 10 гаруй сая төгрөгөөр оёдлын машин, бас бус зүйл авч өгчээ. Зургаан хүнийг ажилтай болгосон эл цехэд “Баян-Айраг эксплорэйшн” ажилчдынхаа ажлын хувцсыг захиалан оёулдаг юм байна.

“МАЛЫН УУШГИ ӨВЧИЛЖ БАЙНА”

Дөрвөлжин сумын Цогт баг 150-иад өрх айлтай. Энэ багийн 12 малчны өвөлжөө уурхайн А бүсэд, 20 гаруй малчны өвөлжөө Б буюу нөлөөллийн бүсэд оржээ. Уурхайн ойр орчимд нутагладаг малчид “Малын уушги өвчилж байна. Уушги нь хавиргатайгаа наалдсан, томорсон байна” гэж гомдоллох болсон байна. Энэ талаар тус уурхайнханд мэдэгдэхэд “Манайх замаа усалдаг учраас тоосжилт үүсэх үндэслэл байхгүй” гэж хариулжээ. Энэ талаар олонтаа ярьж танилцуулсны дараа “Өвчилсөн малын уушгийг Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторид шинжлүүлье. Шинжилгээний зардлыг манайх гаргая” гэсэн хариу өгсөн боловч зардлаа өгөлгүй таг болсон гэнэ. Тус компани уурхай доторх 800 метр зам дээрээ ус цацдаг ч усалдаггүй аж.

Уурхай Цогт багийн малчдын өвөлждөг нутагт байрладаг. Энэ жил цас бага орсон тул тоосжилт маш их байгааг нутгийн иргэд хэллээ. Өөрсөдтэй нь холбоотой хэл ам гарсны дараа “Баян-Айраг эксплорэйшн” компанийнхан сумын иргэдийг уурхайтайгаа танилцуулна хэмээн хэдэн хүн автобусанд суулган авч явжээ. Уурхайдаа очоод тэднийг буулгалг үй, автобусны цонхоор харуулаад буцаасан гэнэ. Цогт багийн иргэдийг “Баян Дөрвөлжингийн өгөөж” ТББ-тай хамтран, эсэргүүцэл зарласны дараа “Баян-Айраг эксплорэйшн” эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр дөрвөн “Хово”, хоёр “Бонго”, хоёр автобус авч өгчээ. Иргэд түүнийгээ “Баян-Айраг эксплорэйшн”-д эрг үүлэн түрээслүүлдэг юм байна. Түрээсийн мөнгөнөөсөө “Баян-Айраг эксплорэйшн”-д машинуудынхаа төлбөрт суутгуулаад үлдсэнийг нь авч, иргэдэд тараадаг болжээ. Ингэснээр нэг айлд ойролцоогоор 100 мянган төгрөг ногддог юм байх.

Х.ЭРХЭМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.