Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“ОТГОО”-ГИЙН ШАВЬ НАР ОНЦГОЙ ШҮҮ

“Манай циркийн урлаг дэлхийд айргийн тавд багтдаг” хэмээн ярих Д.Отгонцэцэг 60 гаруй мэргэжлийн уран нугараач, акробат, тэнцвэрийн жүжигчин бэлтгэн гаргасан багш бөгөөд түүний байгуулсан “Отгоо” студийн 15 жилийн ой энэ онд тохиож буй. Тус студийнхэн циркийн урлагийг сурталчлах зорилготой нээлттэй өдөрлөгийг Улсын их дэлгүүрт зохион байгууллаа. Уран нугаралт, акробат, жонглер, тэнцвэрийн үзүүлбэрийг хүмүүс тун шимтэн сонирхож байв.

Уран нугаралтын “Отгоо” студи 2007 онд байгуулагдсан аж. Тус студиэс төрөн гарсан уран нугараачид, жүжигчид олон улсын циркчдийн “А” зэрэглэлийн тэмцээн, наадмуудаас гран-при шагнал, алт, мөнгө, хүрэл медаль авчирч байв. Одоогоор “Отгоо” студид 50 гаруй хүүхэд уран нугаралт, циркийн нарийн мэргэжлээр сурдаг гэсэн. “Уран нугаралтаар хичээллэх нь бие бялдарыг өв тэгш хөгжүүлэхээс гадна тэсвэр тэвчээр их шаарддаг. Тиймээс суралцагчид өв тэгш хүмүүжилтэй болдог. Манай студийн хүүхдүүд уран нугарахын хажуугаар цагариг эргүүлэх, агаарын гимнастик, тэнцвэрийн үзүүлбэрүүдийг ч сурдгаараа давуу” хэмээн Д.Отгонцэцэг ярилаа.

Түүний олон шавь ОХУ, БНХАУ, АНУ, Англи, Итали, Герман, Унгар, Голланд, Франц, Өмнөд Африк зэрэг улсад мэргэжлээрээ ажиллаж Монгол Улсаа дэлхийд таниулж явна.

Х.ЦОЛМОН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.