Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.ДАШБАЛ: АРЬС ШИРНИЙ ҮЙЛДВЭРҮҮД БАЙГАЛЬ ОРЧИН БОХИРДУУЛДАГ ГЭХ МУУ НЭРНЭЭСЭЭ САЛАХ БОЛОМЖТОЙ

Монгол эрдэмтэд арьс шир боловсруулах үйлдвэрт зориулан хөрс, ус бохирдуулдаггүй Био органик систем хэмээх шинэ технологи бий болгосон талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Энэхүү технологийн талаар Хөнгөн үйлдвэр, судалгаа хөгжлийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан С.Дашбалтай ярилцлаа.

-Юуны өмнө Био органик системийнхээ талаар дэлгэрэнгүй тайлбарлахг үй юү. Арьс ширний үйлдвэрүүдэд энэ технологио нэвтрүүлэхэд бэлэн үү?

-Бараг л бэлэн болсон. Манай хүрээлэнгийн Арьс ширний үслэг судлалын төвийн багийнхан, 7-8 инженер сүүлийн гурав, дөрвөн жилийн турш арьс ширний үйлдвэрүүдийн технологийг цэвэршүүлэх, цэвэр технологи гаргах чиглэлээр ажиллаж байна. Энэ нь бидний толгойноос гарсан цоо шинэ зүйл биш. Дэлхийн аль улсад ямар зөв зүйтэй арга технологи ашиглаж байна, түүнийг нь түүвэрлэж авсан. Тухайлбал, хромгүй буюу хүнд металл хэрэглэдэггүй идээлгийн аргыг Голланд, үс авдаг технологийг Итали, арьс шир боловсруулах био органик технологи ашиглах талаар Энэтхэг улсын туршлагаас судалж, нэвтрүүлсэн. Үүнийгээ дэлхийн түвшинд хүрсэн, чанартай бүтээгдэхүүн болгох зорилго тавин ажиллаж байна. Зорилгоо биелүүлэхийн тулд технологио сайжруулах хэрэгтэй. Арьс ширний үйлдвэрүүдийн санаа зовох гол асуудал нь цэвэр технологи юм. Яагаад гэхээр арьс ширэн бүтээгдэхүүнийг хромгүй, хүнд металл агуулаагүй, бусад хортой бодис хэрэглээгүй байх, хүрээлэн байгаа орчиндоо сөрөг нөлөө үзүүлдэггүй технологиор боловсруулах нь өдгөө зөвхөн Монголын бус, дэлхий нийтийн шаардлага болоод буй. Энэ тал дээр дэлхийн арьс ширний холбооноос зохих хязгаарлалтуудыг тавьж байна. Тиймээс бид тэр түвшинд хүрсэн технологи боловсруулах хэрэгтэй. Ингэхийн тулд бид гаднын туршлага судалж, мэдээллийг нь ашиглан энэхүү био органик системийг бий болгосон. Уг технологийн тусламжтайгаар арьс ширний үйлдвэрүүд бохир, муухай үнэртэй, байгаль орчин бохирдуулдаг гэх муу нэрнээсээ салах бүрэн боломжтой. Бид одоогоор технологио лабораторийн түвшинд, хагас үйлдвэрлэлийн нөхцөлд туршиж байна. Тэгэхээр цаашдаа арьс ширний салбарын үйлдвэрлэлийн технологи цэвэр болно гэсэн үг.

-Арьс шир боловсруулах химийн олон үйл ажиллагааг цогц систем байдлаар шийдэж өгсөн гэсэн үг үү?

-Тийм. Гол нь химийн олон процессыг систем байдлаар шийдэж өгсөнд энэхүү технологийн гол онцлог нь оршиж байгаа юм. Арьс ширийг дэвтээнэ, угаана, үсийг нь авна, нэвтэлнэ, идээлнэ, дараа нь будна гэх мэт олон шат дамжлагатай. Тэгвэл технологийн систем хэлбэрээр дээрх үйл явцыг багасгасан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, химийн боловсруулалтын зургаа, долоон шат дамжлага дамждаг байсан бол технологийн энэ системийг ашигласнаар гурав, дөрөвхөн дамжлагатай болох юм. Түүнчлэн бүтээгдэхүүн нь ч цэвэр болно. Өөрөөр хэлбэл, хүнд металл, хром агуулаагүй гэсэн үг. Бүтээгдэхүүн нь ийм болчихоор хаягдал ус нь ч цэвэршинэ. Ингэхээр урьдчилан цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагааг ч хөнгөвчилж байгаа юм.

-Бохир усыг хэдэн хувь цэвэршүүлж байгаа вэ?

– Арьс ширний үйлдвэрүүдийн үс авах технологийн ус бохир, ёроолдоо бодис тунасан байдаг. Манайхан үхрийн арьсыг боловсруулахдаа үсээ уусгаад явуулчихдаг. Үүний улмаас их хэмжээний уураг агуулсан бохир ус гардаг. Тэгвэл био органик системийг ашигласнаар цэвэр ус гарна. Өнөөх сульфидтэй бохир ус 70 хувь цэвэршинэ. Агаар, орчныг бохирдуулдаг хий үүсэхгүй. Био органик системийн хөрс, ус бохирдуулдаггүй шалтгаан нь сульфид, хромтой арьсыг хаяхаар задардаггүйтэй холбоотой. Манай технологийг ашигласнаар богино хугацаанд задарч, хөрсөнд хортой нөлөө үзүүлэхгүй. Бас үсээ хамгаална. Өөрөөр хэлбэл, үс нь үлдэнэ, уусахгүй гэсэн үг. Үүнийг нь шүүгээд авчихна. Уг нь хаягдлаа хаях биш боловсруулах ёстой. Үүнд маш их уураг агуулагдаж байдаг. Дэлхий уургаар дутагдаж байна гээд байгаа шүү дээ. Ядаж л бордоо болгоод тариалалтад ашиглаж болно. Бусад улсад ч ингэж ашигладаг. Түүнчлэн органик идээлгийн арга нь маш нягт, зөөлөн, атираагүй, бөх бат, нарийн ширхэг бүхий гадаргуутай, ердийн чийглэг цагаан болгодог. Мөн будгийн хэрэглээг 20 хувь хэмнэдэг. Металл, альдегид, фенол агуулаагүй, давсгүй гэх мэт давуу талтай.

-Ямар шаардлага хангасан бүтээгдэхүүнийг эко гээд байгаа юм бэ?

-Энгийн үгээр хэлбэл экологид харшлахгүй цэвэр бүтээгдэхүүн гэсэн үг. Экспортлох эрхийн шаардлага хангасан ® тэмдэг бүхий химийн бодис хэрэглэж боловсруулсан, арьс ширэн бэлэн бүтээгдэхүүн нь хүнд металл (хром, циркон, титан, хар тугалга г.м), чөлөөт ба гидролиз формальдегид (150 ррm-с ихгүй), дөрөв буюу тав хлорт фенол, алкил фенол этил оксилат агуулаагүй болох нь батлагдсан бол үүнийг эко бүтээгдэхүүн гэнэ. Тэгвэл түүхий эдийн нөөцийг хэмнэсэн, усны ба энергийн хэрэглээг бууруулсан, био болон нано материал ашигласан бол ногоон технологи юм.

-Био органик системд хэчнээн төгрөг зарцуулав. Төрөөс та бүхний энэ ажлыг дэмжиж байна уу?

-Бидэнд тоног төхөөрөмж, хагас үйлдвэрлэлийнхээ туршилтыг явуулах, багаж хэрэгсэл авах мөнгө өгсөн. Үндсэндээ 700 орчим сая төгрөг зарцуулсан. Одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх л үлдээд байна.

-Арьс ширний үйлдвэрийнхэнтэй уулзав уу. Үүнийг хэр нааштай хүлээж авч байх юм.

-Технологийнхоо талаарх мэдээллийг тэдэнд хүргэсээр л байна. Арьс ширний үйлдвэрүүд тоног төхөөрөмж худалдан аваад үйлдвэрээ шинэчлэх амархан. Гэвч энэ технологи буюу био органик систем ийм ач холбогдол, онцлогтой гэдгийг таниулах нь тийм амар ажил биш юм байна.

-Тэгэхээр арьс шир үйлдвэрлэгчид энэ технологийн талаар сайн ойлголтгүй байна гэсэн үг үү?

-Тэд үйлдвэрлэлдээ шинэ технологи нэвтрүүлээд, шинэ сайхан зүйл хийх санаа байвч, хүлээж авахад хэцүү байх шиг байна. Учир нь арьс ширний үйлдвэрийг тийм ч амархан өөрчилчихөж болдоггүй. Олон төрлийн машинтай. Нөгөөтэйгүүр эдийн засгийн асуудалтай холбоотой. Одоогоор Дархан-Уул аймаг болон Хан-Уул дүүрэгт байрлах хоёр үйлдвэр бидний бий болгосон технологийг үйлдвэртээ нэвтрүүлэх санал тавьсан.

-Арьс ширний үйлдвэрүүд хэр хэмжээний мөнгөтэй байж Био органик системийг нэвтрүүлэх боломжтой вэ?

-Үйлдвэрүүд одоо ашиглаж байгаа тоног төхөөрөмж дээрээ энэхүү системийг ашиглах бүрэн боломжтой. Ингэхийн тулд хэрэглэдэг химийн бодисоо өөрчилнө гэсэн үг.

-Химийн бодисынх нь үнэ ямар байдаг юм бол. Хаанаас авах вэ?

-Тийм ч үнэтэй биш. Тэд бохир усныхаа төлөө хэчнээн их мөнгө төлдөг гэж санана. Нэг үйлдвэр дээр биш, дам дамаа дамжсан үйл ажиллагаа өрнөдөг. Тэр зардлаараа нөхөгдөнө гэсэн үг. Түүнчлэн бид манай бүтээгдэхүүнийг экспортод гаргах эрх олгоно. Химийнхээ бодисыг Голландын “Spahl” хэмээх фермээс авна.

-Тэр ферм арьс шир үйлдвэрлэгчдэд материалаа нийлүүлээд байж чадах уу?

-Чадна. Үйлдвэрүүд оруулж ирэх л асуудал байна даа.

-Энэ системийг арьс ширний үйлдвэрүүдэд нэвтрүүлснээр Туул голын бохирдлыг хэдэн хувиар бууруулж чадах бол?

-Иргэд Туул голыг бохирдуулж буй нэг хүчин зүйл нь арьс ширний үйлдвэрүүд гэсэн буруу ойлголттой байдаг. Туул гол руу усаа шууд хийчихдэг үйлдвэр байхгүй байх. Төв цэвэрлэх байгууламжид очихоороо дутуу цэвэрлэгдсэн байж болно. Үүнийг үгүйсгэхгүй. Хром, натри нь байж болно. Харин Төв цэвэрлэх байгууламж биологийн цэвэрлэгээ хийж чаддаггүй. Хүчин чадал нь хүрдэггүй ч юм уу, шалтгааныг нь сайн хэлж мэдэхгүй байна.

Д.БАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.