Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хамгаалагчдад гүйцэгдэх шахсан дээрэмчин МӨНГӨӨ ХАЯАД ЗУГТЖЭЭ

Энэ сарын 7-ны 20.30 цагийн орчим гар буугаар зэвсэглэсэн этгээд Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутагт байрлах “Капитрон” банкны “Сандэй” тооцооны төвд халдаж, 20 сая төгрөг дээрэмджээ. Гэвч тус банкны хамгаалагч, теллер хоёр залуу гэмт этгээдийн араас хөөхөд 20 сая төгрөгөө хаяад зугтсан байна. Тус тооцооны төв нь амралтын өдрүүдэд 10.00-21.00 цагийн хооронд ажилладаг бөгөөд ажил дуусах үеэр нь ийн халдсан аж.

Тус банкны үйл ажиллагааг түр хаасан гэх мэдээлэл өчигдөр зарим мэдээллийн сайтад гарсан ч энэ нь ташаа байв. Биднийг уг банкинд очиход үйл ажиллагаагаа хэвийн үргэлжлүүлж байсан юм. Тус банкны теллер “Банкны үйл ажиллагааг зогсоогоогүй. Энэ хэргийг Баянзүрх дүүргийн Цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа” гэв. Тус хэлтсийнхнээс энэ талаар тодруулахад “Банк дээрэмдсэн этгээдийг орон даяар эрэн сурвалжилж байна. Мөрдөн байцаалт эхэлж байгаа болохоор ямар нэгэн мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.

Цагдаагийн байгууллагынхан “Арилжааны банкинд халдлага гарлаа” гэсэн мэдээллийн дагуу тус газарт очиход 30 орчим насны залуу зэвсэг ашиглан халдлага үйлдсэн байж. Тухайн хүний дээрэмдсэн мөнгийг цагдаагийн байгууллага эд мөрийн баримтаар хураан авчээ. “Капитрон” банкны маркетингийн менежер Э.Оргилоос энэ талаар тодруулахад “Бямба гаригт “Сандэй” тооцооны төвд 30 орчим насны хүн халдсан хэрэг гарсан.

Тус салбарын хамгаалагч үүргээ сайн биелүүлж, дээрмийн хэргийг таслан зогсоон, 20 орчим сая төгрөгийг алдалгүй авч үлдэж чадлаа. Банкны ажилтнуудын амь нас, эрүүл мэнд болон эд хөрөнгийн хохирол гараагүйд баяртай байна. Цагдаагийн байгууллагаас долоо хоногийн камерийн бичлэгийг шүүхээр авч явсан. Бид хэрэгтэй мэдээллийг цагдаагийнханд өгч байгаа. Цаашдаа анхаарал болгоомжтой байхыг ажилтан, хамгаалагч нартаа сэрэмжлүүлсэн” гэв.

Банк дээрэмдэх гээд бүтэлгүйтсэн тухайн этгээд нүүрээ халхалсан байжээ. 2015 он гарснаас хойш шатахуун түгээх станцад халдсан, таксины жолоочийг дээрэмдэх явцдаа амийг нь хороосон, ченж хятадуудыг егүүтгэж, 200 гаруй сая төгрөгийг нь дээрэмсэн хэргийг цагдаагийнхан шуурхай илрүүлсэн. Гэвч цаашдаа ийм хэрэг дахин гарахгүй гэх баталгаагүй учраас цагдаагийн байгууллагаас бэлэн мөнгө ихээр төвлөрдөг газруудыг хяналтын камераа сайжруулах, тухайн серверийг өөр газарт байрлуулахыг шаардаж буй юм байна.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.