Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

С.ЦЭРЭНЧИМЭД: БИ ЭЭЖИЙНХЭЭ ДАЙЧИН ЧАНАРЫГ ДУУРАЙСАН

ОХУ-ын Санкт-Петербург хотноо энэ сарын 7-8-нд болсон чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн шилдэг найман баг оролцдог Дэлхийн цомын тэмцээнд манайхан анх удаа хүрэл медаль хүртлээ. Дэлхийн цомын тэмцээний хүрэл медалийн төлөө Монгол, АНУ-ын баг халз өрсөлдөж, манай бүсгүйчүүд тав хожин, ялалт байгуулсан юм. Энэхүү тэмцээний 60 кгын жинд зодоглосон гавьяат тамирчин С.Цэрэнчимэд өөрийн өрсөлдөгч болох Кеслей Рене Кэмпэллийг 12:1-ийн харьцаатайгаар илт давуу буулгаж авсан нь манай багийн бүсгүйчүүдэд ялах итгэл, урам зориг өгсөн болов уу. Сүхээгийн Цэрэнчимэд ийм л зангарагтай тамирчин. Ямар ч өрсөлдөгчөөс эмээж бэргэлгүй, хүссэн мэхээ санаандаа хүртэл хийж чаддаг дайчин бүсгүй. 2014 оны есдүгээр сард Узбекистаны нийслэл Ташкентад болсон насанд хүрэгчдийн ДАШТ-д тэр бөмбөрцгийн хэмжээний тамирчин гэдгээ баталсан билээ. Эмэгтэйчүүдийн чөлөөт бөхийн 60 кг-ын жинд тив, дэлхийд ноёлдог “хашир бурхи”- нууд түүний дархан мэх (хөл авах)- нд хэрхэн хууртахгүй байх учраа олохгүй тэвдэн сандарч, ээлж дараалан оноо алдацгаасан. Үүний дараа бид цэл залуухан дэлхийн аваргаа угтаж авсан түүхтэй. Хэнтийн бор охиноор бахархаж омогшсон монголчууд түүнийг морин жилийн “Оны алдартан”-аар өргөмжилсөн нь жирийн хэрэг биш ажгуу.

ОХУ руу тэмцээнд явахынхаа өмнөхөн манай редакцид ирж өргөмжлөлөө гардан авах үеэр нь түүнтэй ярилцлаа.

-Морин жил таны хувьд амжилт, од хиймориор бялхсан цаг хугацаа байлаа. Энэ амжилтыг тань ард түмэн мялааж, манай сониноос уламжлал болгон зохион байгуулдаг “Оны алдартан”- ы шалгаруулалтад таныг эхний гуравт нэрлэсэн байх. Тухайн үед та өргөмжлөлөө гардаж амжаагүй. Тиймээс одоо сэтгэгдлээ хуваалцана уу?

-Тив, дэлхийн дэвжээнд Монгол Улсынхаа нэрийг гаргасныг маань төр засаг, ард түмэн өндрөөр үнэлж, дэмжиж байгаад талархаж явдаг. Цаашид бэлтгэл сургуулилалтаа улам сайн хийж, илүү их амжилт гаргаж, та нарынхаа итгэл хүндэтгэлийг дааж явахыг хичээнэ ээ. Намайг үргэлж дэмжиж, тусалж байдаг гэр бүл, багш дасгалжуулагч, төрөл садан, найз нөхдөдөө болон “Алдар” спорт хороо болон, Чөлөөт бөхийн холбооныхондоо, Үндэсний шигшээ багийнхандаа баярлаж явдгаа хэлмээр байна. Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Хосбаяр, гавьяат тамирчин Ц.Цогтбаяр гэсэн хоёр мундаг хүн миний багш. Хар багаасаа багш нартайгаа хичээллэж эхэлсэн болохоор тэднийг аав шигээ санаж, хүндэлж явдаг. “Оны алдартан”-ы батламж гардуулах ёслолын өмнөх өдөр би гадаадаас ирсэн. Тэгээд цаг хугацаа их давчуу байсан учраас очиж амжаагүй юм. Манай багийнхан оны эхээр Австри улсад зохиогдсон Нээлттэй тэмцээнд амжилттай оролцоод, дөрвөн цомтой эх орондоо ирсэн. Миний хувьд 63 кг-ын жинд барилдаж, аваргын цомыг нь авчирсан. Он гарснаас хойш олон улсын хоёр дахь тэмцээндээ оролцохоор маргааш (гуравдугаар сарын 3) явах гэж байна.

-Энэ жил өөр ямар том тэмцээнүүд байгаа вэ. Олимпийн эрх авах тэмцээнүүд арай болоогүй бил үү?

-Энэ жилээс би 63 кг буюу шинэ жинд барилдаж эхэлж байгаа. Бэртлийн улмаас сая улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож чадаагүй. Удахгүй манайд “Mongolia Open” болно. Энэ мэт тэмцээнүүдийн дүнгээс харж байгаад дэлхийн аваргад намайг явуулах эсэхээ шийдэх болов уу. Тиймээс одоо шууд “Би дэлхийн аваргад явна” гэж хэлж болохгүй. Явах хүсэл байгаа. Дэлхийн аваргын дэвжээнд Монголынхоо Төрийн дууллыг дахин эгшиглүүлэхийн тулд бэлтгэл сургуулилалтаа ч сайн хийж байна.

-63 кг-ын жинд гавьяат тамирчин Соронзонболдын Батцэцэг гэж мундаг бүсгүй хүч сорьдог. Олимп, дэлхийн аваргын тэмцээнд хэнийг нь явуулах вэ гэдэг гол өрсөлдөөн та хоёрын дунд болох байх. Саяхан л нэгнийхээ дээлийн захыг “мушгиж” явсан эгч, дүүс одоо тамирчин хүний хувьд өрсөлдөгч гэсэн өөр байр сууринд ирэхээр ямар санагдаж байна вэ?

-Батцэцэг эгч яалт ч үгүй манай чөлөөтийн эмэгтэйчүүдийн бахархал болсон хүн. Анхны дэлхийн аварга, олимпийн анхны медальтан шүү дээ. Манай эмэгтэйчүүд олимпоос медаль авах боломжтой шүү гэдгийг бидэнд үлгэрлэсэн тамирчин учраас их хүндэлдэг. Бэлтгэл сургуулилалт дээр бид сайн эгч, дүүсийн харилцаатай байдаг. Одоо харин нэг жинд барилдах учраас тэмцээн дээр бол өрсөлдөгч болно л доо. Гэхдээ одоогоор бид хоорондоо таарч барилдаж үзээгүй байгаа.

-Бэртлийн улмаас улсын аваргын тэмцээнд оролцож чадаагүй гэсэн. Одоо гайгүй биз дээ?

-Улсын аварга шалгаруулах тэмцээнээс дөрөвхөн хоногийн өмнө бэртэл авахад их харамсалтай байсан. Шагайны шөрмөс сунасан гэсэн оноштойгоор сар гаруйн хугацаанд эмчилгээтэй, бэлтгэл хийхгүй байхад бас л хүнд юм билээ. Тамирчин хүнд нэг өдрийн бэлтгэл ч чухал байдаг. Бид байнгын бэлтгэл хийж байж л алдаагаа засаж, дараа дараагийн алхмаа зөв тодорхойлдог. Тиймээс их, бага хэмжээний гэмтэл тамирчдын үнэтэй цагийг алдуулдаг нь хайран байдаг.

-Дэлхийн аваргын тэмцээнд явахынхаа өмнө хээрийн бэлтгэл дээр гэмтээд, ах руугаа уйлж утастсан нь ийм учиртай байх нь ээ?

-Айлын бага хүүхэд учраас ямар нэгэн зүйл болохоор гэрийнхэнтэйгээ байнга холбоо барьдаг юм. Маш их хичээж, зорьсон зүйлдээ хүрэхийн өмнөхөн тэгж бэртсэн нь харамсалтай санагдаад, гэрийнхэнтэйгээ сэтгэлээ хуваалцаж байгаа хэрэг л дээ. Тэр өдөр яагаад ч юм ах маань над руу залгаагүй байсан юм билээ. Удаан хугацаанд өөрийгөө зовоон байж хийсэн бэлтгэл минь юу болж таарах вэ, цаашид би яах бол гээд тэрүүхэн хооронд их олон юм бодогдсон. Тэгээд л ах руугаа залгасан нь тэр.

-Ерөнхий боловсролын сургуулиа төгсөөд шууд Япон явсан юм уу. Бас таныг “Аварга” биеийн тамирын дээд сургуульд сурч байсан гэдэг юм билээ?

-Яг ч тийм биш ээ. Би нийслэлийн 79 дүгээр сургуулийг хугацаанаасаа хоёр жилийн өмнө буюу 2011 онд төгссөн. Элсэлтийн ерөнхий шалгалтдаа бүртгүүлсэн байсан ч хоцорчихсон. Намайг насанд хүрэгчдийн Азийн аваргын тэмцээнд оролцоод ирэхэд шалгалт нь дуусчихсан байж билээ. Тэгээд хоёр жилийн турш бэлтгэл сургуулилалт хийсний үр дүнд 2013 онд насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд анх оролцож, түрүүлсэн. Тэр тэмцээнд түрүүлэх нь миний хувьд маш чухал байсан. 2013 оны улсын аваргад түрүүлбэл дараа дараагийн тэмцээнүүдэд оролцох эрх нээгдэнэ гэж бодсон минь буруу байгаагүй. Тэр жилийн дэлхийн аваргаас медаль авчирсан ОУХМ Мөнхтуяа эгчийг ялж, алтан медаль хүртсэнээр холбооныхоо ерөнхийлөгч Д.Дагвадорж ахын нүдэнд өртсөн болов уу. Тэрбээр намайг Японд суралцах эрхээр шагнасан.

-Японд сурч байгаад буцаж ирснийг тань хүмүүс олон янзаар тайлбарладаг юм билээ. Яагаад тэр сайхан газарт удаагүй хүрээд ирсэн юм бэ?

-Дагваа аваргаас тэр саналыг хүлээж аваад их баярласан. Тэгээд гэр бүлийнхэнтэйгээ ярилцаад явахаар шийдсэн юм. Японд би чөлөөт бөхийн багш, дасгалжуулагчийн ангид зургаан сар сурсан. Өглөө хөнгөн бэлтгэл хийгээд, 08.00-16.15 цагийн хооронд хичээлдээ сууна. Тарангуутаа 16.45 цагаас бэлтгэл хийдэг. Японд үнэхээр их ачаалалтай байсан шүү. Сургуульдаа ганцаараа монгол оюутан учраас нэрээ их хичээнэ. Хэл мэдэхгүй болохоор мэдрэмжээрээ бүх зүйлийг сурсан. Гэхдээ хүмүүсийн яриад байгаа шиг Японд очоод, бүхнийг сурангуутаа дэлхийн аварга болчихсон юм биш л дээ. 12 настайгаас минь эхлээд багш нарынхаа надад зааж, сургасан бүхнийг япончуудын дэг сургуультай хослуулан, хөгжүүлсний ачаар хоёр ч удаа дэлхийн аварга болсон байх. Гэвч удалгүй ээжийн минь бие чилээрхэж эхэлсэн тул буцаад ирсэн. Нөгөө талаар миний хамгийн гол зорилго олимп, дэлхийн аварга болох. Тэгэхийн тулд тамирчин хүн янз бүрийн тэмцээнд оролцож, өөрийгөө бусдын хаахна явааг мэдэх хэрэгтэй байдаг. Гэтэл Японд надад тэмцээн уралдаанд орох боломж бараг байгаагүй. Тэнд байхдаа би ганц удаа л Залуучуудын дэлхийн аваргад оролцож, түрүүлсэн. Тэр тэмцээнд намайг оруулахын тулд багш нар, манай Чөлөөт бөхийн холбооныхон визийн асуудлаас эхлээд маш их хөөцөлдөж билээ. Удаан хугацааны дараа тэгж тэмцээнд оролцох үнэхээр сайхан байсан шүү.

-Та чинь тэгвэл өмнө нь дэлхийн аваргын хүндэт тавцанд зогсож, Төрийн дууллаа эгшиглүүлж байсан хүн юм байна шүү дээ?

-Тийм ээ. Хүмүүс харин өнгөрсөн жилийн дэлхийн аваргаар минь л хүлээж авдаг (инээв).

-Таныг барилгын инженер болох хүсэлтэй гэдгийг дуулаад ШУТИС-аас урилга өгсөн гэл үү. Сургуульдаа хэзээ сурах вэ?

-Одоохондоо таг чиг л байна. Би өөрөө тэдэнтэй холбоо барих гээд бас амжихгүй л байна (инээв). Урилгаа ч яг гардаж аваагүй байгаа. Дараа жил оюутан элсүүлэхдээ намайг хамт оруулж бүртгэнэ гэж л намар хэлсэн. Хэдийгээр миний сонгосон зам спорт ч гэлээ залуу хүн сурч боловсрох ёстой гэж боддог. Тиймээс цаашид сурах, өөрийгөө хөгж үүлэх талаар боломжоороо анхаарна.

-Таныг дэлхийн аварга болоход хамгийн их баярлах шалтгаантай тэр хүн хэн бол. Таны ээж үү, эсвэл заан Сүхээ гэдэг хүний бөхийн удмыг таслахгүй гэхдээ дүүгээ Хосоо багш дээрээ аваачиж өгөөд, өөрөө Солонгос явж, тэндээс тэмцээний зардал явуулдаг байсан ах тань уу. Эсвэл тэнгэрээс та нарыг харж байгаа аав тань илүүтэй баярласан болов уу?

-Хамгийн их баярласан хүн бол миний ээж байх аа. Намайг гурван настай байхад аав минь өөд болсон. Хар залуугаараа бэлэвсэн хоцорсон ээж минь дөрвөн хүүхдээ өдий зэрэгтэй өсгөх гэж гадаа гарч эр, гэрт орж эм болсоор олон жилийг үдэж байна. Би ээжээрээ маш их бахархдаг. Ээж минь маш дайчин. Би ээжийнхээ дайчин чанарыг дуурайсан… (хоолой нь зангирав)

-Дэлхийн аваргын төлөөх торгон агшны барилдааныг ээж, ах хоёр тань телевизийн студид үзсэн гэсэн. “Гэртээ зурагтгүй болохоор өмнөх барилдаануудыг нь интернэтээр үзсэн” гээд хэвлэлээр бичээд байсан. Үнэхээр тийм зүйл болсон юм уу. Эвгүй санагдвал хариулахгүй байж болно?

-DDISH TV кабелийн сувгийн маань картын хугацаа дууссаныг ээж анзаараагүй юм билээ. Тэгээд л тэр өдөр зурагт нь гарахгүй байсан тухай ээжийн ярьсныг хүмүүс буруугаар ойлгосон байна лээ. Би энэ тухай сүүлд мэдээд их гайхсан шүү (инээв). Түүнээс биш одоо цагт зурагтгүй айл гэж үгүй байлгүй дээ.

-“Алтай констракшн” танд хоёр өрөө байр өгсөн гэсэн. Байрандаа орж амжсан уу?

-Орсон. Ээж бид хоёр байрандаа амьдарч байгаа. Энэ дашрамд манай чөлөөтийн тамирчдыг дэмжин урамшуулж байдаг “Алтай констракшн” компанийн ерөнхий захирал Х.Бат-Эрдэнэд маш их баярласнаа илэрхийлье. Тэмцээн уралдаанд оролцох зардлаа олохоос эхлээд тамирчин хүнд санхүүгийн дэмжлэг хамгаас чухал байдаг. Манай эмэгтэй тамирчдаас өөрийн гэсэн ивээн тэтгэгчтэй нь тун цөөн. Миний хувьд MTS группийн тамирчин гэж явдаг. Группийнхээ хамт олонд талархаж явдгаа хэлмээр байна. Түүнчлэн Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн зөвлөх байсан М.Хүдэрбаатар ахынхаа гэр бүлд их баярлаж явдаг.

-“Дэлхийн аварга С.Цэрэнчимэд Архангайн бэр болох нь ээ” гэдэг яриа хэдийнэ гарчихсан байна лээ. Найз залуу тань бас бөхөөр хичээллэдэг гэл үү?

-Найз залуу маань Архангайн Батцэнгэлийнх, бас жүдо болон үндэсний бөхөөр хичээллэдэг нь үнэн. Бид одоохондоо гэр бүл зохиох болоогүй. Хэн хэн нь өмнөө тавьсан зорилготой, түүндээ хүрэхийн тулд цаг хугацаа хэрэгтэй. Тиймээс одоогоор бид нэгэндээ тустай дэмтэй, жирийн сайхан үерхээд л явж байна.

-Арван естэйдөө насанд хүрэгчдийн дэлхийн аварга болж, “гавьяат” гэсэн эрхэм цол хэргэмийг Ерөнхийлөгчөөс гардаж, оны шилдгийн шилдэг тамирчнаар тодорсон энэ нэг жилийн хугацаа, энэ том өөрчлөлт өөрт тань хэрхэн мэдрэгдэж байна вэ. Олны танил болох ер нь ямар юм байна?

-Миний хувьд өөрчлөгдсөн зүйл мэдэгдэхгүй л байна. Урьдын Цэрэнчимэд яг л хэвээрээ, баг хамт олон дундаа бэлтгэл сургуулилалтаа хийгээд явдаг. Мэдээж хүмүүсийн хүндлэл их байгааг мэдэрдэг. Тэглээ гээд бусдын хэлдгээр “хамраа сөхөж” болохгүй гэдгийг би мэднэ. Тэр бол хувь хүмүүсээс өөрсдөөс нь шалтгаалах зүйл болов уу.

-Алтан медалийн төлөөх барилдааны дараа шагнал гардуулах ёслол болтол багахан хугацаа байдаг юм шиг санагддаг. “Алтан медалийн тавцанд зогсох юм чинь аятайхан харагдвал зүгээр” гээд тэрүүхэн хооронд нүүрээ тольдож, уруулаа өнгөлөх боломж эмэгтэйчүүдэд олддог болов уу?

-Тухайн тэмцээнийг зохион байгуулж байгаа орноос шалтгаалдаг. Ер нь сүүлчийн барилдааны дараа шагнал гардуулах хүртэл хугацаа тун бага байдаг даа. Үсээ жаахан янзлаад л шууд медалийн тавцан руу явах нь элбэг. Нээрээ энэ тухай би багадаа их төсөөлөн боддог байж билээ. Сүүлд Батцэцэг эгчийг дэлхийн аварга болоод, төрийн далбаагаа өргөөд гүйж байгааг харснаас хойш төсөөлөлдөө бүр автсан. Өөрийгөө алтан медаль аваад, багшдаа очиж үнс үүлж байна, төрийн далбаагаа өргөөд гүйж байна, тэгээд сүүлд нь медалиа хазаж байна гэж төсөөлсөөр нэг удаа түүндээ бүр итгээд уйлчихсан байж билээ (инээв).

-Уучлаарай, хэрэгт жаахан дурлах гэсэн юм. Та их сайхан инээмсэглэдэг. Магадгүй сайхан шүдтэй хүн сайхан инээмсэглэдэг байх. Төрөлхийн ийм сайхан шүдний нууц тань удмынх уу, эсвэл хөдөө өсөж, цагаан идээ их хэрэглэснийх үү?

-Аав маань их сайхан, жигд, цагаан шүдтэй хүн байсан гэдэг. Хазахаар нь бүгд хоорондоо нийлдэг, тийм жигд, жижигхэн шүдтэй байсан юм билээ. Жишээ нь, бид нэг утас шүдээрээ таслахын тулд нааш цааш нь хазаж байж санасандаа хүрдэг. Харин аав утсыг шүдээрээ шууд ганц хазаад л тасалдаг байсан гэдэг. Ер нь манай аавын талынхан их сайхан шүдтэй.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.