Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

БҮҮВЭЙН ДУУЧ, СҮЗҮКИ, КАРМЕН

Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлооч, шинэхэн Кармен Р.Доржхорлоотой ярилцлаа. Меццо сопраоно хоолойтой энэ дуучин өнгөрсөн онд Ж.Бизегийн “Кармен” дуурийг шинэчлэн тоглоход анхных нь Карменаар тодорсон юм. ДБЭТ-ын гурван үеийн гоцлоочидтой хамтран ажиллаж байгаа энэ авхай Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Ц.Пүрэвдоржийн шавь юм билээ. Түүний бүтээсэн “Чио Чио сан” дуурийн Сүзүкигийн дүр сэтгэлд илүү ойр байдаг юм. Монголд төдийгүй БНСУ, ОХУ-ын театрын тайзнаа тэр энэ дүрээ бүтээгээд амжсан. “Учиртай гурван толгой” дуурийн бүүвэйн дууч бол түүний анхны дүр. Бас дуучин бүсгүй Ж.Вердийн “Трубадур” дуурийн Азучена, “Аида”- гийн Амнерис, “Травиата”-гийн Флора, “Отелло”-гийн Эмилия, П.И.Чайковскийн “Евгений Онегин” дуурийн Ольга гээд орон орны бүсгүйчүүдийн дүрээр тайзнаа амьдардаг.

-Хайр дурлалынхаа төлөө мятрашгүй тэмцдэг, эсвэл хэн нэгний төлөө өөрийгөө золин амьдардаг бүсгүйчүүдийн тухай дуурьт өгүүлдэг. Эсрэг талын дүр мэт харагдаж байгаа бүсгүйгээс ч сайхныг олж харах боломжийг энэ тайз олгодог юм шиг ээ. Таны бодлоор бүх эмэгтэйд ижилхэн байдаг зүйл нь юу юм бол?

-Хайр. Энэ олон дүрийн цаана ямар нэгэн хайр байдаг. Эхийн хайр, сэтгэлт хүнээ гэсэн, эсвэл бүхний сайн сайхны төлөө гэсэн хайр бий. Ялангуяа меццо сопрано хоолойд зориулсан дүрүүд ихэвчлэн эрэмгий, баатарлаг, цыган маягийн төрхтэй, үнэнч сэтгэлтэй байдаг. Азучена гэхэд л хүүгийнхээ төлөө бүхнээ зориулсан нэгэн. Монгол дууриудаас гэвэл “Чингис хаан”-ы Хуагчинг нэрлэж болно. Тэр бол сайхан сэтгэлтэй эх. Бөртэтэй хамт хулгайлагдаад явахдаа тэрбээр хатнаа охиныхоо дайтай хайрлаж, халамжилдаг.

-Эдгээр хайрын дундаас хамгийн агуу нь аль вэ?

-Эхийн хайрыг юутай ч зүйрлэмгүй. Шүүдрийн дуслаар цай чанаж өгсөн ч нэг л шөнө босож хөхүүлсэн ачийг нь хариулна гэдэг. Дэлхий ямар том билээ, сансар огторгуй хэр уужим билээ, тэгвэл түүнээс ч агуу нь ээжийн хайр.

-Ээжийнхээ ачийг хариулахсан гэж үр хүүхэд нь хичээдэг ч, тэд минь биднээс хэзээ ч хариу нэхдэггүй шүү дээ. Магадгүй бүсгүй хүн ээж болсныхоо дараа үүнийг сайн ойлгож, ухаардаг байх.

-Үр хүүхэд төрүүлж, ээж болоод өөрөө хариуцлага хүлээдэг учраас хариу нэхэх гээд ч яах билээ. Хүүхдүүдээ сайн хүн болгож, эрүүл энх байлгахыг л хүснэ. Бас надаас илүү хүн болоосой гэж хүснэ. Би бага байхдаа ээж, ааваасаа илүү хүн болохсон гэж хүсэж байгаагүй л дээ. Гэхдээ одоо бол миний хүүхдүүд амьдралд хандаж байгаа хандлага, нийгэмд эзэлж байгаа байр сууриараа надаас илүү болоосой гэж боддог. Хүн амьдрах тусмаа туршлага хуримтлуулдаг. Өөрийнхөө дутууг гүйцээж, дундуурыг дүүргэх мэдлэгийг хүүхдүүддээ өгөхийг хүсдэг.

-Та хэдэн хүүхэдтэй вэ?

-Хоёр. Том нь хүү, бага нь охин.

-Хоёулаа том болчихсон уу?

-Том нь 24, бага нь дөрвөн настай.

-Их хол зөрүүтэй юм.

-Тийм ээ. Оюутан байхдаа хүүгээ төрүүлж байлаа.

-Та СУИС-д хэдэн онд элсэж байв?

-Би 1989-1995 онд сурч төгссөн.

-Нийгэм ид бужигнаантай, сонгодог урлагийн театр үзэгчгүй болж байсан цагт дуучин болсон байх нь ээ.

-Намайг сургуульд ороод удаагүй байхад 20 дугаар тогтоол гарч, ардчилал өрнөсөн. Картын бараанд дугаарлаад, талх авах гэж үүрийн 04.00 цагт очдог байлаа. Хүүгээ аав, ээжийнх рүүгээ хөдөө явуулчихаад нөхөр бид хоёр монгол гэр бариад, айлын хашаанд амьдарч эхэлсэн дээ. Дэлгүүрийн лангуун дээр юу ч байхгүй. Бүр лангуугаа нэг тал руу нь шахаад тавьчихсан дүр зураг л харагдана. Сайндаа л, давс, дотоодын үйлдвэрийн савхан гоймон байдаг байлаа. Аз болж аав, ээжийнхээ буянаар хоолоор тасраагүй ээ.

-Амьдарч байгаа нөхцөл байдал ороо бусгаа. Гэтэл хичээлээрээ тэнгэрлэг урлагийн тухай яриулж, тэр зам мөрийг сонгон суралцана гэдэг их хол зөрүүтэй санагдаж байна. Газар, тэнгэр хоёрын дунд учрыг нь олж, мэдэж, сурч, амьдрах ухааыг таны багш зааж өгөв үү?

-Багш нарын минь нөлөө асар их ээ. Тухайн үед алтан үеийн лидерүүд бидэнд багшилж байлаа. Тэд тайзыг эзэгнэсэн урлагийн одод учраас, бидэнд амьд жишээ болон үлгэрлэж байсан. Бас тухайн хүний өөрийнх нь хичээл, зүтгэл, сэтгэл бэрхшээлийг давахад нөлөөлнө. 1989 онд намайг сургуульд ороход 120 гаруй хүн шалгуулснаас 15 нь тэнцсэн. Яваандаа манай ангийнхан гарч явсаар гурвуулаа л төгссөн. Би бас хүүхэд төрүүлж жилийн чөлөө авчихаад доод ангидаа орж, 1995 онд төгссөн юм. Гуравдугаар курст сурч байхад сургалтын төлбөр авдаг болж, амьдралаа яая гэж байсан бид ч яахаа мэдэхгүй гайхацгаасан. Тэгсэн, сургалтын Төрийн сангаас зээл өглөө гээд нэг бичигт гарын үсэг зуруулаад өнгөрлөө. Учрыг нь ч олоогүй явж байгаад сургуулиа төгстөл дипломыг маань хураагаад авчихдаг байгаа. Зургадугаар сард сургуулиа төгсчихөөд л бид ангиараа ДБЭТ-ын найрал дууны ангид ажилд орохоор ирсэн. Театрын гадаа сар шахам эргэлдэж байж, долдугаар сарын 1-нд ажилтай болж, есдүгээр сараас нь ажиллаж эхэлсэн.

-Ангийнхнаас тань одоо ажиллаж байгаа хүн бий юү?

-Манайх их сайн анги байсан. Чадварлаг олон дуучинтай. Манай ангийн лидер нь гавьяат жүжигчин Х.Үнэнхүү. Жил гаруй ажиллаад Х.Үнэнхүү маань гоцлол дуучин болж байлаа. Одоо бол би ангийнхнаасаа ганцаараа л торойгоод үлдлээ дээ. Театртаа 10 жил ажиллаад, 2005 онд гоцлооч болсон. Тухайн үед дотоодод сургууль төгссөн хүнийг эхлээд Найрал дууны ангид авдаг журамтай байсан юм.

-Найрал дууны ангид ажиллаж байсан хэдий ч өөрийгөө сорьж, бэлдэж, байнга идэвхтэй хичээж явсаар Та олон сайхан дүртэй болжээ. Сэтгэлд хамгийн ойр дотно санагддаг дүр аль нь вэ?

-Би Дуурийн театрын гоцлооч болно гэж чин сэтгэлээсээ хүсэж, зүтгэдэг байсан учраас амралтын өдрөөр ч ажил дээрээ өнжиж, дүрүүдээ сургуулилалж, жижиг дүр оногдсон ч багш дээрээ гүйж очоод бэлтгэл хийдэг байсан. Багш минь надад “Туслах дүрүүдийг бүгдийг нь бэлдэж, өөрийн болгоод бас театрт дутагдаж байгаа дүр дээр ажилла” гэдэг байсан. Дублёргүй тоглож байгаа дуучны дүрийг бэлтгэж, өөрийн болгосон байхад боломж олдоно шүү дээ. Тухайн үед дуучдынхаа хэрхэн дуулж байгааг ажиглаж, судлахаас эхлээд бэлтгэх боломж их байсан. Анх би “Учиртай гурван толгой” дуурийн бүүвэйчийн дүрээр тайзнаа гарсан. Найрал дуундаа 2-3 жил ажиллачихсан, бас хамт дуулдаг багтайгаа тайзан дээр гарсан болохоор нэг их сандраагүй.

-Та меццо сопрано хоолойд зориулсан дүрүүд дайчин, эрэмгий байдаг гэсэн. Иймэрхүү зан чанар таньд бий юү?

-Дайчин гэхээсээ илүү их тэсвэртэй л хүн гэж өөрийгөө боддог. Ямар ч хүн цаг хугацаа, амьдралд нухлагддаг. Тийм болохоор тэвчээр их хэрэг болно. Харин дайчин зан чанар арай хол санагдаж байна.

-Эмэгтэй хүн тэвчээртэй л байж амьдралаа авч явдаг гэж боддог юм. Тоогоор төлөөлүүлбэл та хэр зэрэг тэвчээртэй хүн бэ?

-Тэвчээрийн хязгаарыг 100 хувь гэж үзвэл 80 хувийн тэвчээртэй хүн.

-Заримдаа тэвчмээргүй санагдана биз дээ.

-Үгүй ээ. Тэвчээр болгоны хязгаар өөр. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр Б.Лхагвасүрэн гуай “Хүний санаа сэтгэл хүрсэн газарт бие очдог” гэж ярьсан даа. Тэр яг үнэн. Хүн сэтгэлдээ ямар нэг зүйл бодож, төсөөлбөл түүндээ хүрэхийн тулд тэвчиж чаддаг. Амьдралд ч тэр, ажилд ч тэр ижилхэн. Харин хэтэрхий их тэвчсэн хүн хязгаартаа хүрэхээсээ өмнө буруу газраа тэсэрчих гээд байдаг тал бий.

-Хэрэв примадонна гэж хэлүүлэхээр оргилд хүрье гэвэл эмэгтэй хүн амьдралаа гаргуунд нь гаргах хэрэгтэй болж мэдэх юм. Амжилтын ард ямар нэг золиос байдаг гэдэгтэй санал нийлэх үү?

-Урлагийн хүн, тамирчдын хувьд амжилтын төлөө бүхнээ зориулж зүтгэвэл ар гэрээ тийм ч тэгшхэн байлгаж чадахгүй. Өөрөө өндөр түвшинд хүрч, амьдралаа ч тэр хэмжээний сайхан авч явах боломжгүй байх аа. Уран бүтээлч хүмүүсийн ард гэр бүлийнхэн нь бат цайз болж байдаг. Би нөхөр, хүүхдэдээ л амьдралаа даатгаад явж байна шүү дээ. Одоо бол тэд маань үүнд дасчихсан. Амралтын өдрүүдэд ажилтай, тэднийг ажиллаж байхад нь зөрж амардаг гээд л… Энэ урлагийн төлөө яваа 20 жилийн турш хань минь надтай хамт явлаа. Бас хамт олон маань миний хоёр дахь гэр бүл. Найз нөхөд, ахан дүүс шиг ижилдэн, нэгнийхээ төлөө сэтгэлээ зориулдаг сайхан хамт олонтой.

-Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр таны ярилцлага уншигчдад хүрч байна. Хайртай, дотнын хүмүүстээ мэндчилгээ хүргэх боломж танд байна.

-Баярлалаа. Намайг, энэ олон хүүхдийг төрүүлж, өсгөсөн хайртай ээждээ баярын мэнд хүргэе. Тандаа бид үргэлж талархаж явдаг шүү. Миний ээж 80 хүрсэн хүн бий. Бас Монголынхоо бүх бүсгүйчүүд, тэр дундаа хамт ажилладаг эмэгтэйчүүддээ баярын мэнд хүргэе ээ.

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.