Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

УИХ-ын дарга Даланзадгад сумын бүтээн байгуулалтын ажилтай танилцав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.03.07/ Өмнөговь аймгийн Даланзадгад суманд ажиллаж байна. Тус суманд өчигдөр хийсэн уулзалтын үеэр УИХ-ын 2014 оны намрын чуулганаар батлагдсан хууль, тогтоомжуудын талаар мэдээлэл хийж, иргэдийн асуултад хариулт өгсөн.

Энэ үеэр Өмнөговь аймгийн Даланзадгад сумын иргэн М.Ваанчиг, Монгол Улсын нутаг дэвсгэрээс нефть олборлоод багагүй хугацаа өнгөрч байхад нефть боловсруулах үйлдвэр барьж, дотоодын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээгээ хангах, нүүрсний ордуудаа түшиглэн өндөр хүчин чадалтай цахилгаан станцууд байгуулан эрчим хүчийг экспортлох хүртэл хөгжүүлэх боломж байгаа зэрэг саналыг хэлэв. Түүний асуултад УИХ-ын дарга хариулахдаа, Монгол Улсын нутаг дэвсгэрээс олборлосон нефтийг түүхийгээр нь БНХАУ руу экспортлодог талаар шүүмжлэл УИХ дээр ч яригддаг. Ганц асуудал байгаа нь үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний үнэ өртөг юм. Одоогоор нефтийн хоёр орд бий, гурав дахь нь Ханбогдод олдсон. Бүгд бага хэмжээний нөөцтэй орд юм. Манай улсын хэрэгцээг хангаж чадахгүй. Нефтийн үйлдвэр байгууллаа гэхэд урт хугацаанд ашиглах нөөц манайд байхгүй. Оросын нефтийн нөөцөд тулгуурсан үйлдвэр байгуулахаар болсон ч Оросын талаас удаан хугацаа буюу 20-30 жил түүхий эдээр хангах боломжгүй гэдгээ илэрхийлснээс болж энэ ажил хойшилсон. Гэхдээ нефтийн үйлдвэр барих асуудал яригдаж байгаа. Үйлдвэр барихад хоёр жил болно. Гол нь түүхий эдийн асуудал байгаа юм. Чойр юм уу, Сайншандад нефтийн үйлдвэр барихаар яригдаж байгаа бөгөөд тээвэрлэлтийн зардал өндөр болно. Үр дүнд нь эцсийн бүтээгдэхүүний өртөг өндөр болох нь ойлгомжтой. Ийм шалтгаанаар 1 литр нь 4000 төгрөгийн үнэтэй гарах бензинийг хэн авах вэ. Зүүн чиглэлийн төмөр замын төсөл бий. Энэ чиглэлийн төмөр зам нефть олборлож байгаа газраас баруун тийшээгээ 150 км орчим зайтай өнгөрч байгаа юм. Энэ зам ашиглалтад орох үед Матадын олборлож байгаа нефтийг зөөвөрлөж авчраад боловсруулбал хямд, Оросын нефтийн бүтээгдэхүүнтэй өрсөлдөх юм гэсэн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг дараах линкээс унших боломжтой. Харин УИХ-ын дарга өнөөдөр /2015.03.07/ Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцав. Төслийн бүтээн байгуулалтаар нийт 120 нийтийн орон сууц, 138 хувийн орон сууц, сумын удирдлагын барилга, усан бассейн, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэргийг 90 га талбайд хийхээр төлөвлөсөн. 2011-2025 оны хугацаанд хэрэгжих энэ төслийн үр дүнд нийт З000 гаруй өрхтэй, 10000 гаруй хүн ам суурьших талаар УИХ-ын даргад танилцуулсан юм. Даланзадгад сумын шинэ суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил 2011-2014 онд нийт 32.3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлуудыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр гүйцэтгэсэн. Энэ оны эхний улирлын байдлаар дэд бүтцийн инженерийн барилга байгууламжууд бүрэн хийгдэж дуусаад байгаа хэмээн төслийн ажилтнууд танилцуулав. Аймгийн удирдлагууд төслийн бүтээн байгуулалтын ажилд төсвөөс тодорхой хувийн дэмжлэг олгож байгаагийн үр дүнд орон сууцны үнийг тогтвортой, зах зээлийн өртгөөс хямд байх зохицуулалт хийж байгаа болохыг танилцуулсан юм. УИХ-ын дарга Даланзадгад суманд Турк технологиор баригдаж буй 140 айлын 7 давхар орон сууцны барилгын ажлын явцтай танилцлаа. Тусгай хэвээр бэлтгэсэн бэлдэцүүдийг угсардаг онцлогтой тус технологи нь богино хугацаанд өндөр үр ашигтай байдгаараа онцлогтой. Энэ бүтээн байгуулалтын ажилд 10 турк мэргэжилтэн, 10 монгол ажилтан жил гаруй хугацаанд ажилласан бөгөөд санхүү болон бусад асуудлыг шийдвэрлэсэн тохиолдолд хоёр сарын хугацаанд 140 айлын 7 давхар орон сууцыг 2 сарын дотор ашиглалтад оруулах боломжтой хэмээн тус барилгын компанийн мэргэжилтнүүд УИХ-ын даргад танилцуулав.

УИХ-ын даргыг Даланзадгад сумын шинэ суурьтшлын бүсийн бүтээн байгуулалтын ажилтай танилцах үеэр УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ, УИХ-ын даргын ахлах зөвлөх С.Ламбаа, Өмнөговь аймгийн Засаг дарга Д.Бадраа болон албаны бусад хүмүүс байлцав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.