Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Авто худалдааны цогцолборын есөн га газар 3.3 тэрбум төгрөгөөр үнэлэгдлээ

Авто худалдааны цогцолборын газрын эрхийн нээлттэй дуудлага худалдаа өчигдөр боллоо. Улаанбаатар хотын 27 га газрыг эзэлдэг автомашин, сэлбэг хэрэгслийн худалдааны зах, цэгүүдийг хотын захын 130 га газарт нүүлгэх шийдвэрийг өнгөрсөн онд нийслэлийн ИТХ гаргасан. Уг ажлыг урагшлуулах нэг хөшүүрэг нь өчигдрийн дуудлага худалдаа байв. Аж ахуйн нэгжүүд цогцолборын газрыг нэлээд сонирхож байсан бөгөөд 12 байршилд нийт 69 оролцогч хүсэлт ирүүлжээ.

Газрын үнэ ч анхныхаасаа багагүй өсөж байв. Тухайлбал, зургадугаар байршлын 1.2 га талбайтай, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын анхны үнэ 139.2 сая төгрөг байсныг оролцогчид өсгөсөөр 360 төгрөгөөр үнэлсэн юм. Уг газруудыг барилга, архитектур, төлөвлөлтийн даалгавартай нь зарах учир аж ахуйн нэгжүүд бүтээн байгуулалтын ажлаа шууд эхлүүлэх бүрэн боломжтой аж. 12 байршлаас зочид буудал, оффисын үйл ажиллагаа явуулах хоёр газрын нэгд нь санал ирээгүй, нөгөөд нь ганц аж ахуйн нэгж л санал ирүүлсэн тул хүчингүйд тооцож, 10 байршлын газрыг дуудлагаар худалдлаа.

Нийт есөн га, 1.8 орчим тэрбум төгрөгийн үнэлгээтэй 10 байршлын газрыг 10 аж ахуйн нэгж, иргэн 3.3 тэрбум төгрөгөөр авахаар болов. Хоёрдугаар байршлын худалдаа, үйлчилгээний зориулалттай 0.3 га газар 530 сая төгрөг хүрсэн нь хамгийн өндөр үнэ байлаа. Тус газрын анхны үнэ 39.1 сая төгрөг байсан юм. Харин долдугаар байршлын 0.2 га газар 201 сая төгрөгөөр үнэлэгдсэн нь хамгийн доод үнэ боллоо.

Нийслэлийн Засаг даргын орлогч Н.Гантөмөрөөс цогцолборыг хэзээ ашиглалтад оруулж, захуудыг нүүлгэх талаар тодруулахад “Нийслэлийн ИТХ-аар энэ сарын 12- нд уг асуудлыг шийднэ. Гадаадын хөрөнгө оруулагчид Авто худалдааны цогцолборыг нэлээд сонирхож байна. Заримтай нь гэрээ байгуулахаар ярилцаж байгаа. Дуудлага худалдаанаас бүрдэх мөнгө болон гадаадын хөрөнгө оруулагчдын саналыг харгалзан үзээд аль болох богино хугацаанд цогцолборын ашиглалтад оруулах хугацааг тогтооно” гэв.

.МӨНХЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.