Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХАКҮХО: НАМАЙГ ХӨДӨЛМӨРИЙН БААТАР ЦОЛ ХҮРТЭЖ БАЙХАД ААВЫН МИНЬ НҮДЭНД НУЛИМС ЦИЙЛЭГНЭЖ ХАРАГДСАН

Японы “Сүмо” сэтгүүлийн ажилтан, мэргэжлийн гэрэл зурагчин В.Даваа томилолт аван, Монгол нутагтаа очсон Хакүхо аваргыг даган, энэхүү сурвалжлага, ярилцлагыг хийжээ. “Сүмо” сэтгүүлийн гуравдугаар сарын дугаарт нийтэлсэн уг ярилцлагыг тус улсад амьдарч, ажилладаг сэтгүүлч Х.Эрдэнэцэцэгийн орчуулснаар хүргэж байна.

Японы мэргэжлийн сүмогийн дээд зиндааны барилдаанд 33 удаа түрүүлж, сүмогийн түүхэнд цоо шинэ мөр гаргасан Мөнхбатын Даваажаргал буюу Хакүхо аварга саяхан Монгол Улсын хөдөлмөрийн баатар цолоор энгэрээ мялааж, эх орныхоо уудам тэнэгэр талаас сүмогийн шинэ замналынхаа гарааг эхлүүлсэн юм. Хурсан олон Их аваргыг Монголд газардангуут алга ташилтаар угтсан. Дуу хөгжим цангинасан, аялгуут сайхан эгшгээр ерөөл хүртэж, сэтгэл нь догдолсоор гадаа гарахад мөнх хөх тэнгэрийн дор уулс, тал мөнгөн цагаан дуулгаа өмсөж, нутгийн тунгалаг агаар цээж нэвт сэнгэнэж, сэтгэлийн гүнээс өөрийн эрхгүй нулимс огших шиг болсон гэнэ. Хакүхо аврагатай ийнхүү хөөрөлдлөө.

-Өнөөдөр гайгүй дулаахан байна. Гэхдээ л Японыг бодвол хүйтэн байна шүү. Таны хамгийн дуртай улирал гэвэл?

-Сүмогийн амжилтаар бодсон ч гэсэн ес, арваннэг, нэгдүгээр сарын башёд ер нь бие хаа, хүч чадал нэлээд жигдрээд гайгүй сайн байдаг шүү. Цаг агаар хүйтэн, жавар тачигнах тусам хүч чадал минь аяндаа эрчлээд, ахиад ирдэг юм. Бие ч хүйтэн сэрүүн нөхцөлд илүү өнгө зүс ороод, хүч чадал тэнцвэржээд ирэх шиг санагддаг. Ер нь ясны бөх хүн идэр есийн хүйтэнд жинхэнэ бяр, чадал нь амтагдаад ааг омог ороод байдаг гэж дээр үеийн хүмүүс ярьдаг гэж аав маань хэлж байсан. Монгол Улсын хөдөлмөрийн баатар хэмээх хүндтэй цолыг бас л жавар тачигнасан ид өвлөөр гардаж авлаа. Энэ улирал миний хувьд их учиртай байх аа.

-Та өмнө нь нэг удаа “Хакүхо миний бие тэнхээ бүрэн тэгширсэн, үүнээс илүү хүч гарахгүй байх” гэж хэлсэн. Ер нь цаашдын амжилтынхаа талаар юу гэж бодож байна вэ. Ер нь түүний эх ундарга нь юу байх вэ?

-Өнгөрсөн жил таван башёд түрүүллээ. Саяны башёд хамгийн сүүлчийн өдөр урьд өмнө хэзээ ч байгаагүй их сэтгэлийн дарамт мэдэрлээ. Их ч юм сурлаа. Мөн өнгөрсөн арваннэгдүгээр сарын башёд нэг удаа өвдөг шороодож, түрүүлсэн. Бас л сэтгэлийн хувьд хүнд байсан шүү. Сүмо тайлбарлагч, ояагата нар намайг кейко хийх нь өмнөхөөсөө харьцангуй багассан ч, сүмогийн үндсэн дасгал сургуулилалт болох шико, тэппо, сүриашиг ян тан хийчихээд дэвжээн дээр гардаг болохоор хүч нь харихгүй байна гэж үнэлж, ярьж байсан. Миний хувьд яг таарах жин бол 152-153 кг. Энэ жингээ л бариад байвал зүгээр гэж бодож байна. Үүнээс илүү жин нэмээд ч яах вэ. Жин хаях хэрэггүй болов уу. Хамгийн гол нь айхтар хүнд бэртэлгүй л байхад болох нь тэр. Өнөөг хүртэл барилдаж, хуримтлуулж ирсэн туршлагаа бодитой харуулж явъя гэж бодож байна. Урьд нь Асашёорюү аваргад сэтгэл санааны хувьд ялагдаж болохгүй гэж их хичээдэг байлаа. Ер нь намайг хурцалж байсан юм. Дараа нь ганцаараа ёкозүна байх үед Сүмогийн холбоонд янз янзын асуудал гарч, хэл ам ихтэй байв. Яг ийм үед л ёкозүна байх ноён нуруугаа алдаж болохгүй, урагшилдаг юм шүү гэсэн эрмэлзэл л өдий зэрэгт хүргэсэн байх. Төдөлгүй Харүмафүжи, Какүрюү хоёр шил дараалан ёкозүна болж, үзүүр түрүү булаалдах өрсөлдөгчид нэмэгдсэн. Тэд одоо булчин чангаруулах дасгал, бэлтгэл хийж байгаа гэж сонсоод би ч гэсэн хийж эхэллээ.

-Домогт аварга Тайхогийн итгэл, найдварыг нь хөсөрдүүлэлгүй, өчүүхэн ч болтугай ачийг нь хариулж байна гэж Та хэлсэн байдаг. Сүмогийн холбооны хувьд ачийг нь хэр хариулж байна вэ?

-Юун түрүүнд өсвөр залуу үеийнхнийг сүмод дуртай, сонирхолтой болгохын тулд “Хакүхо цом” олон улсын хүүхдийн сүмогийн тэмцээн зохион байгуулаад, тав дахь жилийнхээ нүүрийг үзэж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард болсон ээлжит тэмцээнд найман орноос 850 хүүхэд ирж, оролцлоо. Тэдний дундаас ирээдүйд сүмо бөх болъё гэж бат шийдсэн хүүхэд олон гарч ирвэл их сайн байна. Энэхүү цомын тэмцээнд оролцож байсан хүү өнөөдөр мэргэжлийн сүмод барилдаж байгаа бодит жишээ ч бий.

-Та Японд анх ирснээс хойш 15 жилийг ардаа орхижээ. Сэтгэлд тань үлдсэн хамгийн их дурсамж гэвэл?

-Таван наснаас өмнөх үе гэвэл санаанд огт орохгүй байгаа юм. Зургаан наснаасаа ухаан орж, юм үзэж, нүд тайлж эхэлжээ. Тэр үеийн байдлаа санаж байхад анхны Ваканохана аварга “Эн Эйч Кэй” телевизийнхэнтэй сүмо бөхийн эх үндэс хаанаас эхлэлтэй вэ гэсэн нэвтрүүлгийн шугамаар Монголд ирж, аавтай уулзсан байдаг. Анх 15 настайдаа Японд ирснээс эхлээд өнөөг хүртэлх хугацааг бодоход энд байсан хугацаа нь эх орондоо өнгөрүүлсэн үеэс илүү урт болчихжээ. Ёкозүна болоод найман жил өнгөрчихлөө. Их л олон юм тохиолджээ. Өвдөг шороодолгүй 69 давсан Фүтабаяма аваргын амжилтад ч хүрч үзлээ. Эргээд бодоход, олж авсан хамгийн нандин зүйл минь гэвэл хүн хүнтэйгээ учрах тавилангаар гэр бүлтэй болж, олон сайхан хүнтэй танилцаж, найз нөхөд болжээ.

-Монгол Улсын хөдөлмөрийн баатар гэсэн хамгийн хүндтэй шагналаар энгэрээ мялаасанд тань баяр хүргэе.

-Сүмогийн дэвжээнд дуслуулсан хөлс, нулимсны минь үр дүн, шан харамж юм уу даа. Мөн Монгол, Японы ард түмэн, үнэнч дэмжигчдийн минь ач гавьяа юм даа. Эцэг хүү хоёр аварга, хөдөлмөрийн баатар гэдэг ховорхон завшаан байх. Аав минь хөдөлмөрийн баатар болж байсан тэр цаг үетэй өнөө үеийг харьцуулахын аргагүй шүү дээ. Тэгэхээр би дуртай сүмогоороо амьдралаа аваад явж байна гэдэг нэгэн бодлын азтай. Намайг хөдөлмөрийн баатар цол хүртэж байхад аавын минь нүдэнд нулимс цийлэгнэж харагдсан. Тэгээд би аавынхаа сэрүүн тунгалагт энэхүү хүндтэй шагналыг хүртсэндээ маш их баяртай байна. Гагцхүү ард түмнийхээ итгэлийг даахаар сайн бөх болохын төлөө улам хичээнэ ээ.


-Та төрийн том шагналаа авахын урьд өглөө нар мандахыг харсан байх аа?

-Монголд Цагаан сарын шинийн нэгэнд мандах нарыг харж, бүтэн жилээ тэнгэр бурхандаа даатгах ёс байдаг. Шинийн нэгэнд Япон руу буцах байсан тул урьдчилаад ургах нар үзлээ. Өвлийн өглөөний нар мандахыг өндөр уулын оройгоос анх удаа харлаа. Богд ууландаа мөргөн залбирч, сэтгэл зүрхэндээ шившилж, цоо шинэ мөрөөдөл өөд мацах, өмнө нь сүмогийн ертөнцөд хэний ч гаргаагүй зам мөр гаргах гараагаа эхэлсэн нь энэ юм.

Монголыг ХХ зуунд Жигжидийн Мөнхбат хэмээх бөх эзэгнэж, ард түмнээ баярлуулан, цэнгээсээр ирсэн. Тэгвэл түүний хүү Хакүхо аварга Японы сүмог ХХI зуунд эзэгнэж, аав хүү хоёр их аварга болсон юм. Цагаан сарын битүүний өдөр уламжлал болон явагддаг хүчит бөхийн барилдааныг монгол хүн бүр сэтгэл догдлон хүлээж, үзэн баясдаг. Бөхийн өргөөнд Хакүхо аварга ороод ирэнгүүт хурсан олон дуу шуугиан болж, алга ташин угтан авцгаасан юм. Дуудах нэрийг эцэг эх өгч, дуурсах нэрийг ард түмэн өгдөг гэдэг зүйр үгтэй адил өөрийн нэр нь Мөнхбатын Даваажаргал боловч түмэн олон түүнийг Хакүхо хэмээн дууддаг. Өнгөрсөн башё дууссаны дараа хэвлэлийн бага хурлын үеэр шүүгчдийг шүүмжлээд авсан нь Японы хэвлэл мэдээллийнхний хараанд өртөж, багагүй шуугиан үүсгэсэн. Аварга үүндээ одоо болтол тодорхой хэлсэн юмгүй. Дотроо бодож цэгнэж байгаа л байх. Амьдралд сайн, муу ээлжилж байдаг хорвоо. Ганхах, ганхуулах зүйл амьдралд бишгүй тохиолдоно. Зүг чиг заагч хойморийн тэнгэрт шүтэгддэг Алтангадас од лугаа ямар ч үед өөрийн амьдарлын зүг чигээ алдахгүй явахыг ерөөе.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.