Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Нямдорж: НАМАЙГ ЗАЛХУУРЧ ХОЙШОО СУУЖ БОЛОХГҮЙ ШҮҮ ГЭЭД ЭНЭ ШАГНАЛ “ЗАГНААД” БАЙГАА ЮМ

 Хийдгээ хийчихээд л хэн нэгнээр магтуулж, гавьяа шагнал хүртэхийг юман чинээ тоодоггүй жинхэнэ уран бүтээлч олон бий. Тэднийг шагнасан ч, эс шагнасан ч зүтгээд л ажиллана, зориод л туурвина. Сэтгэлийн гүндээ уран бүтээлтэйгээ “гэрлэчихээд”, насан туршдаа үнэнч байхаа амласан тийм нэгэн уран бүтээлчийн яриаг танд хүргэх гэж байна. Урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч, удирдаач Бадамхандын Нямдорж гуай өнгөрсөн долоо хоногоос хойш энэ тэмдгийг энгэртээ гялалзуулж явна. Шагнал авчихаад “Надаас илүү бусад хүн баярлаад байгаа. Би яах вэ.

Гэхдээ бас ч гэж, намайг хэдийнэ гавьяат болчихсон гэж боддог хүмүүст хэлэх үгтэй, үе үехэн урлагийн гавьяат зүтгэлтэн гэж зарлуулж, бичүүлчихээд ичиж суудаг байсантайгаа харьцуулахад нүүр бардам байх боллоо” хэмээн ярьсан юм. Хэдэн арван хамтлаг байгуулж, хөдөө орон нутаг, хотын соёлын орднуудад хүрч, Монголд эстрад симфони найрал хөгжмийг хөгжүүлэхээр ажилласныг нь түүний 49 жилийн хөдөлмөр нотолно. 18 настай шавилхан хүү дунд сургуулиа төгсдөг жилээ Монголын хөгжмийн суу билэгтнүүдийн нэг Г.Бирваа гуайн заасан замаар алхаж, Улсын циркийн хөгжимчин болсон түүхтэй. 

-Та ойрдоо нутагтаа байхгүй байна уу. Шагналаа хожуу ирж авах шиг боллоо? 

-Сая Өвөрмонголоос дуудагдаж ирлээ. Тэндхийн урлагийн төв байгууллага болох Үндэсний дуу, бүжиг, хөгжмийн чуулгад нь ажиллаж байна. Тийшээ явж, ирэх болоод зургаан жил болжээ. Ордос, Хангин хошуунд ч ажилладаг юм. Эндээ бол Улсын филармони, ЦДБЭЧ гээд харьяалагдах газар олонтой. Уг нь тэтгэвэртээ гарчихсан. 

-Циркийн эстрад симфони найрал хөгжим, Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга, Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим, Улсын филармони гээд овог нэрийн тань өмнө бичигдэж, дуудуулах олон байгууллага байх юм. 49 жилийн намтар баян түүх тань эдгээр газартай холбогдож явсан гэж ойлгож байна. Таныг Г.Бирваа гуай хөгжимчин болох замд хөтөлсөн гэсэн. Энэ түүхээ ярьж өгч болох уу? 

-Манайх олуулаа. Би 11 хүүхэдтэй айлын дундах нь. Багадаа ах дүүстэйгээ нийлээд янз бүрийн хөгжмийн зэмсэг тоглож, тэрүүхэндээ концерт тоглож гэрийнхнээ үзүүлдэг байлаа. Зургадугаар ангид байхаасаа Пионерийн ордны үлээвэр хөгжмийн дугуйланд орж, аравдугаар анги төгстөлөө явсан. Бирваа гуайн хүү Ардын жүжигчин, найруулагч Мөнхдорж бид хоёр дунд сургуулийн нэг анги. Би Мөнхдоржийг дагаж тэднийд байнга очдог байлаа. Аав нь гэртээ хөгжим сонсоод эсвэл юм бичээд л сууж байдаг байсан. Би тэднийд очихоороо бүрээ дуугаргана. Тэгээд ерөнхийдөө Бирваа гуай намайг мэддэг болчихсон байсан. Нэг өдөр “Чи хөгжимчин болох юм уу” гэж надаас асуув аа. Би яг ч хөгжимчин болно гэж бодож байгаагүй хэрнээ л тэр үед “Тийм. Тэгье” гэж хариулсан. Ингээд аравдугаар анги төгсөхөд Мөнхдоржийг Кино үйлдвэрт, намайг Улсын циркийн жааз хөгжимд оруулсан. 

-Циркийн, цэргийн гэдэг энэ хоёр үг цухас ярианд ижил сонсогдох юм. Та эхлээд циркийн хөгжимд ороод дараа нь цэргийн хөгжимд орсон юм аа даа. 

-Циркт ороод удаагүй, тэр дундаа Пионерийн байгууллагад хамт үлээвэр хөгжим тоглодог байсан хоёр хүүтэй таарлаа. Их гоё цэргийн хувцас өмсчихсөн явна. Тэр үед “Улаан бүч” гэж их том чуулга байсан юм. Сургууль бүр үлээвэр хөгжим тоглодог хүүхдүүдтэй болохоор тэднийг нэгтгэж том чуулга байгуулж Пионерийн байгууллагын үйл ажиллагаа, хурал, Улсын баяраар тоглуулдаг байсан юм. Тэр хоёр Дарханы цэргийн хөгжимд орсныг дуулаад, тийшээ явахаар шийдсэн. Ердөө л хувцсанд нь дурласан хэрэг. Ээждээ хэлчихээд л яваад өгсөн. Очоод шалгуултал намайг авсан. Ингээд байж байтал Цэргийн хөгжмийн албаны дарга, 100 марш бичсэн агуу алдартан Навааны Цэрэнпил гуай бүх ангийнхаа хөгжмийг шалгахаар явж байгаад манай ангид ирлээ. Гимнастикийн үеэр хөгжим тоглоод явж байсан болоод тэр үү би содон харагдсан юм байлгүй намайг таньж, манай даргад “Пунцагдэлэг ээ. Энэ хүүхэд багаасаа хөгжим тоглож байсан шүү дээ. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжимд оруулъя” гэснээр би Н.Цэрэнпил гуайн тушаал, шийдвэрээр Үлгэр жишээ үлээвэр найрлын хөгжимчин болсон түүхтэй. 1974 он хүртэл найрал хөгжимдөө хөгжимчин, туслах удирдаачаар ажиллаж, “Соёмбо” чуулгыг байгуулсан. Гэхдээ би дээд мэргэжил эзэмшиж, хөгжмийн зохиолч, удирдаач болохыг л хүсэж байлаа. Харамсалтай нь тэр үед цэргийн хөгжмийн ангийн хуваарь ерөөсөө ирээгүй. Ингэсээр байтал 25 нас хүрчих гээд байдаг. 25 нас хүрчихвэл сургуульд явуулдаггүй байсан юм. Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмөөс халагдъя гэхээр явуулдаггүй, тэгсэн хэрнээ сургууль олдохгүй байлаа. Арга ядаад ээж минь тухайн үед худлаа хэлж намайг халуулсан. Миний ээж манж, хятад, уйгаржин бичиг мэддэг, дорно дахины хэл бичиг судалдаг хүн байсан юм. Ээж “Би хүүгээ хэлний чиглэлээр сургах бодолтой байна. Өөрөө ч дуртай байгаа” гэж хэлж намайг ажлаас гаргасан. Тэгээд би Улсын филармони дээр очлоо. Намайг авах орон тоо ч байсан. Ингээд би Монголын хөгжмийн урлагийн гурав дахь мундаг алдартантай уулзсан даа. Ц.Намсрайжав гуайд бүх үнэнээ хэлж, учирлатал “Чи сайн ажилла, тэгвэл би дэмжинэ” гэсэн. Ажиллаад жил гаруй болоод л Эстрад хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолчийн ангийн хуваарь ирж би Санкт-Петербургт сурахаар явсан. 

-Тэтгэвэртээ гартлаа, бас одоо ч гэсэн Улсын филармонийн Баянмонгол чуулгын удирдаач гэж явдаг юм билээ. Хэзээд нь ЦДБЭЧ-ын хүн болчихов? 

-Эндээ ажиллаж байхдаа томилолтоор ЦДБЭЧ-д очиж Эстрад симфони найрал хөгжмийг байгуулсан. Энэ тухай яривал жичдээ нэг түүх болно оо. 

-ЦДБЭЧ-ын Эстрад симфони найрал хөгжмийн урын сан арвижиж, үзэгчид ч таатай хүлээн авч сонсдог. Тэгвэл энэ найрал хөгжмийг байгуулсан хүнээс эхэлсэн түүхийг нь сонсох сонирхолтой шүү дээ. 

-Шинэ юм байгуулна гэдэг амаргүй. Байшин барих ямар билээ. Гэтэл шинэ хамт олон бүрдүүлж, түүнийгээ тогтвортой байлгах бүр ч хэцүү. Би дөрвөн том даваа давсан байдаг юм. Намайг Эстрад симфони найрал хөгжим байгуулахаар ЦДБЭЧ-д очих үед тэд холимог найрал хөгжим гээчтэй байсан. Шанз, бүрээ, ардын хөгжим, сонгодог хийл гээд юм болгоныг хольчихсон. Дэлхийд холимог найрал хөгжим гэж байхгүй л дээ. Монголд л байсан. Боловсон хүчин дутагдалтай болохоор аль боломжтойгоо нэгтгээд явж байсан нь тэр. Хөгжмийн стандартад энэ нь нийцэхгүй. Найрал хөгжимд үлээвэр хөгжим тэд байгаа бол утсан хөгжим тэд байх ёстой гэсэн норм бий. Эхлээд хөгжмийн зэмсгээ цуглууллаа. Заримыг нь Хятадаас захиж авчрууллаа. Циркийн жааз найрал хөгжим татан буугдсан болохоор тэндээс хэдэн хөгжим авлаа. Хөгжмийн мастер Бууран гуайгаар хийл хөгжим хийлгэж, заримыг нь засуулж авсан. Хөдөө орон нутгийн соёлын төвд ашиглахгүй байгаа хөгжмийн зэмсгүүдийн судалж, очиж авсан. 1997 он шүү дээ. Хөгжимтэй болчихлоо. Гэтэл тоглох хөгжимчин байсангүй. Тэр үед урлагийн байгууллагын олонх нь хаалга барихдаа хүрч, хэдэн хөгжимчин нь наймаа арилжаа, өөр ажил хийгээд явсан байлаа. Хөгжимчдөө эргүүлж цуглуулах гээд л гэр гэрийнх нь гадаа очоод учирлаж ярилаа, эргээд ир гэж хэллээ. Ганчимэг, Жавхлан, Мөнгөнцэцэг гээд олон хүнийг энэ мэтээр дуудаж авчирсан. Тэгээд ХБК, СУИС-ийн багш нарыг гэрээгээр ажиллуулахаар боллоо. Гурав дахь том даваа нь урын сан байсан. ЦДБЭЧ 80-аад жилийн түүхтэй байгууллага учраас би уран бүтээлийг нь тасалдуулж, шинэ уран бүтээл хийтэл түр завсарлана гэж хэлэх эрх байхгүй. Ингээд хуучин бүтээлээ хөрвүүлж, нэг сарын дотор өдөр, шөнөгүй ажилласны үр дүнд нөгөө найрал хөгжим маань хүүхдээр бол үг хэлэхтэйгээ боллоо. Санаа амарч болдоггүй. Чуулгын байранд өдөр бүр ахмад удирдах ажилтнууд цуглаж, хуралдаж бидний хэдэн хүнийг эсэргүүцэж байлаа. “Бидний хийж бүтээж, босгосон болгоныг үгүй хийж байна” гэж тэд хэллээ. Энэ даваа хамгийн хэцүү нь байсан. Сэтгэлдээ байнга л шархтай явдаг байлаа. Тэгтэл 2012 онд Эстрад симфони найрал хөгжмийн 15 жилийн ой болж, баяртаа намайг урьсан юм. Тэр үед Гунаажав, Хаянхирваа гуай нарын ахмадууд надад баяр хүргэж, албан ёсоор уучлал хүссэн. “Ийм болно чинээ бодоогүй шүү. Чихээрээ сонсож, нүдээрээ харлаа, Нямдорж оо. Баярлалаа” гэсэн. Нүгэл хийсэн гэж бодож явсан маань ингэж цайрсан даа.

Ахмадуудынхаа өмнө гэм хийсэн мэт бодож явсан нь өдгөөгөөс гуравхан жилийн өмнө цайрч, сэтгэл нь амарсан тухай ярихдаа түүний нүд гэрэлтэж байлаа. Хэн нэгэнд хатуу үг хэлчихээрээ араас нь шаналдаг хүн шиг л зөв зүйл хийснээ мэдсээр атлаа зовж явсан нь энэ. Б.Нямдорж гуай Эстрад, симфони найрал хөгжмийн удирдаач, хөгжмийн зохиолч хүн болохоор нэлээд шинэлэг сэтгэлгээтэй. 1990 оноос өмнөх хэдэн жилийг тэрбээр Баянмонгол чуулгын оргил үе гэж онцолсон. Алдартай олон дуучин төрүүлж, залуусыг байлдан дагуулж, Ленин клубийн зүүн талд байрлах жижигхэн байраа нурах шахтал нь пижигнүүлдэг байсан гээд бод доо. Алдарт “Сэтгэлийн жигүүр” энэ танхимаас эгшиглэж, залуусын дуулах дуртай дуу болон алдаршжээ. Харамсалтай нь үзэл суртлын нийгмийн балгаар иймэрхүү дуунуудыг үргэлж адалж, дуучид, хөгжимчид энэ дууг тоглож, дуулсныхаа төлөө шийтгүүлдэг байжээ.

Аливаа юм хоёр талтай болохоор энэ олон шүүлтүүрийг давж гарсан уран бүтээлүүд илүү чанартай, олон жилийн настай байжээ хэмээн Б.Нямдорж гуай ярьсан. Тэрбээр 30 орчим дуу, 100 орчим хөгжмийн бүтээл туурвисан. Харин хөрвүүлж, найруулсан уран бүтээлийнхээ тоог алджээ. Нэг тоглолтын үеэр л 20-30 дуу шинээр хөрвүүлж, тоглуулж байсан гэхээр яаж тоолох билээ. Бас Махкомбинант, Төмөр замын Соёлын ордон, Ажилчдын соёлын ордон болон аймаг, суманд түүний бий болгосон эстрад хөгжмийн чуулга, хамтлаг хөгжим эгшиглүүлж байсан болохоор хөгжим зохиохоос илүүтэй хүнтэй, уран бүтээлчтэй ажиллах шаардлага л илүү тулгардаг байсан гэсэн. 

-Тооноос илүү чанар чухал гэдэг. Зарим хөгжмийн зохиолч 100 дуутай гэдэг ч тэр дундаас олонд түгсэн нь цөөн. Харин та дуунуудаа хэрхэн үнэлэх бол? 

-Ядаж 10 хуруу дүүргэх дууг хүмүүс мэдэх байх аа. Бас “Ингэх гээд байсан юм” киноны хөгжим “Алгебрын дэвтэр”, “Ойн цоорхойд” жүжгийн хөгжим гээд олон л юм бий. Би ч залуугаасаа уран бүтээлээ хөтөлж тэмдэглэж явсан. Харин хөрвүүлж, найруулж, удирдсаныхаа тоог алдчихсан. “Найрын ширээний ууц” жүжиг, “Би чамд хайртай” киноны хөгжим гээд олон зохиолыг удирдан тоглуулсан. 

-Таныг Өвөрмонголд Морин хуурын чуулга байгуулсан гэж дуулсан. Өвөрмонголчуудын давуу талыг та юу гэж харж байна вэ? 

-Үшин хошуунд Морин хуурын чуулга байгуулаад таван жил болох шиг боллоо. 2012 онд Олон улсын морин хуурчдын уралдаан Улаанбаатарт болоход тэд ирж оролцоод түрүүлээд явсан. Сахилга бат нь маш сайн. Харин уран бүтээлийн хувьд манай монголчууд хамаагүй түрүүлж яваа. Гэхдээ одоо тэдэнд сайн зохиол байвал тоглодог. Би ч гэсэн хэд хэдэн зохиол хөрвүүлж өгөхөөр бэлдэж байна. 

-Хятадууд манай соёлын өвийг булаацалдаж байна гэсэн үзэлтэй хүн олон бий. Тийм хүмүүс таныг шүүмжилдэг үү. Мэддэг чаддагаа урд хөршид очиж заалаа гэх үү? 

-Тийм бодолтой хүмүүс байдаг л юм. Гэхдээ би алдаж байна гэхээс илүү түгээн, дэлгэрүүлж байна гэж ойлгодог. Тэгээд ч бид л хийх ёстойгоо сайн хийх ёстойгоос биш хүнийг хийчихлээ гэж хараах ёсгүй. Монгол сэтгэхүйг дэлгэрүүлнэ гэдэг харин ч сайн хэрэг.

-Шагнал авчихаад юу бодов. Та ч их хүлээгээгүй байж мэднэ. Гэхдээ таныг олон газраас шагналд тодорхойлсон байх. Аль нь байгаа оносон юм бол? 

-Тэрийг ёстой мэдэхгүй. Хүмүүс л надаас илүү баярлаад байгаа. Харин би “Нямдорж оо, битгий залхуур, хийх юмаа хий” гэж хатуугаар бол загнаж буй шагнал гэж ойлгож байгаа. Энэ зун наадмын тоглолтыг МҮОНТ-ээр гаргахдаа “Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Нямдорж” гэж бичсэн байсныг хараад их ичсэн. Аргагүй л дээ, хүмүүс намайг аль эрт энэ шагналыг авчихсан гэж боддог байсан байх. Харин одоо л нэг санаа амарч, хүнээс ичихээргүй боллоо. 

Ж.СОЛОНГО

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.