Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Голсон юм ГОЛД ОРОВ

Манай улсад аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийг эс тооцвол бяцхан иргэдээ асарч сувилах эмнэлэг үндсэндээ байхгүй. Ханиад томуу дэгдэх үеэр эмнэлгүүд урд хормойгоо авч, хойд хормойгоо нөхөх маягаар өдий хүрсэн. Цаашид ингэж торгооно гэвэл бүтэшгүй. Тиймээс шинэчлэлийн Засгийн газар унаж, шийдлийнх төр барьж эхэлмэгцээ энэ зах зээлийг ашиглан, ард иргэдийн санаа бодлыг эргүүлж, хүүхдийн эмнэлэг л барьж байвал бусад нь хамаагүй мэтээр шоудаж, ард иргэдээс сайн үг сонсоод таг болчихлоо. Оны өмнөхөн ССАЖЯ-ны (хуучнаар) байрыг 150 ортой хүүхдийн эмнэлэг болгохоор шийдвэрлэсэн ч “Хотын төвд эмнэлэг байх нь тохиромжгүй, замын хөдөлгөөний ачааллыг нэмэгдүүлэхээс гадна, Соёлын яам автомашины зогсоолгүй” хэмээгээд бас л түдгэлзүүлсэн.

Үүнээс долоо хоногийн дараа Засгийн газар дахин хуралдаж, “Зам, тээврийн яамны байр гаднаа машины томоохон зогсоолтой юм байна. Эдний байрыг эмнэлэг болгочихъё” хэмээн хүүхдийн тоглоом шиг юм ярьж, хоёрдугаар сарын 1 гэхэд ашиглалтад оруулахыг Эрүүл мэндийн сайд болон холбогдох хүмүүст үүрэгдсэн. Харин Зам, тээврийн яамныхан анхнаасаа байраа тийм ч амар тавиад туучихгүй нь ойлгомжтой байсан тул дээгүүр, доогуур “хов” хутгаж гүйсээр “Уг барилга нь эмнэлгийн байгууламжид тавих ёстой стандарт шаардлагыг төдийлэн хангахгүй” гэсэн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагуудаар гаргуулж дөнгөв. Сайд, дарга нар ч хүүхдийн эмнэлэг болгочих байр, объект эрчимтэй хайж, Сүхбаатар дүүргийн нутаг буюу Зуун айлд байрладаг “Мон сам” тариурын үйлдвэрийн барилга, Физик, Хими технологийн хүрээлэнгийн байрыг хүртэл булаахаар оролдсон.

Эцэстээ энэ бүх оролдлого бүтэлгүйтэж, голсон юм голд оров гэгчээр ССАЖЯ-ны барилга дээрээ буцаад буув. Хуучны, машины зогсоолгүй, замын хөдөлгөөнд ачаалал үүсгэнэ хэмээгээд байсан барилгаа энэ сарын 18-нд дуудлага худалдаагаар борлуулж, олсон мөнгөөрөө хүүхдийн эмнэлэг барих гэнэ. Яг л Мянгуужингийн үлгэр шиг сонсогдож байгаа биз. Эл ажлыг Төрийн өмчийн хороо зохион байгуулж буй бөгөөд дуудлага худалдааг нээлттэй явуулахаар болсон байна. Засгийн газрын Х байрыг 1958 онд барьсан. Анх Гэгээрлийн яам энд байрлаж байсан гэнэ. 44 метр урт, 12 метр өргөн, конторын зориулалттай гурван давхар эл барилга нийт 1584 ам метр талбайтай юм билээ.

40 хүний суудалтай хурлын танхим, архивын, уулзалтын, ажлын зэрэг 54 өрөө, тасалгаатай аж. Эмнэлэг оруулах гэхээр эвдэрхий хэмхэрхий гээд байсан өнөө барилга нь зарах болсон чинь “Ашиглалтын хугацаа хэвийн, барилгын гадна болон дотор талд цуурсан, гажсан, эвдэрсэн зүйлгүй. Гаднах ханын өнгөлгөөний шохой бага зэрэг хуурч гэмтсэнээс бусдаар ноцтой эвдрэл гэмтэл, ан цавгүй, ашиглахад хэвийн” гэсэн тайлбартай болжээ. Мөн барилгын суурийг шохойн зуурмагаар барьцалдуулан, байгалийн чулуугаар өрж, цутгасан. 64 см-ийн зузаан, тоосгон ханатай, давхар хоорондын хучилтыг нь модоор хийсэн, 10-12 см үнс, шавар, эрдэс, хөвөн, үртэс зэргийг хольж дулаалсан гэхчилэн түүнээс сайн барилга байхгүй мэтээр сурталчилж байна.

Барилгын үнийг 5.941.400.000 төгрөгөөр дуудах бөгөөд зохион байгуулагчид 10 орчим тэрбум төгрөгөөр худалдана гэж тооцоолж буй юм билээ. Тухайн худалдан авагч нь эд хөрөнгийнхөө үнийг 14 хоногийн дотор төлөхөөр журамд тусгажээ. Уг барилгыг сонирхсон иргэд, аж ахуйн нэгж, байгууллага дуудлага худалдаанд оролцох боломжтой. Ямартай ч ССАЖЯ-ны байрыг арав орчим тэрбум төгрөгөөр зарчихбал хүүхдийн гурван ч эмнэлэг барьчих хэмжээний мөнгөтэй болчихно. Гэхдээ дуудлага худалдаагаар олсон мөнгөөр хаана, хэчнээн ортой, хэдэн эмнэлэг барихыг хараахан шийдээгүй байгаа. “Хүүхдийн эмнэлгийн тоог нэмэгдүүлэх, тусламж, үйлчилгээг сайжруулахад зарцуулна” гэсэн аман шийдвэр төдий байна. Эрх баригчдыг шийдвэрээ дахин өөрчлөхгүй байгаасай гэж л залбираад, хүлээж сууя даа.

О.БАТ-УНДРАХ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.