Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ӨНДӨР ГЭГЭЭНИЙ ДЭГЭЭР Цагаан дарь эх бүтээдэг уламжлалыг сэргээжээ

Сар бүрийн шинийн 8-нд тамын хаалга хаагдаж, Дарь эх, Манал бурхан замбуутивд залардаг. Тиймээс энэ өдөр хийсэн аливаа үйл, буян, нүгэл асар ихээр арвиждаг гэдэг. Тэгвэл Хаврын тэргүүн сарын шинийн 8-нд Богд хааны ордон музейд Цагаан Дарь эх бүтээх үзүүлбэр болж, эл бурхны сэдэвчилсэн үзэсгэлэнг дэлгэлээ. Эрт үеэс 1924 оныг хүртэл цагаан сарын шинийн 8-нд Их хүрээнд Өндөр гэгээн Занабазарын дэгээр Цагаан Дарь эх бүтээдэг байсан уламжлалыг ийн сэргээж, зураач Жамъянсүрэн, “Цаглашгүй гэрэлт” шүтээн урлалын төвийн оюутан Н.Саруултөгс нар урлалаа.

Цагаан дарь эхийн лагшин нь болор мэт тунгалаг, намрын сар мэт цагаан, 16 нас төг өлдөр ариун охины мишээсэн амгалан дүртэй, цагаан лянхуа дээр саран түшлэг налан заларсан, үнэт эрдэнэсийн чимэг зүүсгэлтэй, эрдэнэсийн торгон хормойвчтой, зүүн мутартаа цагаан лянхуа барьж, баруундаа хамаг амьтныг насны зэтгэрээс гэтэлгэж, нас уртасгаж, өвчин зовлонгоос ангижруулах өглөгийн мутарлаг зохиосноор дүрслэгддэг байна. “Занабазарын урласан, 45х35 см хэмжээтэй Цагаан Дарь эхийн тигийн дагуу урчууд хаврын тэргүүн сарын шинийн 8-нд урладаг уламжлалтай байсан” хэмээн академич Ц.Дамдинсүрэн бичсэн байдаг гэнэ.

Богд хааны ордон музейн үзмэрт 70 гаруй Цагаан Дарь эх хадгалж байгаа аж. Эл үзэсгэлэнд ХIX зууны сүүлчээс XX зууны эхэн үед хамаарах торгон дээр шороон будгаар зурсан, зээгт наамлын аргаар шүр сувд, оюу номингоор чимэглэсэн болон гуулин хөөмөл, чулуун дээрх сийлбэрүүдийг дэлгэжээ. Бурхан урлаачид бүтээлдээ мутрын үсгээ тавьдаггүй учир хэн бүтээсэн нь он цагийн эрхэнд бүдгэрсэн юм байна. Зураач Жамъянсүрэн “Цагаан Дарь эх бүтээх бидний ахуй нөхцөл дээхнэ үеийн урчуудынхыг бодох нь ээ хамаагүй сайжирчээ. Тэр үед ток цахилгаан гэж байгаагүй учир урлаачид нар мандахаас бүрий болтол амжиж дуусгах гэж их тэвддэг байсан гэдэг.

Хуучны сайчууд хүртэл сандарч байсныг бодоход Цагаан Дарь эх бүтээнэ гэдэг тухайн хүнээс их чадвар шавхсан хүнд ажил. Их хүрээнд зарим жилийн энэ өдөр олон хүнээр Цагаан Дарь эх бүтээлгэж, аль сайхан зурсныг нь шагнадаг байсан гэх аман яриа бий. Цагаан Дарь эх бүтээхдээ хууччууд дэг сургуулиа баримтлаад ч тэр үү, эсвэл хурдан зурах гэдэг үү тодорхой хэдэн өнгөөр дагнаж зурдаг. Гэхдээ ерөнхий өнгө төрх ямар байхыг хэрхэн тохируулах нь уран бүтээлчийн мэдрэмж” хэмээсэн.

Зураач Н.Саруултөгс морин цагийн үед биднийг очиход тэнгэр, байгаль, Цагаан Дарь эхийн гоёлыг будаж байв. Бурхан урлахад тодорхой дараалал байдаг аж. Хамгийн эхэнд тэнгэрээ будаж, газар, байгалиа зурсны дараа бурхны хувцсыг дүрсэлж, сүүлд мэлмийг нь нээдэг гэнэ. Бурхны мэлмийг нээнэ гэдэг нь амилуулж буй учиртай тул түүнээс өмнө бүх зүйлийг нь зурж дуусгасан байх ёстой юм байна. Н.Саруултөгс “Цагаан Дарь эх бурхан хамаг амьтдын насыг уртасгаж, гэнэтийн аюул ослоос хамгаалдаг. Тиймээс энэ өдөр Цагаан Дарь эх бүтээлгэвэл урлуулж буй эзэнд нь сайн засал болдог. Харин зурах хүн хилэнцтэй идээ, амьтны гаралтай хоол барьдаггүй” гэв.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.