Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Баяртай, “Hotel Mongolia”. Баярлалаа, Ерөнхийлөгчөө

Татвар төлөхөөс зайлсхийсэн хэргээр ял эдэлж байсан АНУ-ын иргэн Жастин Капла, Бүгд найрамдах Филиппин улсын иргэн Кристобал Ж.Дэвид, Хилармон В.Кажуком ЖР нарт Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уучлал үзүүллээ. Гадаадын зарим бизнес эрхлэгчийн хилээр гарах эрхийг хязгаарласны улмаас бусад олон ажил хэрэгч хүмүүс Монгол руу зорчих, манайд бизнес эрхлэхээс татгалзаад байгаа үед Төрийн тэргүүн энэхүү зарлигаа гаргалаа.

Тэд, тэдний гэр бүл, ард түмэн, төр засаг, бизнес эрхлэгчид нь талархал илэрхийллээ, бидэнд. Гэвч бид тэднээс дутахгүй талархаж байна, Төрийн тэргүүнд. Учир нь тэр улс орны язгуур эрх ашиг, ардчиллын амин сүнс, эдийн засгийн сорилт хийгээд боломж, эрх зүйн согогийг харгалзан, хүндэтгэж, хэлсэн шигээ хүнд шийдвэр гаргалаа. Аян замд ядарч, ундаассан залуугийн дөрөө мулталсан зочид буудал анх урьж, залсан шигээ халуун дотно үйлчлэх нь бүү хэл, хавчиж гадуурхан, боол, гэмтэн аятай хандаж, шорон мэт тэр газраас явъя гэвч явж болохооргүй байдалд орж буйг өгүүлдэг алдарт “Нotel California” дуутай адилтгуулан, “Hotel Mongolia” болон “алдаршиж”, адлагдаж буй миний Монголд жаахан ч болов гэгээ татлаа.

Бүхэлдээ шоронжсон, эдийн засаг нь хүртэл эрүүжсэн хэмээн ирсэн нь буцаж, ирэх гэж буйдаа толгой сэгсэрч буй гадаадын хөрөнгө оруулагчид, ойрын хугацаанд Монголын эдийн засгийг сэргээж, дэмнэх чадалтай харийнхны өмнө монголчууд нэр, нүүрээ сэргээх боломж бүрдлээ. Олон улсын эдийн засаг, санхүүгийн томоохон хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдээр өдөр алгасалгүй нүдүүлж, гадаадын хөрөнгө оруулагчдын нуруунд хүйт даалгасан шүүх үйл ажиллагаагаараа айлган жигшээж, улс орноороо дампуурахаа зөгнүүлж буй манай улсад энэ л шийвэр үгүйлэгдэж байлаа.

Гэвч энэ бол ердөө л эхлэл. Хөрөнгө оруулагчдыг татаж, алдсан нэр хүнд, боломжийг эргүүлэн олж авах, эсэх нь эрх баригч, эрхэм улстөрч, шийдвэр гаргагч бүрээс хамаарна. Бас “Гадаадын хөрөнгө оруулагч “Баастай бурхан” юм уу” хэмээн баалж, барьцаж, бас туйлширч байж мэдэх иргэн таны итгэл үнэмшил ч нөлөөтэй. Баяртай, “Hotel Mongolia”. Баярлалаа, Ерөнхийлөгчөө.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.