Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

120 ТАЛБАЙД ХАЙГУУЛЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ БОЛОМЖТОЙ ГЭЖ ҮЗЖЭЭ

Уул уурхайн сайд Р.Жигжид Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулснаар стратегийн ордод төр эзэмшсэн хэмжээндээ хүртэх ногдол ашигт дүйцэх мөнгөн хөрөнгийг тусгай нөөц ашигласны төлбөр (АМНАТ)-өөр авах сонголт бий болгосныг онцлов. Өөрөөр хэлбэл, АМНАТ дээр нэмж тусгай төлбөр авах гэнэ. Ингэснээр төслийн хөрөнгө оруулалт, зардал нэмэгдэх, ашигт малтмалын үнэ хямдарснаас болж алдагдал хүлээх зэрэг эрсдэлд төр орохгүй, ногдол ашгаа урьдчилж авах боломж бүрдэнэ гэдгийг тэрбээр тайлбарлалаа. Өнгөрсөн сарын эцсээс хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийн дугаарыг цахим системээр олгож эхэлсэн.

Нийт 691 аж ахуйн нэгж цахим хэлбэрээр дугаар авахаар бүртгүүлснээс 642 нь дотоодын, 39 нь гадаадын 100 хувийн хөрөнгө оруулалттай (БНХАУ-ын 15, Сингапурын найм, Австралийн гурав, Канадын гурав, Люксембургийн хоёр, бусад найм), үлдсэн нь хамтарсан хөрөнгө оруулалттай компани аж. Энэ сарын 9 хүртэл цахим хэлбэрээр 240 өргөдлийн дугаар олгосноос 159-д нь зураг зүйн шүүлт хийжээ. Үүнээс өргөдөл гаргасан 120 талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзээд тухайн орон нутгийн Засаг даргаас санал авахаар мэдэгдэл хүргүүлсэн байна.

Сар шинийн баяртай холбоотойгоор дугаар олгохыг нэг долоо хоног өнжин, өнгөрсөн 23-нд 120-ийг олгосон бөгөөд зураг зүйн шүүлт хийж байгаа гэнэ. Түүнчлэн тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалт зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд эхний ээлжинд зарлах 29 талбайд орон нутгийн удирдлагаас санал авахаар албан тоот хүргүүлжээ. Тэдгээр талбай нь Өмнөговь, Баян-Өлгий, Говь-Алтай, Ховд, Төв, Увс, Дорноговь, Хэнтий, Завхан аймгийн 195.840 га газар нутгийг хамарч байгаа аж. Тэгвэл шүүхийн шийдвэрээр хүчингүй болсон 106 талбайд тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу өнгөрсөн наймдугаар сараас хойш таван удаа сонгон шалгаруулалт зохион байгуулжээ.

Үр дүнд нь 18 талбайд шинээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон аж. Үүний 15 нь өмнө нь тусгай зөвшөөрөл эзэмшиж байсан юм байна. Уул уурхайн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Ч.Отгочулуу “Оюутолгойн баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж байна. Хөрөнгө оруулагч талтай далд уурхайн санхүүжилтийн нөхцөл дээр санал зөрөөд байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалт хэвийн явагдана. Төслийн зардал өсвөл өгөөжид сөргөөр нөлөөлнө.

Тиймээс зардлыг бууруулахад анхаарч байгаа. Жишээлбэл, өндөр цалин авдаг гадаадын 300 гаруй ажилтан байсан бол 100 орчим болж цөөрсөн. Цаашид ч буурахаар байгаа” гэлээ. Ноён уулын орчим дахь Гацууртын ордод олборлолт явуулах ТЭЗҮ-ийг буруу хийсэн гэж зарим хэвлэлээр мэдээлээд байгаа. Энэ талаар тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Батхүү “Уул уурхайн яам, Сангийн яам, МУИС зэрэг байгууллагын есөн төлөөлөл багтсан шинжээчдийн баг шалгаж үзээд зардлын тооцоо зөв гэж дүгнэсэн. Ордын онцлогоос шалтгаалж олборлох зардал өндөр гарахаар байгаа” хэмээв.

Түүнчлэн Газрын тосны газрын дарга Г.Өлзийбүрэн “Занарын чиглэлээр эрлийн 3, 4 гэрээ байгуулсан. Одоогоор “Genie oil shale Mongolia” компанийн судалгаа хамгийн ахицтай байгаа. Тус компани Говьсүмбэр аймагт Чойр-25 талбай, мөн Төв, Дундговь аймгийн нутагт судалгаа хийж байгаа. Одоогоор бодитой үр дүн гараагүй байна. Үр дүн сайн гарвал бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах боломжтой” гэв. Уржигдрын байдлаар улсын хэмжээнд А-80 бензиний 60, Аи-92 бензиний 52, дизель түлшний 48 хоногийн нөөцтэй байв.

Ц.БОЛОР

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.