Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ч.Сангарагчаа: Эрүүгийн хэрэг үүсгэсэн нь зорилготой хэсэг хүний зохион байгуулалттай ажил

-Төсвийн захиран зарцуулах эрхээ хэтрүүлсэн хэрэгт таныг шалгаж байгаа. Та хуульч хүний хувьд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгааг юу гэж үзэж байгаа вэ?

-Эрх мэдлээ хэтрүүлэн, зүй бусаар их хэмжээний мөнгө зарцуулсан гэсэн яриа гарсан даруйд шалгаад ямар ч хууль зөрчөөгүй гэдгийг өмнө нь нотолсон юм л даа. Гэтэл дахин эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа нь зорилготой хүмүүсийн, зохион байгуулалттай ажил гэж би бодож байна. Улс төрийн намын дарга байсан хүн Улсын Ерөнхий прокурор болсон нь нөлөөлж байгаа хэрэг. Ерөнхий прокурор эрх мэдлээ хэтрүүлэн, байгууллагын төсөв санхүүгийн асуудалд орж байгаа нь төрийн байгууллагын үйл ажиллагааг зогсонги байдалд оруулахаас гадна ажлаа улстөржүүлж байгаа нь анзаарагдаж байна. Эрүүгийн хэрэг үүсгэсэн ч надад айдас алга. Би төрийн албанд насаараа хоёргүй сэтгэлээр зүтгэж, ёс зүйн алдаа, тэр дундаа гэмт хэргийн шинжтэй хэрэгт нэг ч удаа холбогдож байгаагүй учир санаа зовох зүйл алга. Шалга, бас дахин шалга л гэж хэлэх байна.

-Таниас гадна танай газрын хэлтсийн хэд хэдэн даргад эрүүгийн хэрэг үүсгэсэн гэсэн мэдээлэл байна. Та Прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд хэдэн удаа мэдүүлэг өгөв?

-Манай хэд хэдэн ажилтныг дуудан, мэдүүлэг авч байгаа. Асуудаг зүйл нь “Та орон сууц авахдаа хэдэн төгрөгийн дэмжлэг авсан бэ” гэдэг. Манай ажилтнууд үнэнээ л хэлсэн гэсэн. Бид ажилтныхаа нийгмийн асуудлыг шийдэхийн тулд орон сууц авахад нь тусалсан нь үнэн. Гэхдээ бэлэн мөнгө гаргаад байр авч өгөөгүй. Орон сууцных нь үнийн 20-30 хувийг л олгосон. Харин тухайн ажилтан үлдсэн мөнгөө өөрөө төлөх учиртай. Манайх нийт 90 ажилтантай. Тэдний 18 хувь буюу 16 хүнд дэмжлэг олгосон. Авлигатай тэмцэнэ гэдэг амь дүйсэн ажил гэж Ерөнхийлөгч хэлсэн. Гэтэл амь дүйсэн ажил хийж байгаа хүмүүстээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, ажлаа хийх нөхцөл бололцоогүй болгож байгаад би харамсаж байна. Одоогоор би мөрдөн байцаалтад ямар нэгэн мэдүүлэг өгөөгүй.

-Ерөнхий прокурор асан М.Алтанхуягийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ажлаа өгөхийг шаард сан гэдгээ өөрөө ч хэлдэг. Танд ажлаа өгө хийг шаардсан дарамт шахалт ирж байна уу?

-Ажлаа хийж байгаа хүнийг тал талаас нь шахаж шаардсаар байгаад огцруулсан. Одоо хоёр орлогчийг нь ажлаа өгөхийг тулгасаар байгаа гэж дуулсан. Тэр хүмүүсийн дараа миний нэр байгаа. Харин би ажлаа өгөх ямар ч үндэслэл байхгүй гэдгээ удаа дараа хэлж байгаа учир надад ямар нэгэн дарамт шахалт өнөөдрийн байдлаар ирээгүй.

-Таныг төсвийн мөнгөнөөс 55 сая төгрөгөөр байр авсан гэдгийг аудитын шалгалтаар тогтоосон байсан. Та өнөөг хүртэл орон сууцгүй байсан хэрэг үү?

-Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаа, аюулгүй байдал даргатай нь шууд холбоотой байдаг. Аюулгүй байдлыг нь хангаж чадаагүйгээс өмнөх дарга нь албан үүргээ гүйцэтгэж байгаад харамсалтайгаар амь насаа алдсан. Удирдлагын аюулгүй байдлыг хангах үүднээс манай зөвлөл хуралдаад ийм шийдвэр гарсан нь үнэн. Гэхдээ би дэмжлэг аваад, үлдсэн мөнгийг нь өмнө амьдарч байсан байраа зараад төлсөн.

-Б.Дангаасүрэн агсны үхлийн шалтгаан эрүүл мэндийн байдалтай нь холбоотой гэсэн дүгнэлт гарсан. Таны ярианаас өөр шалтгаан байсан гэж ойлгогдож байна. Та өөр шалтгаантай гэж үзэж байгаа хэрэг үү?

-Хэн нэгний ах дүү, дотнын хүн бурхан болоход бид ямар учир шалтгаантайг нь тодруулах гээд гүйнэ шүү дээ. Хүн ажлаа хийж байгаад нас барж болно л доо. Гэхдээ нас барсан хүний эд эрхтнийг хулгайлсан нь гэмт хэргийн шинжтэй байгаа юм. Талийгаачийн хэргийг шалгах ёстой л гэж би боддог.

-Танай ажилтнууд ёс зүйн алдаа гаргаж, удирдлага нь 41 хүнд сахилгын арга хэмжээ авсан байдаг юм билээ. Хууль ёсоо сахиулж, авлигын эсрэг тэмцэж байгаа хүмүүс ийм алдаа гаргаж болно гэж үү?

-Энэ судалгааг манай газар Олон нийтийн зөвлөлдөө гаргаж өгсөн юм. Манай газар дэндүү өндөр сахилга хариуцлага шаарддаг, өндөр шалгууртай учир ийм алдаа дутагдал гарсан хэрэг. Тэдгээр хүмүүс дунд хаалгаа лацдаагүй, түлхүүрээ орхиогүй гэх мэт алдаа гарган арга хэмжээ авахуулсан нь олон. Ёс зүйн алдаа гаргасан нь тун цөөхөн. Олон нийтийн зөвлөлийн хэдхэн гишүүд энэ мэдээллийг улстөржүүлж, мушгидаг.

-Танай газраас эрүүгийн хэрэг үүсгэсэн хэрэг шүүх, хяналтын шатнаас их буцах юм. Танай газрынхан хангалттай, хөдөлшгүй нотлох баримт цуглуулж чадахгүй байна уу. Түүнээс гадна сүүлийн үед танай газарт эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа өндөр албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болго гэсэн үүрэг ирэх болсон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?

-Манай газрын шалгасан хэрэг хяналтын шатнаас буцаж байгаа нь үнэн. Хэргийг хэн дуртай нь шалгадаггүй. Хуулийн өргөн мэдлэгтэй, дадлага туршлагатай хүмүүс мөрдөн байцаах ажлыг гүйцэтгэж байна. Маш олон шат дамжлагад олон хуульч энэ ажилд оролцдог. Гэтэл хяналтын шатанд очоод буцчихдаг. Мөрдөн байцаах шатанд ажиллаж байгаа бүх хүмүүс чадваргүй гэж би хэлэхгүй. Харин хяналтын шатанд ашиг сонирхлын зөрчил нөлөөлж байна гэж хэлнэ. Прокурорын байгууллагаас өндөр албан тушаалтны хэргийг хэрэгсэхгүй болгох тухай асуудал гарсаар байгаа нь үнэн.

-Тухайлбал, хэний хэргийг хэрэгсэхгүй болгох тухай яригдаж байна вэ. Нэр албан тушаалтай нь хэлэх боломж байна уу?

-УИХ-ын гишүүн Л.Гүндалайн хэргээс эхлээд олон хэрэг байна. Онцгой байдлын асуудал эрхэлсэн сайд асан С.Отгонбаяр, УИХ-ын гишүүн С.Эрдэнэ гээд л цөөнгүй. Өнгөрсөн долоо хоногт л гэхэд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын орлогч дарга Б.Батболдын хэргийг прокурор хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргасан. Тэр хүн эрх мэдэл албан тушаалаа ашиглан улсад тушаах ёстой байсан 70 кг алтыг компанид нь буцаан олгосон. Зүй нь тэр хүн лацдаж хураагаад тушаах байсан юм. Гэтэл энэ хүнийг хэрэг хийгээгүй гэж үзэж байна. Ашигт малтмалын газрын хэлтсийн дарга н.Ариунбаяр гэдэг хүн улсын мөнгөөр нөөцийг нь тодорхойлсон газрыг эрх мэдлээ ашиглан нөөцгүй гэж албан тоот гаргаад бусдад зарж байсан нь тогтоогдсон. Орон нутагт нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан юм. Гэтэл Нийслэлийн прокурор манайх руу шилжүүл гээд хэргийг нь авах жишээтэй. Энэ мэт үйлдэл хэрээс хэтэрч, хууль зөрчсөөр байна.

-Гарцаагүй нотлох баримттай байхад уу. Ерөнхий прокурор Д.Дорлигжав өөрөө хуульч хүн шүү дээ?

-Манай хууль, тэр дундаа Эрүүгийн хууль хийдэл ихтэй байгаагаас болж гэм буруутай хүн гэмт хэрэг хийгээгүй мэт болдог. Манай газрын үйл ажилла гааг НҮБ-ын шинжээч хангалттай байна гэж дүгнэсээр байхад үйл ажиллагааг нь санаатайгаар сулруулах, хийсэн ажлыг үр дүнгүй болгож харагдуулах зорилготой хүмүүс цөөнгүй байна. Тангараг өргөсөн төрийн албан хаагч болохоор би хууль бус зүйлийн төлөө тууштай тэмцэнэ.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.