Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.ЛХААСҮРЭН: Монгол ямаа дэлхийд данстай боллоо

1970 оноос эхэлсэн судалгааны ажлын үр дүнд гаргасан Завхан буурал үүлдрийн ямаа дэлхийд данстай болжээ. Энэ сарын эхээр уг үүлдрийг албан ёсоор баталгаажуулсан байна. Үүлдрийн зохиогч, Завхан аймгийн Цөм сүргийн аж ахуйн захирал Л.Лхаасүрэнгээс энэ талаар тодрууллаа.

-Шинэ үүлдэр бий болгоход багагүй хугацаа зарцуулсан байх. Үүлдрийг баталгаажуулах нь ямар давуу талтай вэ?

-Үүлдрийг баталгаажуулна гэдэг нь дэлхийд хүлээн зөвшөөрүүллээ гэсэн үг. Монгол ямаа дэлхийд данстай болж буй хэрэг. Тодруулбал, олон улсын генийн санд бүртгэлтэй болж, байгалийн эрсдэлтэй тулгарч энэ малын удмын сан багассан тохиолдолд дэлхийн хэмжээнд анхаарал тавьдгаараа онцлогтой. Бид 30 орчим жил үүн дээр ажиллаж байж ийм үр дүнд хүрч байна шүү дээ. Уг үүлдрийг гаргахын тулд эхлээд шинжлэх ухааны үндэстэй арга зүйн дагуу судалгаа, шинжилгээ хийгээд 1972 онд Мал аж ахуй, эрдэм шинжилгээний хүрээлэнгээр арга зүйгээ батлуулан практикт нэвтрүүлэхээр ажиллаж эхэлсэн. Энэ ажилд сүүлийн 20 орчим жил Хүнс, хөдөө аж ахуйн яамны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, 2000 оноос хойш Завхан аймгийн Ж.Отгоолой гэх мэргэжилтэн хамтран ажилласан байна. Бид гурав үүлдрийн зохиогч юм.

-Манай улсад Завхан буурал үүлдрийн хэчнээн ямаа байгаа вэ?

-Үүлдэр омгийн малын удмын санг хамгаалахын тулд цөм сүрэг хэлбэрээр зохион байгуулдаг. Завхан аймгийн найман суманд өдгөө ийм үүлдрийн 410.000 ямаа үржүүлж байна. Түүний дотор цөм сүргийн ямаа нь 173.000. Цөмийн цөм болсон 84.000 ямаа Дөрвөлжин суманд байгаагаас 50.000 орчим нь үржлийнх юм.

-Зөвхөн Завхан аймагт өсгөж үржүүлж буй хэрэг үү?

-Нийт 10.000 орчим хээлтүүлэгч мал бойжуулсан. Түүний 6000-ыг нь 11 аймгийн 60 гаруй сумынхан ямааны үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулахаар авсан байдаг юм. Амьдрах чадвар сайтай, тэсвэр хатуужил сайтай, нарийн ноолууртай зэрэг давуу талыг нь харж Кыргыз улс манайхаас 30 ухна, үржлийн 90 ямаа аваад 5-6 жил болсон.

-Эдийн засгийн үр өгөөжийн хувьд бусад ямаанаас илүү юү?

-Ноолуурын гарц их, жин илүү. Бусад ямаанаас 6-9 кг-аар илүү жинтэй. Аймгийн дунджаас 230 граммаар илүү ноолуурын гарцтай. Үнэ нь багагүй учир энэ үүлдрийн ямааны зөвхөн ноолуурын зөр үүнээс жилд 3.4 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг малчид олж байна.

Ч.ЗУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.