Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.Мягмаржав: ХӨВСГӨЛИЙН ТАЙГА, ГОЛ УС ӨӨРИЙГӨӨ МАГТУУЛАХ ГЭЖ НАМАЙГ ТОМИЛСОН ЮМ БОЛОВ УУ

Энэ жилийн “Болор цом” наадмын тэргүүн шагналыг хүртэж, эгшиглэнт Янжинлхамыг анх удаа гэртээ залсан яруу найрагч Б.Мягмаржавтай ярилцлаа. 32 жилийн түүхтэй уг наадамд 20 гаруй удаа оролцохдоо хоёр аман хүзүүдэж, хоёр айрагдсан түүнийг гарцаагүй түрүүлнэ гэдэгт олон хүн итгэж байсан нь морин жилийн сүүлчээр биеллээ олсон юм. Дээрээ дөрвөн ахтай эрэгтэй хүүхэд ямар даруулгатай, дуулгавартай нэгэн болж өсөн торнидог тэр л жишгийг Б.Мягмаржав найрагч тойроогүй. Магадгүй тэгээд л хоёр хүүгээ эрхлүүлэхийн дээдээр эрхлүүлж, одоо ч багыгаа харахаар хошуу дэвсэн “хэлээ хазах” нь холгүй юм болдог биз ээ. Хэдэн сарын өмнө бэртэй болсноор түүний эрхлүүлэх хүмүүсийн тоо бас нэгээр нэмэгдсэн гэнэ.

-Мяагаа ах, сайхан шинэлэв үү. Хоймор нутгаас төрсөн анхны “Болор цом”-ын эзэн болсон учраас өнөө жилийн Цагаан сар тань хөл хөдөлгөөн ихтэй байв уу?

-Сайхан шинэллээ. Нас ч явж байгаа бололтой. Жил ирэх тусам манайд зочлох хүмүүсийн тоо нэмэгдээд байна шүү. Хадам ээж минь бидэнтэй хамт байдаг учраас шинийн нэгэн, хоёронд гэртээ нам суугаад, айлчин гийчидтэйгээ шинэллээ. Цагаан сарын үеэр утас ч тасралтгүй хангиналаа. Настай хүмүүс ирчихсэн байхад утсаар яриад суугаад байж боломгүй санагдаад, хариу өгөөгүй хүмүүс рүүгээ сүүлд нь өөрөө залгаж мэнд усаа мэдэлцэв. Тэгэхгүй бол нөгөөх чинь “Болор цом” аваад томорчихож гэнэ шүү дээ (инээв).

-Хөвсгөл аймгийн Рэнчинлхүмбэ сумынхан, ах дүү нар тань бөөн хөөр баяр болж байгаа биз дээ?

-Тийм ээ. Баяр хүргэх хүмүүсийн цуваа одоо л татарч байна. Манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Батсуурь тэргүүтэй хүмүүс ирж баяр хүргэсэн. Манай нутгийнхан “Монголын дархад зоны нийгэмлэг” гэж байгуулсан юм. Нутгийнхны маань золголт энэ сарын 27-нд болох гэнэ. Тэнд очиж, нутгийн ахан дүүстэйгээ уулзана даа.

-Та эцэг, эхээс хэдүүлээ вэ?

-Бид эхээс есүүлээ. Найм нь одоо нутагтаа, малаа дагаад явж байгаа. Хөдөөний сайхан эрчүүд, хүүхнүүд байгаа даа. Би л ганцаараа хотод аж төрж байгаа нь энэ.

-Тухайн жилд “Болор цом”-ын эзэн болсон найрагчийг монголчууд улсын наадамд түрүүлсэн бөхтэй адил хүндэтгэдэг. Таныг эгшиглэнт эх Янжинлхамыг гэртээ залах болсныг дуулаад, ах, дүү нар нь юу гэж байх юм?

-Би урьд нь “Болор цом”-д дөрөв айрагдахдаа хоёр ч удаа аман хүзүүдсэн шүү дээ. Тэр үед манайхан намайг бараг л түрүүлчих байх гээд тэрүүхэндээ тэмдэглэдэг байсан юм билээ. Тэгээд дараа нь түрүүлсэнгүй гээд гомдсондоо ч гэх юм уу, цааш үргэлжлүүлэн найрлах шахуу юм болдог байсан гэнэ лээ. Харин өнөө жил тэд минь ёстой л магнайгаа хагартал баярласан байх аа. Өөрөө түрүүлсэндээ ч тэгж хэлж байгаа юм биш шүү. Энэ жилийн “Болор цом” янз бүрийн хэрүүл маргаангүй, “миний, манай” гэж элэг бөөрөө таталцсангүй, сайхан наадам болж өндөрлөлөө. Үүгээрээ өнөө жилийнх онцлогтой болсон гэж бодож байгаа.

-“Болор цом” наадмыг хүмүүс янз бүрээр л ярьдаг. Хөдөө орон нутагт зохиохоор тухайн газрын найрагч түрүүлдэг “уламжлал” бараг тогтоод байсан нь гашуун үнэн. Харин энэ удаад тэгээгүй нь уг наадмын нэр хүндийг өргөлөө. Таныг түрүүлсэнд олон хүн ам сайтай байгаа учраас тэгж хэлж байна л даа.

-Жил жилийн наадмын дараа ямар нэгэн явган яриа гардаг. Үүнийг манай найрагчид өөрсдөө дотроосоо гаргадаг гэж би боддог юм. Ямар ч байсан өнөө жилийн наадам “Болор цом”-ыг нутагтаа зохиогоод, өөрийнхөө хүнд өгүүлдэг гэдэг яриаг үгүйсгэлээ. Тэр тусмаа агуу их Дашдоржийн Нацагдоржийг төрүүлсэн, ардын уран зохиолч тавтай, 32 жилийн түүхтэй “Болор цом” наадмын 11 түрүүг авсан Төв аймаг шүү дээ. Хан уулын өвөр энгэрийг дэрлэсэн нутгийн тийм хүндтэй том дэвжээн дээр зодоглоод түрүүлсэн нь гайхалтай гэчихвэл өөрийгөө хэлсэн болчих болов уу (инээв). Гэхдээ гоё биз дээ.

-Энэ наадмыг яруу найргийн үнэлэмж, хэмжүүр биш гэдэг. Гэхдээ үүнийг байх ёстой наадам гэж боддогоо, хойшид ч орсоор байх болно гэдгээ та хэлсэн байсан. Энэ нь яруу найрагт бүхий л зүрх сэтгэлээрээ автсан хүний бодол уу, эсвэл?

-Манай утга зохиолд янз бүрийн урсгал, измүүд гарлаа гээд “Болор цом” наадам байгаагүй бол ийм олон яруу найрагч төрөө ч үү, үгүй ч үү гэж боддог юм. Нас нь ахихаар үргэлжилсэн үг рүү орсон хүмүүс хүртэл энэ наадмын сураг дуулдаад эхлэхээр үзэг, цаас нийлүүлдэг зуршилтай болчихдог. “Болор цом”-ын тайзнаа шүлгээ уншдаг нь л 30 орчим хүн байдаг болохоос жил бүр 100 хол гарсан найрагч бүтээлээ сойдог шүү дээ.

-Та хүртэл шүлгээ унших эрхгүй хасагдаж явсан гэсэн байх аа?

-Тийм. Өнгөрсөн гучаад жилийн түүхэнд энэ наадмыг янз бүрийн арга хэлбэрээр зохиодог байсан юм. Нэг хэсэг найрагчдыг сугалаа сугалуулаад, бөх шиг хоёр хоёроор нь “барилдуулдаг” байлаа. Монголын үйлдвэрчний эвлэлийн соёлын төв ордонд болсон нэг удаагийн “Болор цом”-д П.Бадарч, Ш.Гүрбазар гэсэн хоёр мундаг амьтан хоорондоо таараад баларсан. Хоёулаа л адилхан сайн шүлэгтэй, бас хоёулаа шилдэг уран уншигчид. Гэтэл хажууд нь хөд өөний хоёр хүүхэд хоорондоо таарлаа гэхэд нэг нь шалгараад үлдчих жишээтэй. Тэр үед хот, хөдөөгөөс 500-гаад найрагч оролцдог байсан учраас хэрхэн дүгнэж, шүүх вэ гэж бөөн юм болдог. Нэг удаа Дэндэвийн Пүрэвдорж гуай Булган, Хөвсгөлөөс ирсэн найрагчдыг Зохиолчдын хорооны хурлын танхимд шалгаруулахад Ц.Буянзаяа бид хоёр эхний даваанаас хасагдаж билээ.

-Таныг “уйланхай эр” гэдэг. Ээжийгээ алдсанаас хойш нулимс ойрхонтой болсон юм уу. Эсвэл угийн уян зөөлөн хүн юм уу?

-П.Бадарч багш шигээ болж байгаа юм уу, сав л хийвэл уйлчих гээд байдаг болсон. Зурагтаар сайхан клип үзэхэд, сайн шүлэг сонсоход хүртэл нулимс өөрийн эрхгүй наашлаад ирдэг болж. Тэр болгоныг хүмүүст үзүүлээд байлтай биш, заримыг нь нуусхийгээд өнгөрнө л дөө. Уг нь гаднаас нь харахад ч би тийм уян зөөлөн байхаар хүн биш шүү дээ. Гэвч нулимс ойр болсоон. Ижийгээ алдаад гурван жил гаруй хугацаа өнгөрлөө. Тэр жил ижийгээ бодож, харуусаж бичсэн шүлгийг минь нэрт сэтгүүлч Ж.Гангаа агсан сонсоод, намайг “Болор цом”-ын сүүлийн шатанд унших ёстой сайн бүтээлээ наана нь дуудаад буруудчихлаа гэж зэмлэсэнсэн. Тэр шүлэг маань олон хүнд хүрсэн шүү. Яагаа вэ, Н.Гантулгын түрүүлдэг жил шүү дээ.

-Радиод хэдэн жил ажиллаж байгаа билээ?

-Монголын үндэсний радиод 17 жил ажилласан. Сүүлд MNB2 телевиз байгуулагдахад энд ороод, нийтдээ 20 гаруй жил болж байгаа юм байна. Түүнээс өмнө Хөвсгөл аймгийнхаа сонинд ажиллаж байсан.

-Анх радиод хэрхэн орж байсан тухайгаа дурсахгүй юү?

-Өндөр Баярсайхан гэдэг хүний ач тусыг мартах учиргүй. Тэр хүн намайг Зохиолчдын хороонд элсүүлж, Монголын радиод ажилд оруулсан ачтан. Би 1990-ээд оныхны төлөөлөл хэрнээ 2000 он гарснаас хойш Зохиолчдын хороонд элссэн хүн шүү дээ. Монголын үргэлжилсэн үгийн, тэр дундаа өгүүллэгийн том мастер тэр хүний ач гавьяаг манай радиогийн дунд үеийнхэн бүгд мэднэ. Дэггүй уран бүтээлчидтэй хэрхэн хамтарч ажиллахаа мэддэг агуу хүн байлаа. Ажлын сахилга бат алдсан хүмүүсээ заавал удирдлагын зөвлөлийн хурлаар оруулаад байхгүй, өөрөө шууд шанаадчихна (инээв). Тэр нь магадгүй илүү олон хүнд ухаарал хайрласан болов уу.

-Энэ саарал байшинд сэтгэл зүрхээ “уяж”, 20 гаруй жилийг ардаа орхисон шалтгаан тань юу вэ. Мэдээж таны амьдрал ахуйд хэрэгтэй, боломжийн ажлын санал ирж л байсан байлгүй?

-Янз бүрийн санал ирж л байсан. Гэхдээ явж зүрхлээгүй. Яагаад гэвэл энэ бол алтан босготой газар шүү дээ. Энд орсон хүн нэг их доошоо уруудаад байдаггүй. Манай радиог бага Зохиолчдын хороо ч гэдэг юм. Дөрвөн ч “Болор цом”-ын тэргүүн шагналтан эндээс төрлөө. Үе үеийн олон арван зохиолч энд ажиллаж байсан учраас нэг гэр бүлийн хүмүүс шиг халуун дулаан уур амьсгалтай, баяр ёслолоор хэнийгээ хаана суулгах вэ, хэнээрээ айраг, цай аягалуулах вэ гэдгээ сайтар мэддэг дэг жаягтай байгууллага. Эндээс гараад би хаашаа явах вэ дээ. Аль нэг намын сайд, дарга дагаад явлаа гэхэд дөрвөн жилийн дараа хог дээр үсэрнэ биз дээ (инээв). Одоо бол дөрвөн жил ч болохоо байж.

-Монголын яруу найрагт Ерээд оныхон гэж том төлөөлөл бий. Та ч тэдний нэг. Гэтэл таныг хүмүүс бусад шиг чинь төдийлэн сайн таньдаггүй. Та яагаад бүхний ард сууж байдаг юм бэ. Сая түрүүлснийхээ дараа “Манай үеийнхнээс гэр хороололд эгшиглэнт Янжинлхамыг залсан хэдэн найрагч байдаг юм бол доо” гэсэн. Энэ бол таны хэтэрхий даруухан, нэг талаар овсгоогүй зантай холбоотой юу?

-Хэдхэн хоногийн дараа ахынх нь нэг том ном хэвлэгдэж ирнэ. Гучин жилийн турш бичсэн шүлгүүдээсээ шигшээд, тоосгоны чинээ ном эмхтгэсэн юм. Олон хүн ном гаргахаараа өмнөх үг гээд бусдаар баахан магтуулдаг шүү дээ. Би тэгээгүй. Намайг мэддэг, мэдэрдэг нөхдөөрөө миний тухай хэрхэн бодож явдгийг нь хоёр хоёр өгүүлбэрээр бичүүлснээ номынхоо хамгийн арын хуудсанд хэвлэж байгаа. Тэнд А.Эрдэнэ-Очир “Яруу найрагчдын хайртай найрагч тийм ч олон байдаггүй юм. Харин Мягмаржавт бүх яруу найрагч хайртай байдаг” гэсэн байгаа. Энэ үг наад асуултын чинь хариу болох болов уу.

-Үнэхээр л тийм шүү. Гэхдээ хүнд гэм хоргүй, мөрөөрөө, бас гудиггүйхэн явахад амжилт, алдар хүндийн тавцанд гишгэх зай олдох нь улам л хомс болоод байгаа нийгэм юм биш үү?

-Ямар гоё асуулт вэ. Зэрлэг капитализм руу шууд л давхиад орчихсон бид ямар айхтар өөрчлөгдөж, хүнээ алдаж байна вэ. Ноён уулыг аврахын төлөө өлсгөлөн зарласан хүмүүс өдгөө арваад хоночихоод байхад тэднийг тоож байгаа хүн байна уу. Б.Лхагвасүрэн ах “Эх орныг үрж биш, үлдээж хайрладаг юм” гэж гайхалтай хэлсэн. Энэ бол ойрын үед юутай ч зүйрлэхгүй манлай үг шүү.

-Та өөрийгөө орчлонд ямар үүрэгтэй ирсэн хүн гэж боддог вэ?

-Миний үүрэг гэхээс илүүтэй, Хөвсг өлийн их тайга, гол ус, газар нутаг өөрийгөө магтуулах гэж намайг томилсон юм болов уу гэж боддог.

-Та маш олон хочтой. Зүгээр мөрөөрөө явж байгаад л хоч авчихаад байдаг юм уу. Та ер нь өөрөө хүнд хоч өгдөг үү?

-Манай нутгийн ах хүү өөрөө хүнд хоч өгдөг хэрнээ түүнийгээ “Тэр чамайг тэгж байна лээ” гэж их аятайхан хэлдэг байсан юм. Түүн шиг олон найз нөхөд намайг янз бүрээр л дууддаг. Дархад, торос, тарз, радиогийн Мяагаа гээд явж өгнө шүү дээ. Тэглээ гээд яах вэ дээ. Юу ч гэж нэрлэсэн болно. Эр хүн угаасаа сармагчингаас нэг см дээгүүр байхад л болно гэдэг шүү дээ (инээв). Одоо хэвлэлтээс гарах гэж байгаа номоо би “Дархад Мяагаа” гэж нэрлэсэн. П.Бадарч багш маань ч миний “Уулсын симфони” гэдэг номын өмнөх үгэнд “Заавал дэлхийн хэмжээний яруу найрагч болох гэж зүтгээд яах вэ. Чи Дархадын хотгорын найрагч байхад л хангалттай. Дэлхий ертөнцийн үүсэл тэр хонхроос эхтэй гээд нэгэн цагт шинжлэх ухаан тайлахыг хэн байг гэх вэ” гэсэн юм.

-Хэрэв яруу найрагч гэдэг хүмүүс төрдөггүй байсан бол энэ орчлон ямархуу өнгө аястай байх бол?

-Баахан баадантай юм нааш цааш зөөс өн хүмүүсээр л хорвоо дүүрэх байсан биз. Яруу найргаас холдох тусам хүн гэдэг бодгаль мөн чанараа гээнэ. Одоо та нарын үеийн залуусын хайр сэтгэлийг хүртэл мөнгө гэдэг юм цавчдаг болсон байна шүү дээ. Энэ л их эмгэлэлтэй.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.