Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хуримтлалаараа сургуулиа ГУРВАН ДАВХАР БОЛГОН ӨРГӨТГӨЖЭЭ

Хэн ч харсан цэвэрхэн тохилог, дэг журамтай Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчдад битүүхэн атаархах сэтгэл төрөв. Сургуулийн орчин нөхцөл, оросоор эх хэл шигээ дуржигнатал ярих хүүхдүүд Монголоос өөр оронд ирчихсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Үндсэн сургалт нь орос хэлээр явагддаг болохоор арга ч үгүй биз. Зөвхөн монгол хэл, уран зохиол, газар зүйн хичээлийг сурагчид эх хэлээрээ үздэг юм байна. Гуравдугаар ангиасаа англи хэл, монгол хэл, харин зургадугаар ангиас япон, герман, хятад хэлний аль нэгийг сонгон судалдаг гэнэ. Монгол хэлийг жирийн сургуулиас хоёр дахин бага цаг үздэг юм билээ. Гэхдээ хүүхдүүдийн монгол хэлний түвшин муу биш. Учир нь мэргэжлийн байгууллагатай хамтарч, байнга түвшин тогтоох шалгалт авдаг гэсэн. Хөдөлмөрийн зах зээлд дүн биш чадвар “борлогддог”. Иймээс эцэг, эхчүүд хүүхдэдээ чанартай боловсрол олгохыг эрмэлзэх болсон.

Орос хэлээр сургалт явуулдаг, ОХУ-ын Буриад улсын БШУЯ-нд харьяалагддаг Монголын цорын ганц эл сургууль 915 хүүхдийн хүчин чадалтай ч өдгөө 2350 хүүхэд суралцдаг. Өглөөний 07.20 цагаас үдшийн 20.00 цаг хүртэл сургалтын үйл ажиллагаа явуулдаг ч анги танхим хүрэлцээгүйгээс хичээлээс гадуурх сургалт, давтлага, хүүхэд хөгжүүлэх ажлыг бямба гаригт зохион байгуулдаг аж. Гэсэн хэдий ч ачааллаа дийлдэггүй учир сургуулийн удирдлага өнгөрсөн жил барилгаа өргөтгөсөн аж. Ингэхдээ хэн нэгнийг царайчлалгүй, өөрсдийн хөрөнгөөр барьсан байна. Тодруулбал, эцэг, эхчүүдийн өгсөн хандив, тусламж, багш нарын цалингийн торгуулиар хуримтлал үүсгэж, хоёр давхар сургуулиа гурван давхар болгожээ. Нээлттэй тендер зарлахад “Тэргүүн чансаа” компани шалгарч, өргөтгөлийг хоёр тэрбум төгрөгөөр шуурхай барьж дуусгажээ.


Өргөтгөл ашиглалтад орсноор тав, зургаа, долдугаар ангийн 500-гаад хүүхэд нэгдүгээр ээлжинд хичээллэх болсон ч гурав, дөрөвдүгээр ангийнхан хоёрдугаар ээлжинд хичээллэсэн хэвээрээ гэнэ. ОХУ-д харьяалагддаг учраас тус сургууль тэдний стандартад нийцүүлэн үйл ажиллагаа явуулах үүрэгтэй. Ийм л шалтгаанаар 1-5 дугаар ангийнханд манай боловсролын хөтөлбөрт байдаггүй хөдөлгөөнт бүжгийн хичээл заадаг юм билээ. Сургуулийн барилга стандартын шаардлага хангаснаас гадна галын аюулгүй байдлын дохиолол, утаа мэдрэгчтэй. Мөн бүх анги камер, чанга яригч, аваарын гэрэлтэй гэнэ. Тэд ОХУ-ын магадлан итгэмжлэл авахаар зорьж, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлж буй нь энэ. Иймээс цайны газраа өнгөрсөн жил өргөтгөж, хүнсний зориулалтын агуулахтай болсон байна. Учир нь тэд гаднаас бэлэн бүтээгдэхүүн авдаггүй. ОХУ-аас ирсэн хоёр тогооч нь таван өдрийн гуравт нь сурагчдад 8-9 төрлийн халуун хоолоор үйлчилдэг аж. Түүнчлэн багш самбарын өмнө шохойтой зууралдаж, хугацаа алддаг сургалтын арга барилаас татгалзаж, интерактив сургалт явуулах болжээ. Анги танхимаа ч сургалтын лаборатори, тоног төхөөрөмж, хэрэглэгдэхүүнээр иж бүрэн тоноглосон байна.

Үүнээс гадна хариуцлагын тогтолцоо өндөр байдаг нь Монгол, Оросын хамтарсан сургуульд элсэхийг хүсэгчдийн урт дараалал үүсгэдэг бололтой. Төлбөрийг нь авч л байвал хүүхэд ямар сурах нь хамаагүй гэж орхидог хувийн сургуулиас ялгаатай нь тэд эцэг, эхтэй үүрэг, хариуцлагын гэрээ байгуулж, жилд хоёр удаа тайлан тавьдаг. Хэрэв эцэг, эх сургуулиас зарласан аливаа үйл ажиллагаа, хуралд ирэлгүй, хүүхдэдээ анхаарал хандуулахгүй бол онооноос нь хассаар гэрээг цуцална. Эцэг эхчүүд хүүхдийнхээ дүн, ирцийн мэдээллийг өдөр тутам сургуулийн цахим хуудсаар авах боломжтой. Мөн улирал бүр хүүхдүүдийн дүнг анги, бүлгээр нь жагсаадаг. Тухайлбал, дөрөвдүгээр ангийн 222 сурагчийг дүнгээр нь жагсаахад хамгийн өндөр нь 99.6, бага нь 78 оноо авсан байв. Энэ нь зүгээр нэг хичээлийн дүнгүүдийг нэгтгээд гаргачихсан тоо биш. Хичээл тус бүрээр тодорхой бүлэг сэдэв заасны дараа сурагчдаас хөндлөнгийн шалгалтыг ОХУ-ын тестийн программ ашиглан, компьютерээр авдаг байна. Хүүхэд бүр өөр вариант болох учраас хуулах боломжгүй.


Улирал, хагас, бүтэн жилийн дүнг ингэж гаргадаг. Хэрэв шалгалтын оноонд эргэлзвэл шалгадаг тусгай өдөртэй. Шалгалтад унасан хүүхэд хичээлээ давтаад дахин шалгалт өгөх боломжтой. Түүнчлэн стандартын биелэлт, багшийн мэргэжил дээшлүүлэлт, ерөнхий шалгалтад бэлтгэж байгаа явцыг ОХУ-аас тогтмол ирж шалгадаг гэнэ. Тус сургууль 2004 онд ОХУ-ын Боловсролын чанарын диплом, өргөмжлөл авчээ. Үүнийг сургууль бүрт өгдөггүй бөгөөд төгсөгчдийн хаана сурч, юу хийж байгааг судалж, олгодог байна. Сургуулийн удирдлага эцэг, эх гэлтгүй багш нартайгаа ч гэрээ байгуулдаг. Ингээд хариуцлага алдсан, үүргээ хангалтгүй биелүүлсэн, сурагчдынх нь оноо шаардлага хангаагүй, эцэг, эхчүүдэд улирлын дүнг танилцуулж гарын үсгийг нь аваагүй зэрэг шалтгаанаар багшид хариуцлага тооцож, торгохоос эхлээд ажлаас халах хүртэл арга хэмжээ авдаг байна. Ийм л учраас сургуулийн өргөтгөл барих хөрөнгөний тодорхой хувь нь багш нарын халааснаас гарчээ.

Гэхдээ багш нарт хамгийн өндөр цалин санал болгодог гэсэн. Түүнчлэн хичээлдээ ирээгүй сурагчийн эцэг, эхтэй багш 24 цагийн дотор холбогдож, шалтгааныг нь тодруулах үүрэгтэй. Сурагчдад ч мөн хүлээх үүрэг бий. Жилд гурваас дээш хичээл дээр муу дүн авбал сургуулиас хасагдана. Энэ мэт бүх зүйлийг гэрээгээр зохицуулдаг учраас сургууль өдий дайны нэр хүндтэй явааг багш нар нь онцолсон. Үүгээр зогсохгүй бямба гариг бүр багш, сурагчид, бага ангийн хүүхдүүдийн эцэг, эх хамтран их цэвэрлэгээ хийдэг юм билээ. Энэ нь хүүхдүүдэд үлгэр дуурайл үзүүлэх зорилготой аж. Тус сургуулийн сургалтын менежер С.М.Муратович “Манайх 2006 оноос электрон сургууль болсон. Ийм өргөн хүрээний программтай сургууль Монголд манайхаас өөр байхгүй. Видео хичээлийн бүхэл бүтэн фонд үүссэн бөгөөд сурагчид цахим хуудсаар хичээлээ үзэх боломжтой. Одоогийн байдлаар нэг ангид 50 хүртэлх видео хичээл бий” гэв. Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургууль 120 багштай. Үүний 20 нь монгол, 88 нь орос, үлдсэн нь австрали, япон, герман, хятад, филиппин багш нар. Багш нараа өндөр шалгуураар сонгож авдаг.


Нэгдүгээр ангийн төлбөр 3.2 сая, 2-12 дугаар ангийнх нь 1.9 сая төгр өг юм билээ. Төгсөгчид элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор улсдаа тэргүүлдэг. Мөн ОХУ-ын элсэлтийн ерөнхий шалгалтад орж тэнцвэл бүрэн дунд боловсролын гэрчилгээтэй төгсөх боломжтой юм. Тус сургуулийн захирал Ж.Соронзон “ОХУ-ын 12 дугаар анги төгсөх, их сургуульд орох шалгалт нь нэг байдаг. Шалгалтыг Оросын Засгийн газрын дэргэдэх Боловсролын хяналтын хороо орон даяар зохион байгуулдаг. Шалгалт шударга явагддаг учраас сүүлийн жилүүдэд Оросын боловсролын чанар их сайжирсан. Оюутнуудын сурлагын чанар муу байгаа нь ерөнхий боловсролын сургуультай шууд хамааралтай. ОХУ сургуулиуддаа сурагчдын элсэлтийн ерөнхий шалгалтад авсан оноог нь харгалзаж төсөв өгдөг. Тус улсын шалгалтыг манай хүүхдүүд сайн өгдөг. Явцын үнэлгээг улирал бүрээр ОХУ-аас ирж авдаг.

Муу дүн авбал шалгалтад орох эрхгүй болж, Оросын бүрэн дунд боловсролын гэрчилгээ авч чадалгүй хасагддаг. Хүм үүс боловсролыг мөнгө болгон харах болж. Сургууль ажиллуулна гэдэг нялх хүүхэд бөөцийлөхтэй адил. Үүний ард их ажил байдаг” хэмээв. 1992 онд байгуулагдсан тус сургуулийн 23 жилийн ой энэ онд тохиож байна. Энэ хугацаанд 1367 хүүхэд төгссөнөөс 50 хувь нь АНУ, Герман, Япон, Их Британи, Итали, Швейцарь, Итали, Франц, Орос зэрэг өндөр хөгжилтэй оронд амжилттай суралцан, Монголд төдийгүй дэлхийд данстай томоохон байгууллагад ажиллаж байна. Монгол, Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн сурагчид “Lions club international” байгууллагаас зохион байгуулдаг англи хэлний олимпиадад оролцож, 18 жил дараалан Улаанбаатар хотын аваргаар тодорчээ. Мөн Монгол Улсын тэрг үүний сургуулиар хоёр удаа шалгарч, энэ жил англи хэлний шилдэг заах арга зүйтэй сургууль болсон гээд тэдний амжилтыг тоочоод байвал мундахгүй.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.