Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Л.ВАНГАНЫ ААВ Д.ЛАМЗАВ УРАН ХҮН БАЙЛАА

Монголын урлагт үйлс бүтээл, намтар баян түүхээрээ мөнхөрсөн Л.Ванган, Л.Нацаг нарын аав Д.Ламзавын тухай олон хүн мэдэхгүй. Гэхдээ түүнийг хувьсгалт төрийн үед ажиллаж, амьдарч байсан бичээч хүн гэдгийг түүхийн шарласан хуудсууд гэрчилнэ. Долгоржавын Ламзав гуай 1899 онд Засагт хан аймгийн Цэцэн сартуул хошууны нутаг Галуутай гэдэг газар Баатад овогт эцэг Долгоржав, эх Аюушийн хоёрдугаар хөвгүүн болон төржээ. Ламзав 8-12 насандаа нутгийн хийдэд шавилан сууж төвд ном, бичиг заалгахын зэрэгцээ гэрийн хүмүүжлээр монгол үсэг бичгээ заалгаж, шамдан суралцсаны учир 14 насандаа монгол, төвдөөр бичиж, уншиж сурсан байна.

Түүний эцэг, эх, өвөг дээдэс нь нүүдэлчин, малчин, уран дархан хүмүүс байсан ч бичгийн боловсролтой байсан нь илэрхий. Хүүгээ багаас нь эрдэм номд шамдуулах хүн тухайн үед олон байгаагүй ч удам дамжсан бичгийн боловсролтой хүмүүс л энэ үйлд илүү хянуур ханддаг байсан бөлгөө. Д.Ламзав гуай 1918 онд Цэцэн сартуул хошууны тамгын газарт туслах бичээч, 1919 онд Засагт хан аймгийн чуулганы жанжны туслах бичээчээр ажиллаж явах үедээ нутгийн сайхан бүсгүй Намжийтай ханилан сууж, өрх гэр тусгаарлан амьдарч явтал 1920 онд хөвгүүн Ванган, 1922 онд хүү Нацаг нар нь мэндэлжээ. 1921 онд Ламзав гуай аймгийн жанжны туслах түшмэл, мөн бичиг цэргийн албыг давхар хашиж байх үед нь Эрдэнэдүүрэгч вангийн хошуу болон бусад нутгаар оргодол цагааны дээрэмчид, Ванданов, Төвшинбаяр нар цэрэглэн хөдөлж, орон нутгийг түйвээн сүйтгэж, ард олныг тонон дээрэмдэж тарчлаан зовоож хувьсгалт төрийн ажиллагааг үгүйсгэх өнгө аяс цухалзуулж байсан гэдэг.

Энэ үед ард олон дургүйцэж, сайн дурын цэрэгтэй нийлэн зохион байгуулалтад орж, Тунгалаг нуурын хөвөө болон бусад газарт үүрлэсэн дээрэмчдийг үлдэн хөөж устгах ажилд Д.Ламзав гуай оролцон тулалдаж явахын хажуугаар бичиг хэргийн ажлаа хийсээр байсан гэдэг. 1922 онд баруун хязгаар нутгийн ард олныг тарчлаан зовоож тонон дээрэмдэж хорлон сүйтгэж байсан дээрэмчин, хулгайч Дамбийжанцанг устгах Засгийн газрын тусгай төлөөлөгч томилогдон явахдаа Улиастай хотоос тухайн үеийн хамгийн сайн бичээч болох Д.Ламзавыг авч цаашлан явж нам төрийнхөө өгсөн үүрэг даалгаврыг биелүүлсэн байдаг. Хэрхэн энэ үүргээ биелүүлсэн тухай нь “Ичээнд нь” кинонд дэлгэрэнгүй гардаг. Энэ цаг дор орон нутагт ардчилсан засаг захиргааг бүх шатанд байгуулах, ард түмнээс харийн пүүст төлөх түм түмэн лангийн өрийг хүчингүй болгох зэрэг олон санал санаачилгыг Д.Ламзав гаргаж, харилцан ярилцаж хамтын хүчээр хэрэгжүүлэж явснаар ажлын дадлага туршлага, бичиг хэрэг боловсруулах чадвар нь улам өндөр болж байсан учир 1923 онд Монгол ардын хувьсгалт намд гишүүнээр элсүүлэн авч, 1924 оны арваннэгдүгээр сард хуралдсан Монгол Улсын анхдугаар их хурлын төлөөлөгчөөр сонгосон түүхтэй.

Түүний хурлын индэр дээрээс хэлсэн үг, шүүмжлэлүүд нь мэдлэг чадвар, улс төрийн үзэл суртлын ноён нуруу зэргийг нь тодорхойлон үлдсэн байна. Д.Ламзав хожим дурсан ярихдаа “Бидний төлөөлөгчид гаднаас нь харахад хөх бор царайтай, хөдсөн нэхий дээлтэй байсан ч хэнээс ч айж шантралгүй хэлэх гэсэн үгээ хэнд ч, хаа ч хэлж чаддаг байлаа. Бидний Монгол Улс хүчирхэг нэгэн орон байсныг элдвийн зан бодлоор харгис этгээдүүдийн удаа дараагийн үйлдлээр монголчуудыг минь гал усны гашуун зовлонд унагаж байсныг би яахан хэлж барах билээ” гэсэн юм. Д.Ламзав их хурлаас хойш улсын бага хурлын тэргүүлэгч гишүүн, бага хурлын нарийн бичгийн дарга улмаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ажилласан байна. Барууныхан, зүүнийхэн хэмээн хоёр хуваагдсан өнгө аяс цухалзаж байсан энэ үед намаас явуулж байсан олон удаагийн шалгуур шүүлтүүрт өртөлгүй үлдсэн нь түүний шулуун шударга, ажлын хариуцлагатай, хүн чанартай зантай холбоотой байсан биз ээ.

Д.Ламзав 1929 онд хуралдсан Цэцэн сартуул хошууны хурлаар хошуу даргын суудалд улиран сонгогдон амжилттай ажилласнаар 1930 онд Улаанбаатар хотод дуудан ирүүлж Шүүх яамны сайдын албанд томилсон аж. Түүнийг зарим хүн зүүнийнхэнд талтай байсан хэмээн ярьдаг бол Д.Ламзав улсын бага хуралд ажиллаж байхдаа хууль эрхийн олон акт бичиг боловсруулж мөрдүүлж байсан учраас шинэ барууныхны нэг гэх нь ч бий. Хүнтэй хэрэлдэж, муудалцдаггүй, дуу цөөтэй нэгэн байсан учраас хүмүүс хий л таамаглахаас хэтэрдэггүй байсан болов уу. Д.Ламзав гуай гэрийн хүмүүжлээр төлөвшин, бичиг үсэгт боловсрон хувьсгалт төрийн үйл ажиллагаанд чин шударгаар зүтгэсэн туршлагатай хүн төдийгүй удирдаж, удирдуулж сурсан шалгарсан бичээч юм. Түүний хөдөлмөрийг нь үнэлэн дүгнэж, аж үйлдвэрийн гавьяаны нэгдүгээр зэргийн одонгоор шагнасан удаатай. Түүний хайрт хань Намжий нь 1934 онд насан өөд болж хагацлын хар манан бүрхсэн залуу, хоёр хүү нэг охинтойгоо амьдарч байгаад Ванганыгаа Улаан-Үд хотод “Арфакт”, Нацагийгаа Москвад циркийн сургуульд тус тус явуулж, өргөмөл охин Цэндсүрэнтэйгээ үлджээ.

Энэ үед буюу 1937 оны есдүгээр сарын 7-ны шөнө дайчлан баривчлагдаж эх орноосоо урвасан Японы тагнуул хэмээн эрүүдүүлж, ял тулган хүлээлгэснээр 1937 оны аравдугаар сарын 18- 20-ны үеэр нийт 14 хэрэгтний хамт цаазаар авах ял сонссон боловч Д.Ламзавыг цаазын ялнаас хэлтрүүлж, 10 жил хорих шийдвэр гаргажээ. Асран хамгаалах хүнгүй, гурван өнчин хүүхэдтэй гэсэн шалтгаанаар түүний амийг хэлтрүүлсэн байдаг. Ажилч, хөдөлмөрч зантай хүн тул, хатуу хорионд байхдаа ч энэ хэвээр хичээнгүй байж, 1941 онд шоронд зөөлөн оёдлын үйлдвэр байгуулагдахад мужаан, дархан, барааны агуулахын нярав, тоо бүртгэгчээр ажиллаж, энэ үнэлгээгээрээ 1946 онд шоронгоос суллагдсан гэдэг. Эсэн мэнд эргэн ирж, үр хүүхэд, ах дүү нартайгаа уулзсан нь бүгдийнх нь сэтгэлд жаргалын наран мандуулж, магнай тэнийлгэсэн үйл явдал болжээ.

Д.Ламзав 1946 оны арваннэгдүгээр сард хүү Нацагийнхаа ажиллаж байсан Улсын циркт барималч, мужааны ажил хийж байгаад 1951 оноос Хөгжимт драмын театрт хөгжмийн засварчин, төмөрчнөөр ажиллахын зэрэгцээ ШУА-д төвд хэлнээс монгол руу ном, судар байнга орчуулан өгч байсныг би мэднэ. 1962 онд Д.Ламзав гуайг цагаатгах зарлиг гарч, хүүхдүүд нь анкет бичигтээ хувьсгалын эсэргүүний хүүхэд гэгдэн явсан хар тамганаасаа салсан байдаг юм. Миний хадам аав В.Ламзав үнэхээр уран гартай, бурхан ухаантай хүн байсан юм. Түүний хийсэн жижигхэн гэрийг төрсөн дүү Чүлтэмийнх нь хүү гавьяат жүжигчин Алтан- Өлзийгийн гэр бүл, мөн дүү Нацагийнхан ч мэднэ ээ.

Гурван ханатай, тал талдаа цонхтой, өвөл зунгүй амьдрах гэр, бурхны гүнгэрваа, авдар сав, ор дэвсгэр, зуух яндан зэргийг өөрийн гараар бүтээж, тэр гэртээ олон жил амьдарсан билээ. Ер нь бидний дээд удмынхан үр хүүхдээ яаж сургаж хүмүүжүүлж явсныг хойч үеийнхэн мэдэж авахад илүүдэхгүй байх аа. Д.Ламзав гуай өөрийн хүүхдүүддээ биеэрээ үлгэр болж чадсан хүн дээ. Ямар азын тэнгэр ивээж би вээр түүний хүү Ванганых нь хань болж, баяртай жаргал, гуниг харуусал хосолсон энэ өвгөний дүр зургийг харж, хожмоо үүнийг нь хүмүүст хэлж, хүргэх хувьтай болсон юм бол гэж бишрэн залбирнам.

2015 оны нэгдүгээр сарын 10

Т.ПЯЛЗАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.