Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Г.ЧУЛУУНБАТ: МИНИЙ АМЬДРАЛ ТЭР ЧИГЭЭРЭЭ МОНГОЛ УЛСЫН ХӨГЖЛИЙН ТҮҮХ

Уржигдар 21.00 цагт Соёлын гавьяат зүтгэлтэн, Төрийн дуу хоолой гэгддэг нэвтрүүлэгч Г.Чулуунбаттай уулзахаар гэрт нь очиход камер, микрофон барьсан залуу түүнээр үг хэлүүлж байхтай таарав. “Рекламны мангас” гэгддэг энэ эрхмээр сурталчилгаандаа дуу оруулахаар хүмүүс орой үдэш ч гэрийг нь зорьдог бололтой. “Үгээр хэнийг ч амьдруулж, алж болно. Чи ахыгаа аль талаас нь баллах гэж байна даа. Битгий л магтаж бичээрэй. Би магтуулах их дургүй. Ширээн дор нуугдмаар санагддаг юм. Магтуулаад л байвал хажуу хавирганаас заавал атаархагчид нэмэгддэг. Харин шүүмжилж болно шүү” гэж зөвлөснөөр ам нээхээр болов.

-Цагаан сарын тухай сайхан дурсамжаар тань яриагаа эхэлье?

-Хүүхэд ахуй үед Цагаан сар хамгийн сайхан баяр байлаа. Ээж минь Сар шинэ дөхүүлээд бэмбээ хийж, би гурил их нухна. Хэвийн боовоо хийхдээ хамгийн түрүүнд могой дүрстэйгээр хайрч тосоо ариутгаж, домнодог. Одоо санах нь ээ, 60-аас ч олон хэвийн боов хийдэг байж. Хүүхдүүдэд саахар, жижиг ул боов, эмэгтэйчүүдэд эмжээрийн хоргой өгнө. Одоо ч Цагаан сар баярхлын баяр болчихож дээ. Уг нь ах, дүүс, анд нөхөд цуглаж, өнгөрсөн оны ажил үйлсээ дүгнэн, ахмадууд алтан сургаалиа хайрлаад, шинэ ондоо өвчин зовлонгүй, жаргалтай байхыг ерөөдгөөрөө Цагаан сар бэлгэдлийн баяр, олон хүн дайлж цайлдгаараа буяны баяр юм даа. Одоо манайхан хямрал, хямрал гээд л байх юм. Уг нь гуравхан сая хүнтэй, 60 орчим сая толгой малтай, 1.564.116 км хавтгай дөрвөлжин газар нутагтай орон шүү дээ. Хөдөө тал минь малаар дүүрэн Хөвчин ой минь ангаар бүрэн Хөрсөн дороо эрдэнээр баян Яндаж болохгүй далай шиг Яасан баян нутаг вэ гэж бид эх орноо магтан дуулдаг. Хоёр том хөршийн дунд хавчуулагдсан гэх. Энэ хоёр улс хэдэн мянган жилийн өмнө байсан, цаашдаа ч оршин тогтноно. Хүмүүс сэтгэхүйгээрээ л хямраад байгаа болохоос биш, манай улс доройтох ёсгүй. Бид социализмын үед дэндүү бэлэнчлээд сурчихсан, тэр үеэс хойш 25 жил өнгөрсөн хэрнээ буруу хэвшлээсээ гарч чадахгүй байна. Уг нь төр биднийг юу дуртайгаа сур, хий гэж эрх чөлөө олгоод байхад дор бүрнээ амьдралаа зохицуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол олон хүүхэдтэй хүн амьдрах гэж яаж зовдогтой л адил манай төрийн нуруун дээр их ачаа байна. Төр гэдэг бол би, чи, ээж аав, гэр бүл, хүүхэд. Биднийг дээрээс удирдаж байгаа хүмүүс зөвхөн зохицуулах л үүрэгтэй.

-Та энэ олон жил ажиллахдаа олон сонирхолтой, чухал үйл явдлыг ард түмэнд хүргэж байжээ. Таныхаар хамгийн мартагдашгүй, “самсаа шархируулсан” ямар үйл явдал нэвтрүүлж байсан бэ?

-Миний амьдрал тэр чигээрээ Монгол Улсын хөгжлийн түүх шүү дээ. Монголын радио хөгжөөд 80 жил болоход би 54-д нь Монголын түүхийг бичилцэж, ард түмэнд хүргэжээ. Төрийг ард түмэнтэй холбох дуу хоолой болж, сонсогчдод оюуны хөрөнгө оруулсан их хувь заяатай хүн. Энэ хугацаанд миний нэвтрүүлээгүй салбар гэж үгүй. Улс төр, хөдөө аж ахуй, үйлдвэр, эмнэлэг, газар тариалангийн салбар манай улсад хэрхэн хөгжиж байгааг Монголын радиогийн үе, үеийн сэтгүүлч, идэвхтэн бичигч, уран бүтээлчид бичиж, радиог урлаг болгож чаджээ. Радио сонсдог байсан монголчууд зурагттай танилцсан нь бас л түүхийн шинэ хуудас. Тэр үед мэдээ, алиа хошин нэвтрүүлэг, амжилтын талаарх мэдээ, гадаад дотоодод болж буй үйл явдлын тухай мэдэхээр хүмүүс ажлаа тараад гэр рүүгээ яардаг байлаа. Одоо телевизийн өчнөөн сувагтай болсон учир энэ тухай ярихад хүмүүс гайхахгүй л дээ. Техник технологийн дэвшлийн хүчээр одоо хөтлөгч, нэвтрүүлэгчийн ард дүрс солигдож байна. Тэр үед бол бүгдийг зурна. Хэчнээн сайхан бичлээ гээд энгийн нүдээр харагдаагүй өө камерт мэдэгддэг. Нэвтрүүлэгчид мэдээг урдаасаа хараад уншиж байна. Бидэнд тийм боломж байгаагүй. Зарим үед 20 гаруй хуудас материалыг өөрийн болгоод, камер руу харж ярих бас л хэцүү байлаа.


-Хүний дуу хоолой өөрчлөгддөг үү. Таных хэдэн наснаас энэ хэвээр тогтсон бэ?

-Би бага байхдаа эмэгтэй хүүхэд шиг жингэнэсэн хоолойтой байсан юм. “Хүрэн морь” найраглалыг буриад нэвтрүүлэгчийн амилуулсныг радиогоор сонсоод ямар гоё уншдаг юм бэ, ийм ажил хийхсэн гэж хүссэн. Монголчууд зурагт гэж мэддэггүй байхад би “Дүрс харагддаг радио байдаг болов уу. Дотор нь ямар хүн байдаг бол” гэж боддог байлаа. Хожим бодол маань биелж, 1967 оны есдүгээр сарын 27-нд Үндэсний телевиз нээлтээ хийхэд анх хөтөлсөн. Орост зурагт, радиогийн мэргэжилтэн бэлтгэхээр олон хүн явуулсан ч надад тийм хувь тохиогоогүй. Телевиз нээлтээ хийх үед гадаадад бэлдсэн мэргэжилтнүүдийн зарим нь өвчтэй, эсвэл ээлжийн амралтаа авсан байж таараад радиогоос Б.Хишгээ бид хоёрыг сонгож, мэдээ дамжуулуулсан нь их хувь тавилан.

-Тэр үед дотроо юу бодож байсан бэ?

-Улс төрийн товчооныхон нээлтэд бүрэн бүрэлдэхүүнээрээ очсон санагдана. Ямар ч байсан би дуран руу хараад сэргэлэн цовоо, хөгжилтэй сайхан ярина шүү л гэж бодсон. Сүүлд нь санах нь ээ, хөрөнгөтний орнуудын иргэд ажил хаяж буй тухай мэдээ уншиж байсан хэрнээ инээгээд байж.

-Микрофоноо унтраалгүй алдаа гаргаж байсан тохиолдол олон уу?

-Хааяахан микрофоноо хаахаа мартаад ханиаж байсан удаа бий. Москвагийн нэвтрүүлэг 17.30 цагт явж, гучин минут үргэлжилдэг байлаа. Оройн ээлжнийхэн 18.00 цагт эфирээ хүлээж авах ёстой. 1960-аад оны үед Жанцан, Цэцгээ хоёр ДБЭТ-т дуурь үзэхээр болж, эфир хүлээж авахыг надад захьсан юм. Тэгтэл би нэг минут хоцорч очоод, коллегийн хурлаар орж, цалингаа хасуулж байсан. Цэвээндорж нэртэй сахилгагүй нэвтрүүлэгч байсан юм. Нэг удаа миний шавь Батжаргал ардаа цахилгаантай цамц өмссөн байж л дээ. Түүнийг мэдээ уншиж байхад нь Цэвээндорж цахилгааныг нь дээш татах гэж байгаад арьсыг нь хавчиж, орилуулаад арга хэмжээ авахуулж байсан удаатай. Дээхнэ үед тийм нарийн шаардлагатай, ажлын харуцлага өндөр байж. Дайны үед манай нэгэн эмэгтэй нэвтрүүлэгч Гитлерийн фашизм гэхийг Сталины фашизм гээд хэлчихэж. Удалгүй Аюулаас хамгааалах албаныхан ирж дээлийг нь нөмөргөөд аваад явсан, түүнээс хойш сураггүй болсон гэдэг юм.

-Хэлэхэд түвэгтэй үг танд байдаг уу?

-Хүүхэд байхдаа арифметик гэдэг үгийг америк гэчихдэг байсан. Хожим радиодоо ажиллаж байхад ЗХУ-аас мэргэжилтэн багш ирж, биднийг шалгаж байж л дээ. Манай нэгэн ахмад сэтгүүлч ас, ас, ас гээд чимээгүй болчих юм. Тэгснээ дахиад л ас, асм гээд гацчихсан. Ассамблей гэдэг үгийг хэлэх гээд байсан юм билээ. Хүн нэг алдахаараа тэр дороо өчнөөн буруу хэлдэг. Манай нэвтрүүлэгч Доржсүрэн аливаад сүр оруулж ярьдаг байсан юм. Нэг удаа их хүч гаргаж дуугарснаас болж эрүү нь гацаад, хэдэн минут ноцолдож байж хэвэнд нь оруулж үргэлжлүүлсэн гэдэг. Дээхнэ үед манайд нэвтрүүлэгчдийн хүрэлцээ муутай, гаднаас жүжигчид урьж ажиллуулдаг байсан юм билээ. Би анхныхаа шууд нэвтрүүлгийг жүжигчин Цэнд-Аюуштай хөтөлсөн юм. Намайг бодвол туршлагатай, хоёр долоо хоночихсон байсан санагдана. Намайг нэвтрүүлж байтал Цэнд-Аюушийн амьсгаа нь бачимдаад царай нь хачин болчихож. Микрофоноо хаасны дараа учрыг асуутал “Дотор давчдаад нэг л хачин байна” гэлээ. Нэвтрүүлгээ үргэлжлүүлж байхдаа дахиад л бачимдаад эхэлсэн. Арай гэж нэвтрүүлгээ дуусгаад “Би болилоо” гэсэн. Түүнээс хойш радиогоос гарч, Кино үйлдвэрт жүжигчнээр очиж байсан юм даа.

-Та Москвагийн олон улсын радиод ажилладаг байсан. “Оросын дуу хоолой ярьж байна” гэж хэлэхийг тань багадаа сонсоод хаана, ямар газар байдаг юм бол гэж их сониучирхдаг байлаа. Тэнд ажиллаж байсан үеийнхээ тухай ярихгүй юү.

-Москвагийн радио эх орны дайны үед герман хэлээр хамгийн анх гадаадад нэвтрүүлгээ толилуулж, дараа нь англи, монголоор цацах болсон. 1945 онд дайн дууссаны дараа жилийн наадмаар Москвагаас монгол хэлээр хамгийн анх нэвтрүүлгээ дамжуулсан юм. Монголоос хамгийн анх гадаадад ажилласан мэргэжилтнүүд бол нэвтрүүлэгчид. Улаан талбай, Москва голын ойролцоо 10 давхар байшинд дэлхийн 75 улсын нэвтрүүлэгч ажиллаж, дэлхийн өнцөг булан бүрт мэдээлэл түгээдэг байлаа. Москвад суралцаж байсан Лувсан, Э.Оюун, Сэнгээ нарын хүмүүс хамгийн анх монгол хэлээр нэвтрүүлгүүд цацсан юм билээ. Намайг ажиллаж байхад улс төрийн тайлбарлагч Озеров, дэлхийн домог Юрий Левитан нар ажилладаг байсан. Юрий Левитантай цайны газар таарч хэдэн үг солих хувь заяа надад тохиож байлаа. Намхан, буржгар, хөгжилтэй, сэргэлэн, пор пор хийсэн дуутай хүн байж билээ. Тэрбээр 1941 онд дайн эхлэхэд радиогоор “Эх орон дуудаж байна” гэж дамжуулж, түүний үгнээс хүч авсан байлдагчид урагшаа дайрч байсан гэдэг. Есдүгээр сард нь германчууд Москвад тулж, “Улаанталбайг эзэлнэ. Хамгийн түрүүнд Сталин, хурц үгтэй шүлэг бичдэг яруу найрагч Илья Эренбург, нэвтрүүлэгч Левитан гурвыг дүүжилнэ” гэсэн бичиг бүхий ухуулах хуудаснууд Москвад онгоцоор хаяж байсан юм билээ. Маргааш өглөө нь Германы тагнуулууд Левитан байж магадгүй, түүнийг үг хэлүүлэхгүй гэж Москвагийн радио руу орж байгаа эрэгтэй хүн бүрийн хэлийг огтолж байсан гэдэг. Тухайн хэрэгцээтэй цаг үедээ дуу хоолой гэдэг ямар хүчтэй, сэтгэлзүйд хэрхэн нөлөөлдгийг энэ түүхээс мэдэж болно.

-Таныг тэнд нэвтрүүлэгчээр ажиллаж байхад шагнасан бил үү?

-Цагаан морин жил “Монголд ардчилсан хувьсгал яллаа” гэж Москвагийн радио 75 орны хэлээр цацсан. Тэр мэдээг сонсогчдод дуулгасан хүмүүсийн нэг нь би. Ардчилсан хувьсгалын үед газар дээр нь байгаагүй ч ийм юм болж дээ гэж дотроо бодож байлаа. Дэлгүүрүүдийн лангуун дээр давснаас өөр юмгүй байсныг Орост ажиллаж байсан би мэдрээгүй өнгөрсөн. 1980-аад оны сүүлээр Горбачев өөрчлөн байгуулалт хийж, ардчиллыг хөгжүүлэн, хатуу хяналтыг бууруулж, дарангуйллыг устгах бодлого явуулсан. Тэр үед манай хамт олныг, намайг ажил хөдөлмөрөөрөө бусдыгаа хошуучилсан гэж ЗХУ-ын Дээд зөвлөлийн тэргүүлэгчдийн зарлигаар Горбачевийн гарын үсэгтэй хүндэт одон олгосон. Арабын нэвтрүүлэгч хоёрдугаар байрт шалгарсан санагдана.

-Москвагийн олон улсын радио монгол хэлээр нэвтрүүлэхээ яагаад больсон юм бэ?

-Өөрчлөн байгуулалтын үед Оросын эдийн засаг хямарч, санхүүжилт муудсан учир нэвтрүүлэг цацах орны тоогоо цөөлсөн. Өнгөрсөн жил Путин ирэхдээ Радиогийн мэргэжилтэн солилцох тухай гарын үсэг зурсан юм билээ. Хариуцсан хүн нь биш болохоор энэ тухай би сайн мэдэхгүй байна.

-Таны хоолой хэр их өвддөг байсан бэ?

-Сургуульд байхдаа ажлын хар гутал дээр өмдөө чихэж өмсөөд өвлийн хүйтэнд автобус хүлээж 40 минут зогсоно. Түүнээсээ болж олон удаа хоолойгоо өвтгөж байсан. Ажилд ороод энэ миний хоолоо олж идэх салбар гэдгийг ухаарч, хоолойгоо их хайрласан. Би тамхи татаж, архи уудаггүй. Хамт олон наргиж цэнгэхэд хоёроос илүү хундага уухаас айдаг. Нэг ёсондоо муу санаатай, нөгөө талаар биеэ боддог хүн юм уу даа. Өөх, чихэр, давс бол хор гэдгийг ойлгож сэргийлэхэд миний нэвтрүүлж байсан бүхэн минь тусалж, их сургаал хайрладаг. Бас тоглоомонд дургүй. Ээжийн минь ах, дүү даалуу мөрийтэй тоглоод гэр, мал хуйгаа алдаж хоосорч байсан юм билээ.

-Таны хүү Идэрчулуун бас Үндэсний радиод ажилладаг. Анх нэвтрүүлэгч болно гэхэд нь хэрхэн хүлээж авсан бэ?

-Аав, хүү хоёр бие биедээ хичээл заана гэж байхгүй юм билээ. Хүү минь намайг сонсож, ажиглаад сурч байж мэдэх юм. Түүнээс биш зааж өгсөн нь үгүй. Идэрчулуун эхлээд хүчний байгууллагад ажиллаж байсан юм. Нэвтрүүлэгч болно гэхэд нь чадвал хийг л гэж бодсон.

-Ингэхэд таны ээж, аав сайхан хоолойтой хүмүүс байв уу?

-Би ээжийнхээ авьяасаас жаахан өвлөсөн байх. Аймгуудад театрын суурийг анх тавихад улаан гэр гэж байгуулдаг байлаа. Ээж минь Ардыг гэгээрүүлэх яаманд 45 хоногийн сургалтад хамрагдаж, алтан үнэмлэх авч Өмнөговьд соёлыг гэгээр үүлж байсан Найсүрэнханд гэж хүн байсан. Нутагтаа анхны улаан гэрийг байгуулж, анхны хөгжимчин, бүжигчин, дуучнаар нь ажиллаж, хэдэн охин дагалдуулдаг байсны нэг нь Э.Удвал гуай. Тэрбээр нэг ботьдоо ээжийн минь талаар дурссан байдаг. 1938 онд ногоон малгайтнууд чадалтай, боловсролтой хүмүүсийг баривчлах болсон. Энэ үед ээж алтан үнэмлэхээ урж хаяад хот руу зугтаасан гэдэг. Наашаа явж байгаад ундаасаж, тогтоол усан дээр очиж л дээ. Тэгтэл ногоон малгайтнууд аймгийн багш, лам, дарга нараас бүрдсэн хоёр ачааны машин дүүрэн хүн ачсан явж таарч. “Юу хийж яваа юм бэ” гэж асуухад нь алдуул малаа хайж байна гэхэд нь нэг сүрхий харчихаад явсан гэдэг. Ингээд өнгөрлөө гэж бодож байтал ашгүй азаар амьд гарсан гэж дурсдаг байсан. Хотод ирээд Амгалангийн клубт шанзчин байгаад хүүхэд гаргасныхаа дараа прокурорын газар бичээчээр ажилласан. Прокурор, шүүгчид үргэлж цаазаар авах бичигт гарын үсэг зурдаг, аймаар шүү гээд л гэртээ ирэхдээ ярьдаг байсан. Миний аав Гончигжав Хоёрдугаар сургуулийн аж ахуй эрхэлсэн орлогч захирал байсан юм. Төмөр дээр соонс эргэхдээ гарамгай хүн байсан гэдэг. Сайд нарын зөвлөлийн орлогч дарга, зохиолч Д.Цэвэгмид манай радиод ярилцлага өгөхдөө “Соонс сайн эргэдэг үе үеийн багш нар байж билээ” гэж аавын минь тухай дурсахыг сонсож байлаа.

-Миний мэдэхээр соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Батбаяр, Г.Отгон, Ц.Цэцгээ, Ш.Гүрбазар нарын олон алдартны багш нь та. 54 жилийн хугацаанд хэр олон шавьтай болсон бэ?

-Залуучуудаас нэрлэвэл Шижирбаатар, Агааноров, Ичинноров зэрэг сайн ажиллаж байгаа нэвтрүүлэгчид байна. Сонирхуулахад, би Г.Отгонтой хамт 2013 онд Шилийн голын Ажил мэргэжлийн дээд сургуулийн радио телевизийн хөтлөгч, нэвтрүүлэгчийн ангийн оюутнуудад хичээл зааж, 50 гаруй шавьтай болсон. Дараа жил нь “Одон” телевизийн урилгаар Хөх хотод Найман муж улсын радио телевизийн 10 гаруй хөтлөгч, сэтгүүлчид сургалт явуулсан.

-Таныг өдгөө “Лавайн эгшиг” радиод ажиллаж байгаа гэж дуулсан. Шашны сургаал айлддаг радиод ажиллахаар оюун санааны хувьд өөрчлөгдөж байна уу?

-Би шашингүйн үзлээр хүмүүжсэн хүн. Бидний үед

700 гаруй сүм хийдийг зовлонтны хөрөнгөөр албадан босгоод

Зуун мянган ажлын эрчүүд жанч нөмрөн захирагдаж хийв

Буддын шашны хуурамч номлолд

Бүгдээр номхрон төөрөгдөж байлаа…” гэдэг байлаа. 700 гаруй сүм хийдийг улаан хувьсгалынхан устгаагүй бол одоо орчин үеийн барилгатай хосолсон ямар гоё хот байх бол оо. “Лавайн эгшиг” радиогийнхон хүнд гэгээрэл өгч, сэтгэхүйд нөлөөлөх, тайвшруулах олон сайхан нэвтрүүлэг цацдаг. Энд ажиллаад таван жил болж байна. “Мил Богдын гүр дуулал” гэж мундаг яруу найраг манай радиогоор байнга эгшиглэдэг юм. Мил Богд ямар амьдрал туулж, ээж нь хэрхэн зовж, түүнийхээ төлөө яаж анхаарч байгаа тухай энд өгүүлдэг. Ах дүү, амраг садан хүртэл дайсан нь болсон тухай энд бий. Тэрбээр ямар зам туулж, эрдэм чадалтай Богд болсон тухайгаа өөрөө өгүүлж бичсэн байдаг юм. Тэр үеийн хэллэг үнэхээр гайхамшигтай. Дэлхийн гайхалтай гэгээнтнүүдийн сургаал, хэрхэн өсөж төрж, амьдралд хөл гишгэсэн түүхэн замнал, ертөнцийг таних сургаалын тухай нэвтрүүлдэг. Ийм нэвтрүүлэг сонссон хүн уурлаж, хэрэлдээд байх нь юу л бол. Манай залуучууд гэгээрүүлэх сургааль сонсоод байвал нэг мэдэхэд зөв явах болно доо. Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн тэргүүн, их хамба, гавж Д.Чойжамц үе үе сургааль хүргэж, залуухан гавж Нямсамбуу “Чойрын ном гэж юу вэ” зэрэг шашны онолын талаар заадаг. Юуг нь ч мэдэхгүй мухар сүжгээр сүсэглэдэг улс байна. Шашин гэдэг үнэндээ бол үг үйлдэл бүхэн ариун сайхан буяны төлөө номлодог гүн ухаан шүү дээ.

Б.ДӨЛГӨӨН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.