Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Монголросцветмет”-ийн өрийн асуудлыг ЭЦЭСЛЭХИЙГ ХҮСЭВ

УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсад айлчилж буй ОХУ-ын Холбооны хурлын Төрийн Думийн дарга С.Е.Нарышкиныг Чингисийн талбайд угтан мэндчилснээр айлчлалын албан ёсны арга хэмжээ эхэллээ. Үргэлжлүүлэн хоёр улсын парламентын дарга нар хэлэлцээ хийсэн. Хэлэлцээний үеэр УИХ-ын дарга З.Энхболд “ОХУ-тай уламжлалт, сайн хөршийн найрсаг харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх нь Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэл. Сүүлийн жилүүдэд хоёр орны хооронд өндөр, дээд түвшний айлчлал, яриа хэлэлцээний давтамж нэмэгдэж байна. Өнгөрсөн онд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин Монгол Улсад ажлын айлчлал хийсний зэрэгцээ Төрийн тэргүүн нар Шанхай хотноо уулзсан нь хоёр орны харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал юм” гээд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж энэ оны тавдугаар сард тус улсад айлчлахаар төлөвлөж буйг дуулгалаа.

Тэрбээр “Ерөнхийлөгч В.В.Путиний айлчлалын үеэр хоёр орны стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийг тохиролцсон. Манай улс ийм хөтөлбөрийг БНХАУ, Япон улстай байгуулаад байна. Сайн хөршийн уламжлалт, найрсаг харилцаатай ОХУ-тай энэ хөтөлбөрийг байгуулах нь чухал ач холбогдолтой. Иймээс талууд тохиролцсоны дагуу уг хөтөлбөрийг ойрын үед батална гэдэгт найдаж байна” гэдгээ илэрхийлсэн. Харин ноён С.Е.Нарышкин уламжлалт харилцааны бааз суурь дээр олон чиглэлээр хөгжиж буй харилцаагаа цаашид бүх түвшинд харилцан ашигтай байх зарчим баримтлан хөгжүүлэхийн төлөө буйгаа онцолсон юм. Түүнчлэн УИХ-ын дарга хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцаа зогсонги байгаад сэтгэл зовинож буйгаа илэрхийлээд үүнийг эрчимжүүлэхэд парламент хоорондын хамтын ажиллагаа чухал үүрэг гүйцэтгэх боломжтойг хэлсэн.

Тэрбээр “Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гол зүтгүүр болох хамтарсан үйлдвэрүүдийн үйл ажиллагааны тухай Засгийн газар хоорондын хэлэлцээрт нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг УИХ ойрын үед эцэслэн шийдвэрлэхээр ажиллаж байна. Мөн “Монголросцветмет” ХХК-ийн өрийн асуудлыг шийдвэрлэсэн баримт бичиг болох “ОХУ-ын өмнө Монгол Улсын хүлээх санхүүгийн үүргийн тухай Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Төрийн Думаар соёрхон батлах нь чухал болоод байна. Хоёр тал энэхүү хэлэлцээрт 2010 онд гарын үсэг зурж, Монгол Улсын Засгийн газар батламжилсан боловч Оросын талын хүлээсэн үүрэг өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна” гээд эдгээрт анхаарал хандуулахыг хүсэв. Ноён С.Е.Нарышкин УИХ-ын даргатай адил байр суурьтай байгаа гэв.

Гэхдээ энэ салбарын нөөц бололцоог гүйцэд ашиглах чиглэлээр цаашид идэвхтэй ажиллах шаардлагатай байгааг тэрбээр тэмдэглэсэн. Үүнээс гадна УИХ-ын дарга Монгол Улсын газар зүйн давуу байдлыг ашиглан ОХУ, БНХАУ-ыг холбох төмөр зам, авто зам, газрын тос болон байгалийн хийн хоолой, эрчим хүчний шугамыг манай нутаг дэвсгэрээр дайруулан барьж, байгуулах талаар Оросын талтай хамтран ажиллах сонирхолтойгоо илэрхийлсэн юм.

Ингэхдээ Монгол Улсын “Талын зам” төслийг ОХУ-ын “Транс Евро-Азийн хөгжлийн бүс” болон БНХАУ-ын “Торгоны замын эдийн засгийн бүс” бүтээн байгуулалтын санаачилгуудтай уялдуулан, Засгийн газар хоорондын ерөнхий хэлэлцээр байгуулах боломжтой гэж үзэж буйгаа хэлсэн. Түүнчлэн Москва-Бээжин чиглэлд баригдах хурдны төмөр замыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барихын зэрэгцээ “Улаанбаатар” төмөр замыг дамжин өнгөрөх тээврийн үндсэн шугам болгохын төлөө хамтран ажиллахаар санал нэгдсэний дагуу талууд идэвхтэй ажиллах нь зүйтэй гээд, ноён С.Е.Нарышкин анхаарлаа хандуулахыг хүслээ.

2014-2015 ОНД ОХУ-Д СУРАЛЦАХ ИРГЭДИЙН ТООГ 25 ХУВИАР НЭМЭГДҮҮЛЭВ

Бусад салбарын хамтын ажиллагааны тухайд ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт болон мэргэжил дээшлүүлэх хөтөлбөрт хамрагдагсдын тоог нэмэгдүүлэх, их, дээд сургуулиудтай судалгааны чиглэлээр хамтарч ажиллах сонирхолтой байгаа хэмээн манай талаас илэрхийллээ. Хариуд нь 2014-2015 онд ОХУ-д Монголын талаас суралцах иргэдийн тоог 25 хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн таатай мэдээ дуулгасан юм. Мөн Эрдэнэт хотод Монгол, Оросын хамтарсан Технологийн их сургуулийг хотхон байдлаар хөгжүүлэх төсөл хэрэгжүүлэхээр хоёр улсын холбогдох байгууллагууд хамтран ажиллаж байгаа гэлээ.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг түүнд, тэрбээр Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхсан. Үүний дараа УИХ-ын дарга З.Энхболд болон ОХУ-ын Холбооны Хурлын Төрийн Думын дарга С.Е.Нарышкин нар хоёр орны сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн юм. Энэ үеэр тэд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа. Тухайлбал, “Аугаа их эх орны дайнд ЗХУ ялалт байгуулахад Монгол Улс ямар хувь нэмэр оруулсан гэж Та дүгнэж байна вэ” гэсэн асуултад ноён С.Е.Нарышкин “Манай хоёр улс түүхэн харилцаатай, дайны жилүүдэд ч, тайван цагт ч мөр зэрэгцэн хамтран ажилласаар ирсэн хөрш орнууд. Аугаа их эх орны дайн 1941 онд эхэлсэн тэр өдөр Монгол Улс ЗХУ-ыг дэмжиж, туслалцаа үзүүлэхэд бэлэн байгаагаа албан ёсоор илэрхийлсэн анхны улсуудын нэг болж байсан. Дайны хүнд цаг үед Монголын төр, засгийн зүгээс ЗХУ-ын ард түмэнд бүхий л бололцоогоо дайчлан туслах шийдвэр гаргахад манай ард түмэн энэхүү уриаг талархан дэмжиж байсан” хэмээн онцолсон.

МАРШАЛ Г.К.ЖУКОВЫН ХӨШӨӨНД ЦЭЦЭГ ӨРГӨВ

Ноён Төрийн Думийн дарга ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, Монгол Улсын баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, түүний гэр музейг үзэж сонирхов. Мөн энэ үеэр тэрбээр Халх голын байлдаанд оролцож байсан манай улсын зарим дайчны үнэмлэх болон тухайн үед БНМАУ-аас ЗХУ-д суралцаж байсан оюутнуудын талаарх баримт, сэлтийг тус музейн захирал хурандаа Г.Золзаяад хүлээлгэж өгсөн юм.

Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.