Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эгшиглэнт Янжинлхамын эзнээр яруу найрагч Б.МЯГМАРЖАВ ТОДРОВ

Төв аймгийн Зуунмод суманд Гэгээн хайрын өдрөөр болж өндөрлөсөн өнөө жилийн “Болор цом” наадмын тэргүүн найрагчаар Баттөрийн Мягмаржав тодорлоо. Монголын утга зохиолын 1990-ээд оны төлөөллүүдийн нэг тэрбээр энэхүү наадамд 20 жил оролцохдоо хэд хэдэн удаа айрагдсаны дотор хоёр ч удаа аман хүзүүдэж байсан хашир туршлагатай “уяач”. 32 дахь жилдээ зохиогдож буй уг наадмын түрүүг “уламжлал” ёсоор зохион байгуулагч аймгийнх нь найрагч хүртэх биз хэмээн таамаглаж байсан ч тэгсэнгүй.

Утга зохиолын хүрээнийхэндээ “Дархад Мяагаа” хэмээн хүндлэгдсэн Б.Мягмаржавыг “ясны найрагч” учраас нэгэн цагт эгшиглэнт эх Янжинлхамыг гэртээ зална гэдэгт олон хүн итгэж байсан нь ийнхүү биеллээ олов. Энэ жилийн наадамд 100 гаруй найрагч бүтээлээ сойсноос 32 нь хоёрдугаар шатанд шалгарсны дээр Өвөрмонголын хоёр найрагч нэмэгдсэнээр нийтдээ 34 хүн Зуунмодод шүлгэн хүлгээ уралдууллаа. Тэднээс яруу найрагч Б.Мягмаржав түрүүлж, дэд байрт Ц.Эрдэнэбаатар, гутгаар байрт О.Цэнд-Аюуш, дөрөвт М.Баттөмөр, айргийн тавд өнгөрсөн жилийн “Болор цом”-ын эзэн Л.Моломжамц нар шалгарсан байна.

Дашрамд дурдахад, айрагдсан таван найрагчийн гурав нь буюу Б.Мягмаржав, М.Баттөмөр, О.Цэнд-Аюуш нар МҮОНР-д ажилладаг юм. Сүүлийн жилүүдэд нэр хүнд нь унаад байсан “Болор цом” наадмын шүүлт энэ удаа харьцангуй бодитой, шударга болсон тухай зохиолч, яруу найрагчид онцолж байна. Тухайлбал, М.Баттөмөр найрагчийн хувьд хэдийгээр сайн шүлэгтэй боловч олон нийтэд зориулсан “тайзны” бүтээлүүд биш учраас энэ наадамд төдийлэн үнэлэгддэггүй гэдэг.

Харин энэ удаад шүүгчдийн бүрэлдэхүүнийг “нүдтэй” байж уншигч үзэгчдээ хүндэтгэсэнд нь, басхүү наадмынхаа нэр хүндийг дахин сэргээхийн төлөө сэтгэлтэй байсанд нь талархах хэрэгтэй болов уу. Наадмын ерөнхий шүүгчээр МЗЭ-ийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Буянзаяа ажилласан бол яруу найрагч Ж.Баяржаргал, Б.Галсансүх, Б.Ичинхорлоо нар шүүгчдийн бүрэлдэхүүнд мөн ажиллажээ.

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.