Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амьдралын төлөөх ТЭМЦЭЛ

– Зовлонгүй жаргал гэж үгүй –

Амьдрал амаргүй. Амьдралын төлөө бүдчин яваа залуу хосын хэд нь салж, хэд нь алаг үрээ өнчрүүлээ бол … Хэд нь мөнгийг хүнээс илүүд үзэж, түүнийг аз жаргалын нүдээр хараа бол… Ерөөс амьдралын төлөөх тэмцэлд хэд нь ялагдаа бол… Ц.Мөнхжаргал, Н.Ариунаа хоёр Баян-Өлгий аймгийн Булган сумын уугуул. Нэг голын, багаасаа үерхэж, дассан хосууд. Анх 2007 оны зургадугаар сарын 1-нд ганц хүүгээ сургууль, соёл бараадуулах гэж хэдэн малаа зараад хот руу шилжжээ. Эхний хоёр жил Ц.Мөнхжаргал “Найман шарга” валют худалдааны төвд хамгаалагч, таксины жолооч, “Стимо” нарийн боовны үйлдвэрт жолооч хийж, ТҮЦ ажиллуулахаас эхлээд барилгын засал хүртэл хийж үзжээ. Харин 2009 онд “Алтайн хүдэр” компанид жолоочоор орж, сар хүрэхгүй хугацааны дараа даргын жолооч болсон гэнэ. Гурван жилийн дотор 276 мянган төгрөгийн цалин нь 900 мянга болж нэмэгдсэн ч эхнэр, хүүхэдтэйгээ ойрхон байх гэсэндээ ажлаасаа гарав. Охиноо харж, хоёр сар гэртээ байхдаа найзынхаа машиныг засах гэж Замын-Үүдэд ирээд, хилээр хүн, ачаа зөөх болжээ. “УАЗ-469” машин түрээсэлж, өдөрт 20 мянган төгрөгийн ашиг олохоор төлөвлөтөл тавхан мянган төгрөгийн ашиг гарах нь тэр. Харин маргааш нь 20 мянган төгрөгийн ашиг олсондоо урамшин, эргэлт буцалтгүйгээр энд ажиллахаар шийдсэн байна. Энэ үед Н.Ариунаа “Хархорин” зах дээр хүүхдийн хувцас зарж, нөхөр нь барааг нь авч явуулдаг байв. Гэвч түрээсийн төлбөр нэмэгдэж, орлого буурснаар нөхрийнхөө араас ирээд жил гаруй болж буй гэнэ. Тэрбээр Эрээн, Замын-Үүдийн чиглэлд “УАЗ-469” машинаар ачаа, хүн зөөдөг цөөхөн эмэгтэйн нэг. Эмэгтэй хүнд ахадмаар санагдах энэ ажлыг хэцүү гэж тоодоггүй түүний нэг өдрийг сурвалжиллаа.

07.20 цаг Улаанбаатараас Замын-Үүд рүү гарсан галт тэрэг 700 км замыг есөн цаг туулан зорьсон газраа ирэв. Галт тэрэг зогсов уу, үгүй юү хүмүүс биенээсээ өрсөх гэсэн янзтай гүйх аядана. “Эрээн рүү явах хүн байна уу. Хямдхан явна… Хамгийн эхний машин… 50 юань” гэх хүмүүсийн хашгираан хонь, хурга нийлж байгаа аятай чийртэй сонсогдох аж. Хотынхны дуг нойрондоо дугжирч байдаг бямба гаригт, тэр тусмаа энд өглөө эрт амьдрал “буцалж” байна. Эрээнийг зорих хүмүүсийн цуваа “тасарсан” гэхээргүй байв. Н.Ариунаа биднийг “Гурвын хаалт дээр хүрээд ирээрэй” гэснээр тус газрыг зорилоо. Тэнд Эрээн рүү явах, голдуу “УАЗ-469” машины уртаас урт цуваа үргэлжилнэ.

07.50 цаг Дулаахан өвөл болж байгаа хэдий ч өглөөний сэвэлзүүр салхи хацар хайрна. Машиных нь улсын дугаараар сураглан очиход даруухан байрын бүсгүй инээмсэглэн угтав. Тэрбээр “Та нарыг ирнэ гэхээр өчигдөр Эрээн рүү явалгүй өнжиж, машинаа өнөөдрийн оочерт тавьсан юм” гэв. Харин нөхөр нь өглөө оочерлосон тул машин нь нэлээд хойно хоцорчээ. Гэсэн хэдий ч эхнэрийнхээ машинд бензин хийн, хил гарахад нь бэлтгэн, бичиг баримтаа авсан эсэхийг нь лавлана. Машинаа оочерт бензингүй тавих хэрэгтэй гэнэ. Эс бөгөөс хулгайч нар соруулаад авчихдаг аж. Түүний урд 20 гаруй машин байв. Хоёр улсын хил 08.00 цагт онгойдог. “УАЗ-469” машины дотор талыг танихын аргагүй болтол өөрчилж орхижээ. Ер нь бүх жолооч машиныхаа суудал, дулаалгыг авч, мод, төмөр хавтангаар суудал хийж, ачаа ачихад зориулан зассан байв. Замын-Үүд, Эрээний чиглэлд хүн зөөж, ачаа ачдаг, “УАЗ-469” машинтай 700-800 орчим жолооч байдаг гэнэ. Тэд Замын-Үүдийн төсвийн багагүй хувийг бүрдүүлдэг. Жолооч нар машиндаа хүссэнээрээ хүн чихэж, хаалга нь онгорхой, заримыг нь гишгүүр дээр зогсоогоод хил нэвтэрдэг байсныг хэдхэн сарын өмнөөс болиулж, суудлынх нь тоогоор хүнтэй зорчуулдаг болжээ. Өөрөөр хэлбэл, таваас илүү хүнтэй хил гарах боломжгүй. Оочерийн түрүүнд байгаа жолооч нар нэг хүнийг 100 юаниар хил гаргадаг бол хойшлох тусмаа хямдарсаар 10 юань хүрдэг гэнэ. Манай машин 50 юанийн үнэтэй байрлал эзэлсэн ч явах хүн бараг байсангүй. Иймээс үнээ хямдруулж, эхнэр, нөхөр бололтой хоёр хүнийг тус бүрийг нь 20 юаниар авав. Ихэвчлэн ачаагүй хүмүүс Эрээн рүү очоод, дааж дийлэхгүй ачаатай буцдаг байтал тэд LCD телевизор авч явна. Учрыг асуувал худалдаж аваад удаагүй ч эвдэрч, сэлбэг нь олдоогүй тул буцаах гэж яваа гэнэ. Жолооч нар нэгнийгээ хурдан явуулахын тулд мөргөсөөр машиных нь ард, урд тал нь авах юмгүй болсон нь олон байв. Зарим машин харин ч мөргөхөөр явдаг аж. Н.Ариунаагийн машин саадтай таарах бүртээ унтарчихна. Тэр бүрт тэрбээр хэсэг хүлээгээд, түлхүүрээ сурмаг гэгч нь эргүүлээд асаачихна.

09.10 цаг Зорчигчид явган, зөвхөн жолооч л машинтайгаа хил давав. Ингэхдээ Монголын талд явган зорчигч 1000 төгрөг төлдөг бол жолооч нар татварт өдөрт нэг удаа 10.000 төгрөг, гарах бүртээ биржийн бичиг гэж 5000, замын хураамжид 500 төгрөг төлдөг юм байна. Ачаанд тогтсон үнэ ханш байхгүй ч хамгийн багадаа 50, ихдээ 150 мянган төгрөг авдаг гэнэ. Харин Хятадын тал хэдэн сарын өмнөөс зорчигчдоос мөнгө авахаа больжээ. Жолооч нар ачаатай эсэхээс үл хамаарч 82 юань л төлдөг. “Энэ өдрийн анхны эмэгтэй жолооч. Зовоогоод яах вэ” хэмээн Монголын байцаагчид Н.Ариунааг удаан зогсоолгүй хилээр гаргажээ. Иргэд зориулалтын байраар нэвтэрч, ачаагаа шалгуулдаг бол машинтай зорчигчид хоёр улсын гааль, хорио цээрээр хориглосон эд бараа тээвэрлэж байгаа эсэхээ шалгуулж, машиндаа ариутгагч бодис цацуулан, хил нэвтэрнэ. Хилийн наана, цаана тэнгэр, газар шиг ялгаатай. Замын-Үүдийг шороо, дүнсгэр байдал нь “чимэх” бол Эрээнд зам дагуулж тарьсан төрөл бүрийн мод, цахилгааны шон, худалдааны төвийг чимэглэсэн дэнлүү нүдэнд тусна. Энэ нь Цагаан сар дөхсөнийг илтгэж буй гэнэ. Хятадууд салют буудуулан, нэгнийдээ мөрийтэй тоглон тус баярыг тэмдэглэдэг аж. Салют буудуулах чимээ байсхийгээд гарна. Манайхан шинэ байранд орох, машин авахдаа хадаг зүүж, арц уугиулдагтай адил тэд салют буудуулдаг. 10.15 цаг Эрээний зээл буюу захын дэргэдэх “Тиан Зэ” буудалд ирэв. Н.Ариунаа энд хүмүүсээ буулгаад эргээд ачаа ачдаг гэнэ. Тус буудалд найз бүсгүй М.Сүхээ нь амьдардаг. Ачаа ачаад явахад, орой хүмүүстэй уулзахад амар байдаг учраас энд амьдардаг гэсэн. Хамгийн анх эхнэр, нөхөр хоёрыг Эрээн, Замын-Үүдийн чиглэлд ачаа ачиж, хүн зөөхийг санал болгосон хүн нь тэр. Чийгний эхүүн үнэр хамар цоргих энэ буудлаас зөвхөн эдний өрөө, гарч, орох монголчууд Монголд байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Ширээн дээр боорцог, талх, арвайн гурил харагдана. Тэрбээр сүүтэй цай аягалангаа, арвайн гурилтай холих элсэн чихэр авч амжихгүй долоо хоносноо хэллээ. Н.Ариунаа машинаа цоожлолгүй орхисон нь анхаарал татаж, учрыг асуувал М.Сүхээгийн туслах жолооч Ч.Эрдэнэбилэг “Цоо шинэ машин л биш бол цоожлохын хэрэггүй. Харин ч цоожилбол онигоонд орно шүү” хэмээв. Ер нь энд хулгай зэлгий барагтай бол гардаггүй гэсэн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад Эрээнийг зорих иргэд эрс цөөрч, одоо бүр ч багассан гэнэ. Энэ нь наймаачид Цагаан сарын бараагаа “дарчихсан”, өдгөө зөвхөн хувийнхаа хэрэгцээний зүйлийг цуглуулах гэсэн хүмүүс ирж байгаатай холбоотой аж. Хэдийгээр энд бараа, бүтээгдэхүүний үнэ Улаанбаатарынхаас хоёр дахин хямд ч хүссэн хүн бүр тэр үнээр бараа авах боломжгүй. Учир нь худалдагч анх ирж байгаа болон архаг наймаачдаа анддаггүй учраас анхлан ирэгсдэд нэг, хэд хэдэн удаа ирсэн хүнд өөр, наймаачдад бас нэг үнээр бараагаа борлуулдаг байна. Жил ирэх бүр хятадуудын ааш аяг хэтрэх болжээ. 2005 он хүртэл тэдний хувьд монголчууд бурхан байж. “Сайн найз аа, авахгүй ч гэсэн үнийг нь асуугаад яваач” гэж гуйдаг байсан бол одоо шавар дагз нь шилэн барилгаар солигдож, ааш нь ч аягүйджээ. “Үхэр монгол авахгүй бол өвөр монгол нь ирж авна. Бараагаа зарахгүй, зайл” гэдэг болж. Нэг өдөр “төрсөн” Эрээн, Замын-Үүд хоёр найман настай хүүхэд, наян настай эмгэн шиг эрс, тэс байгаад тэд халаглав. Эрээнд Хятадын өнцөг булан бүрээс хүмүүс ирж, суурьшдаг бөгөөд 2000-иад оноос өмнө байсан хятадууд одоо нүдний гэм болж, тэр үед гутал тосолж байсан хүн хоолны газар, буудал ажиллуулах болсон хэмээн ярилцаж суутал Н.Ариунаагийн утас дуугарлаа. Байнгын үйлчлүүлэгч, гэр бүлийн найзууд нь Бээжингээс ирсэн бөгөөд хамт хоолонд орохоор болов. Нөхрөө хүлээх зуур “Хархорин” захад гэр ахуйн бараа зардаг танилынхаа захиасыг авахаар явлаа. Гэвч бараа нь байсангүй. Ц.Мөнхжаргал ч ирж, бас нэг танилынхаа машины сэлбэгийг авахаар очиход хайрцаглаж, баглаад бэлтгэчихсэн байв. Энэ мэтээр бараагаа байнга захиж, авахуулдаг 10 хүн бий гэнэ.

11.35 цаг Сар хэртэй уулзаагүй найзууд амар мэндээ мэдэлцэн, хэрэг зоригоо ярилцан хооллохоор сууцгаав. Тэд өдийгөөс хоёр жил гаруйн өмнө танилцжээ. Ц.Мөнхжаргалын машиныхаа жолооны хүрдийг өглөө бүр илж, адис авдаг байдал, бас хаалганы шилний дээд талд бичсэн “Үргэлж амжилтаар дүүрэн яваарай” гэсэн үг тэдний анхаарлыг татсан байна. Ийн гэр орноороо орж, гардаг найзууд болжээ. Тэд Улаанбаатарт ресторан, караоке, зоогийн газар ажиллуулдаг. Тоног төхөөрөмж авахаар ирсэн гэнэ. Д.Саруул бидэнд “Та нар ч зөв хүнээ олжээ. Манай найзууд чинь амьдрахын төлөө их зүтгэдэг, мундаг залуус байгаа юм” гэж найзыгаа магтлаа

13.45 цаг Н.Ариунаа ачаа хайхаар, харин Ц.Мөнхжаргал найзууддаа үйлчлэхээр үлдэв. “Тиан Зэ” буудлын зогсоолд эгнэн зогсох “УАЗ-469” машины жолооч нар “Замын-Үүд явах уу” хэмээн зөрж өнгөрсөн бүхнээс асууна. Харин Н.Ариунаа тэгж зогссонгүй. Удсан ч үгүй утас нь дуугарч, захиалга иржээ. Замын-Үүд явах гурван хүн байна гэж “Лянхуа” буудлын эзэн ярив. Буудлын эзэд ингэж зуучилсныхаа төлөө ёндоо гэж орлогын 10 хувийг авдаг аж. Буудалд очиход гурван хүн нэг хайрцаг, бас нэг томхон цүнх, хоёр “гахай” ачаатай гэсээр угтлаа. Уг нь бол нэг том “гахай” ачааг 150 юаниар, хүн тус бүрийг 50 юаниар хил гаргахад 600 юань болох ч тэд үүнээс хямд явахыг хүсэж, нэг “гахай” нь хэмжээгээрээ жижиг, хайрцаг, цүнх нь хөнгөн ачаатай гэж зөрөв. Иймээс Н.Ариунаа буулт хийлээ. Тус буудлын гурван хүн, хоёр найз нь нэмэгдсэнээр машины суудлын тоо гүйцэв. Энд хөдөлбөл хөлс, зогсвол зоос. Буудлын эзэн Сайнаа гэх өвөр монгол, хятадын алин болох нь мэдэгдэхгүй эр нэг “гахай” ачааг 30 юаниар боож өгдөг. Эндхийн хятадууд ер нь үнэн, худал нь мэдэгдэхгүй бүгд монгол нэртэй. Дэлгүүр, худалдааны төвийнх нь нэр хүртэл кирилл монголоор бичээстэй.

14.40 цаг Ц.Мөнхжаргал эхнэрийнхээ машинд ачааг нь ачиж өглөө. Гахайтай ачаа дийлэхийн аргагүй хүнд. Нөхөр нь байгаа тулдаа Н.Ариунаа нэг их хүч зарцуулсангүй. Хэрэв хань нь байхгүй, зорчигчид нь эмэгтэй хүмүүс бол өөрөө л бүхнийг хийдэг гэсэн. Ийн буудлын зогсоолд машин тавьсны төлбөр таван юань төлөөд хөдлөв. “УАЗ-469” машиныг битүү дүүргэн ачаа ачихад л хамгийн ихдээ 1000 юань болно. Гэвч үүнийхээ талыг татварт, мөн Замын-Үүдийн цагдаад ачаа хэтрүүлсний торгууль төлдөг. Ингээд бензин, хоолныхоо зардлыг тооцохоор, цэвэр орлого 100 юаниас хэтэрдэггүй” гэж жолооч нар ярилаа. Ц.Мөнхжаргал ачаагаа ачаад үлдсэн. Нэгэнт хүн нь дүүрсэн тул биднийг дараалалд зогсож, хугацаа алддаггүйгээр нь хилийн цэргийн “УАЗ-469” машинтай араас ирээрэй гэв. Гэвч тус машины хүн нь гүйцээгүй тул бид Монгол Улсаас Эрээн хотод суугаа Дипломат төлөөлөгчийн газар очлоо.

15.30 цаг Амралтын өдөр тул харуулын цэргээс өөр хүн байсангүй. Консул нь Шилийн гол руу явсан гэнэ. Харин нэгэн монгол залуу хятадуудад “луйвардуучихлаа” гэсээр ирэв. Тэрбээр бичиг баримтаа 500 юанийн өрөнд тавьчихаад, эргээд авахаар очтол 1000 юань нэхжээ. Энэ мэт монголчууд хятадуудад залилуулсан, зодуулсан хэрэг бишгүйдээ гардаг гэнэ. Харамсалтай нь харийн нутагт байгаа иргэдээ эцгийн ёсоор халамжлах үүрэгтэй консул нь “шалдар булдар хэрэгт оролцохгүй” гэдэг сурагтай. Амиа алдсаных нь л дараа “Эвий, яав” гэж санаа тавих бололтой дог. Биднийг “Тиан Зэ” буудалд эргэн ирэхэд монгол эмэгтэй ачаа чихдэг хятадыг сайн чихсэнгүй гэснээс болж, хэрэлдэж, эмэгтэйг чирчээ. Иймэрхүү зүйлийг монголчууд харж тэвчдэггүй ч хүний нутагт хэрэгт орохоос айдаг аж. Хятад, монгол хүний хооронд хэрүүл, маргаан, зодоон боллоо гэхэд ямар ч тохиолдолд буруутан нь монгол хүн болдог.

17.50 цаг Бид хилийн цэргийн “УАЗ 469” машинтай Эрээний зээлээс хөдөллөө. Тус машины урд суудалд тав, хойно нь мөн ийм тооны хүн сууж, хил гарав. Албаны машин учраас дараалалд зогсолгүй, Н.Ариунааг гүйцэн очсон юм. Ирэх болгондоо гэр бүлийн хоёроор үйлчлүүлдэг, Архангайд дэлгүүртэй бүсгүй “Энэ хоёр маань их сэтгэлээрээ. Нэг удаа вагонд хоцорч суусан миний ачааг явдал дунд гүйн барин шидэж өгсөн. Ийм хүмүүс ч одоо ховор шүү” хэмээн түүнийг магтав. Ер нь Хятадын гэхээсээ Монголын байцаагчид хил дээр хүнд суртал гаргадаг гэнэ. Ойрмогхоноос Хятадын тал суудлын тэргээр хэрэгцээнээс илүү буюу хоёр уутаас илүү будаа авч гаргахыг хоригложээ. Гэтэл зорчигчид ачааныхаа талаар худал мэдээлэл өгснөөс болж жолооч торгуулах, ачаагаа хураалгах эс бөгөөс ууттай будааныхаа тоогоор талбай дээр машинаа хонуулах болдог аж. Учир нь тэр бүр ачааг шалгаад байх боломжгүй. Жолоочийн шалгалгүй авсан ачаанаас нь хүний цогцос олдсон ч хэрэг гарчээ. Н.Ариунаа ачаагаа буулгаж, дууссанаар бид тэдний Замын-Үүд дэх гэрт очив. Нийтийн байрны нэг өрөөг сарын 150 мянган төгрөгөөр түрээсэлдэг юм байна. Тэрбээр бидэнд гарынхаа цуйванг хийж өгөв. Өнөөдрийн ажил ингээд дууслаа.

Эрээнээс эртхэн гарвал тэр буцаж ороод найз Сүхээгийндээ хоночихдог гэсэн. Харин Ц.Мөнхжаргал орой үдэш зав гарвал хүний, өөрийн машин янзална. Жолооч нар түүнийг гуйж будаг, замаска хийлгэх нь бишгүйдээ их. Нутагтаа байхдаа мотоциклийн сэлбэг цуглуулж, хоёр ч мотоцикль босгожээ. Замын-Үүдэд нутгийн айл олон тул оройн цагаар зав гарвал Урианхай, Алтайн зуун цааст хөзөр тоглодог. Энэ тоглоомыг 14 хүн хоёр баг болж, хуваагдан тоглодог, хөзөртэй төстэй. Харин нэршил нь арай өөр. Тамгыг л гэхэд хатан буюу ага гэнэ. Ийн 14 хүн нар зөв тойрон, ээлжлэн ажил хийж тоглосны дараа хожсон талдаа хоол ундаа өгдөг. Нэг ёсны мөрийтэй тоглоом ч гэлээ архи, дарс, мөнгөөр тоглодоггүй. Дээхнэ үед малаар тоглодог байжээ. Ц.Мөнхжаргал, Н.Ариунаа хоёр мөрөөдөж байснаараа дөрвөн хүүхэдтэй болсон. Анхны хүүхдээ төрүүлснээс хойш жирэмслэлгүй удаж. Эмч домчоор явахаар эрүүл гэдэг ганцхан хариулт өгдөг байжээ. Ингээд ганц хүүдээ хань татаж, дүүгийнхээ хүүг өргөж авчээ. Төд удалгүй, анхны хүүхдээ төрүүлснээс хойш 10 жилийн дараа дахин хүүтэй болсон байна. Харин бага охин нь эгчийнх нь хүүхэд. Эгч нь Ховд аймгийн Булган суманд хөдөө гэртээ төрж, төрөхийн хүндрэлээр нас баржээ. Аавынх нь талын ах дүүс охиныг хүнд өргүүлэхээ дуулгахад нөхөртэйгээ ярилцан, өргөж авсан байна. Одоо дөрвөн хүүхдийн том нь 14, бага нь гурван настай.

Ариунаагийн ээж арын алба сахиж, тэднийг нь хотод өсгөж байна. Саяхан хүүхдүүд нь амралтаараа ирээд сар орчим болоод явжээ. Бага охин нь орой бүр аав, ээжийгээ ирж, хоол иднэ гээд аяга бэлтгэдэг гэнэ. Эхнэр, нөхөр хоёр байнга хил гардаг болохоор гадаад паспортын хуудас нь сар хүрэхгүй дуусчихна. Тиймээс паспортоо солих гэж, мөн баяраар л тэд хот ордог гэсэн. Н.Ариунаа эхээс тавуулаа. Том эгч нь нөхөрт гарсан тул Н.Ариунаа ээждээ туслахаар зургадугаар ангид байхдаа сургуулиас гарсан. Харин Ц.Мөнхжаргалыг төгсөж байх үед дээд сургуулийн хуваарь ирээгүй тул мэргэжил эзэмшиж чадаагүй. Хэн хэн нь эзэмшсэн мэргэжилгүй ч гэлээ өөрийнхөө хүрээгүйд хүүхдүүдээ хүргэх гэж, тэднийг боловсролтой болгохын тулд ийн нойроо хугаслан хөдөлмөрлөдөг юм билээ. Н.Ариунаа “Зовлонгүй жаргал гэж үгүй. Хүн баян байх албагүй ч зөв л амьдрах хэрэгтэй. Гол нь хүүхдээ амьдаар нь өнчрүүлж болохгүй. Мөнгөний араас их явж болохгүй. Гэхдээ мөнгөгүй амьдрах боломжгүй учраас, мөн үр удмаа үлдээх хорвоо учраас тэдэндээ хөрөнгө үлдээхийг хичээх хэрэгтэй.

Өнөөдрийн бидний хичээж байгаа нь ч хүүхдүүдийнхээ төлөө” гэв. Ц.Мөнхжаргал биднээр дамжуулан эцэг нэгтэй ахынхаа хүүхдүүдийн сургийг гаргахыг хүссэн юм. Түүний ахыг Гэндэнжав гэдэг байж. Сургууль, соёлын мөр хөөж, Улаанбаатарт ирээд цэргийн ангид ажиллаж, жолооч бэлтгэх сургуульд багш хийж байсан. Мөн Ховд аймгийн Булган сумын онгоцны буудлын даргаар ажиллаж байжээ. 1987 онд нутаг руугаа явна гээд Улсын их дэлгүүрт орж, бэлэг аваад гарахдаа “Камаз”-нд дайруулж, долоо хоногийн дараа нас барсан аж. Тухайн үед тэднийд амьдардаг байсан эгч нь сургуулиа төгсөн, нутагтаа ирснээр тэднийхнээс холбоо тасарсан гэнэ. Бэр эгчийг нь Цэцэгмаа гэдэг, цахилгаан машинд хуруугаа тайруулсан, мухар хуруутай хүн байсан тухай эгчээсээ сонсчээ. Эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэдтэй. Охиныг нь Түмэндэмбэрэл гэдгийг л мэдэх гэнэ. Ц.Мөнхжаргал, Н.Ариунаа хоёрын гэр бүл болсны 15 жилийн ой маргааш тохионо. Тэдний гэр бүлд аз жаргал хүсье.

Э.ЭРДЭНЭЦЭЦЭГ

1
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.