Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Б.ДӨЛГӨӨН: Хамгийн гол нь ӨӨРИЙН НЭРИЙГ ҮЛДЭЭХ БҮТЭЭЛ ГАРГАХ ЁСТОЙ

Баасандаваагийн Дөлгөөн хэмээх, Монголын эдийн засаг, санхүүгийн салбарт идэвх зүтгэлтэй ажиллаж буй залуутай уулзлаа. Монгол-Туркийн хамтарсан дунд сургууль, Канадын Дэлхийн нэгдсэн коллеж, АНУ-ын Коннектикут коллежийг дүүргэсэн тэрбээр математикч, эдийн засагч мэргэжилтэй. Б.Дөлгөөн эх орондоо ирээд “Мосдак” төсөл, “Ньюком” групп, “Тэнгэр капитал” компанид санхүүгийн шинжээч, дэд захирлаар ажиллаж, туршлага хуримтлуулжээ. Уганда улсад туслах сайн дурын багт ажилласан, оюутан солилцоогоор Лондонд амьдарсан, хөршийнхөө хэлийг сурахаар Хятадыг зорьсон, Канадын индианчуудтай аялсан сонирхолтой намтар түүнийх. Алтай Таванбогдын ноён оргилд хөл тавьснаар нь, сэлүүрт завиар уралдаж, медаль хүртсэнээр нь Б.Дөлгөөний сонирхлыг баримжаалж болно. Тэрбээр одоо Монголын бизнесийн хөгжлийн холбооны Удирдах зөвлөлийн гишүүний алба хашихын зэрэгцээ худалдааны бодлого судалж байна.

-Өмнө нь уулзахад жийп машины өртгөөр ном худалдаж авсан гэж ярьсан. Хамгийн сүүлд ямар ном уншсан бэ?

-Хенри Кисинжерийн “Дэлхийн дэглэм” гэж өнгөрсөн оны есдүгээр сард хэвлэгдсэн номыг уншлаа. Х.Кисинжерийг гадаад харилцааны бодлого сонирхдог, судалдаг хүмүүс бүгд мэднэ. Тэр Америк, Хятадын харилцаа хүнд байх үед улсаа төлөөлөн урд хөршид анх удаа айлчилсан төрийн өндөр дээд албан тушаалтан. Түүний айлчлалын үр дүнд хоёр улсын харилцаа зөөлөрч, АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсон БНХАУ-д айлчилсан түүхтэй. АНУ-ын бодлого тодорхойлогчид цөм Х.Кисинжерийн үгийг сонсдог. Түүний “Гадаад харилцаа”, “Хятад” номыг уншсан байсан нь “Дэлхийн дэглэм”-ийг дэлгэх сэдлийг төрүүлсөн гэх үү дээ. Дэлхийн дэглэмд ямар өөрчлөлт гарч байна вэ, ямар өөрчлөлт гарах хандлагатай вэ гэдгийг гадаад харилцааны өнцгөөс харж бичсэн ном байна лээ.

-Уншсан хийгээд цуглуулсан номын тоо хэд хүрч байна вэ?

-Гурван шүүгээ ном бий. Багадаа уншсаныг тооцвол их тоо гарах байх. 2007 оноос хойш уншсан номоо goodreads.com-д бүртгэж, тэмдэглэл хөтөлсөн. Бүртгэл 438 ном уншсаныг харуулж байна. Ер нь надад 10 мянган ном бий. Үүний 80 хувь нь цахим хэлбэрээр бий. Хятадын тухай 450 ном байгаа. Үүний 400 цахим хэлбэртэй. Сүүлийн үед Хятадын талаар л уншиж байна даа.

-Хятадад нэг жил амьдарч, хэлийг нь сурсан. Урд хөршийг яагаад илүүтэй сонирхож байна вэ?

-Хүн мэдэхгүй юмнаасаа айдаг гэдэг. Бид Хятадын хойморт байрлаж байгаа. Байрласаар ирсэн, байрласаар ч байх болно. Хятад бол бидний мөнхийн хөрш. Мөнхийн хөршөө мэдэхгүй байна гэдэг харамсалтай. Бизнес хийсэн ч, улс төр хийсэн ч, ер нь юу ч хийсэн бид Хятадтай холбоотой. Бид гуравдагч зах зээл рүү гаръя гэхэд Хятадаар л дамжина. Нөгөөтэйгүүр Хятад манай эдийн засагт маш том байр суурь эзэлж байгаа. 2014 онд экспортын 88 хувийг урд хөрш рүү гаргасан. Үндсэндээ манай эдийн засаг Хятадаас хамааралтай болчихсон. Зэс, нүүрс, газрын тос, төмрийн хүдэр манай экспортыг бүрдүүлж байна. Зэсийн баяжмал гэхэд Хятад руу гарч байгаа экспортын бүтээгдэхүүний 50 хувийг эзэлдэг. Тиймээс бид Хятадын давуу талыг ашиглах, өөрсдийнхөө сул талыг арилгах ёстой. Үүнийг бидний үеийн залуус хийнэ гэж боддог.

-Таны цуглуулгад аль салбарын ном голлож байна вэ?

-Тал хувь нь эдийн засаг, санхүү, хөрөнгийн зах зээлийнх, 3000 орчим нь уран зохиолынх, үлдсэнийг нь сүүлийн үед ихээр сонирхдог болсон Хятад, Орос, гадаад харилцааны ном эзэлж байна.

-Хамгийн сайн зохиолууд гэвэл алийг нэрлэх вэ?

-Сүүлийн үед уран зохиолын ном унших нь багасаж байна. Гоё гоё ном олон. Хамгийн нимгэн гэвэл “Жонатан Ливингстон цахлай” тууж, таалагдсан гэвэл Габриель Гарсиа Маркесийн “Холер туссан үеийн дурлал”-ыг нэрлэж болж байна. Түүний “Зуун жилийн ганцаардал”-ыг дэлхий нийт шагшин магтдаг биздээ. Маркес гайхамшигтай нь ойлгомжтой. Бас Ф.Достоевскийн “Карамазовын хөвгүүд”-ийг нэрлэж болно. Уран зохиолоос өөр төрлийн ном санал болго гэвэл “Өрсөлдөгчдийн баг”-ийг нэрлэе. АНУ-ын Ерөнхийлөгч агсан Линколины тухай бичсэн энэ номыг Монголын улстөрчид уншвал их зүйл сурна. Мөн Жеред Даймондын “Сүйрэл” номыг нэрлэж болж байна. Нийгэм яагаад сүйрдэг тухай бичсэн ном. Энэ номыг монголчууд унших хэрэгтэй болов уу.

-Залуус санхүүгийн боловсролтой болохыг эрмэлздэг болжээ. Эдийн засаг,санхүүгийн чиглэлээр суралцаагүй залуус ямар ном уншвал энэ талын мэдлэгийг энгийнээр ойлгох боломжтой вэ?

-Монгол хэл дээр санал болгох ном мэдэхгүй байна. Эдийн засгийн чиглэлийн биш хүнд энэ талын мэдлэгийг энгийнээр ойлгуулах цагаан толгойг би бичиж байгаа. Хэзээ хэвлэхээ товлоогүй байна.

-Өнөөгийн залуус ном уншихаа больсон гэж ахмадууд зэмлэдэг. Тэд таныг зэмлэж чадахгүй юм байна. Эх орноо төлөөлөн урт сэлүүрт завиар уралддагийг мэднэ. Монголд хөгжөөгүй энэ спортоор гадаадад байхдаа хичээллэж эхэлсэн үү?

-Америкт сурч байхдаа урт сэлүүрт завиар хичээллээд зүүн эргийн мужуудын тэмцээнээс хүрэл медаль хүртэж байсан. АНУ-д 2013 онд болсон урт сэлүүрт завины сонирхогчдын олон улсын уралдаанд эх орноо төлөөлөн оролцсон. 50 гаруй орны тамирчин оролцдог нэр хүндтэй тэмцээн юм.

-Манайд завиар хичээллэдэг өөр хүн байна уу?

-Г.Түвшинзаяа гэж найз маань хичээллэдэг. Бид хоёр бэлтгэлийн машинаа “Голден жим” фитнесс төвд байрлуулсан. Тэнд сүүлийн жилүүдэд бэлтгэл хийж байна.

-Сэлүүрт завины уралдааны нөхцөл, дүрмийн тухай яриач. Уншигчдад сонин байж магадгүй.

-Найм, дөрөв, хоёр гишүүнтэй баг уралддаг. Мөн ганцаараа ч уралдаж болно. Тэгэхээр найман гишүүнтэй багуудын уралдаан, дөрвөн гишүүнтэй багуудын уралдаан гэж болдог гэсэн үг. Нуур, голд шулуун замаар 2000 метр уралдаад түрүүлж барианд орсон нь хождог тэмцээн. Багийн гишүүд нь 180 см-ээс дээш өндөртэй байдаг. Урт мөчтэй хүн хол сэлүүрдэх учраас өндрийн хязгаар тавьдаг хэрэг. Би 180 см өндөртэй. Их сургуулийн багтаа хамгийн намхан нь байлаа. Хөл, нуруу, гарны булчингийн ажиллагаа шаарддаг ч илүү тэвчээртэй нь ялдаг спорт.


-Монголд сэлтүүрт завины спортыг хөгжүүлэх боломжтой гол, нуур байна уу?

-Өгий нуурт болно. Нуур нэгээс нөгөө эрэг хүртлээ 2000 м урт байх ёстой. Гүн нь метрээс арай илүү байхад хангалттай. Манай голууд нарийн учраас ширүүн урсгалтай байдаг. Мөн харгиа ихтэй. Тэгэхээр Монголын голууддээр уралдах боломжгүй. Би нэг сэлүүртэй завь оруулж ирж, Өгий нуурт туршиж үзэх гэж байгаа. АНУ энэ спортыг их дэмждэг. Пристоны их сургуульд хуулийн сургууль байгуулж өгөх үү, завины клубт нь нуур байгуулж өгөх үү гэж ярилцаж байгаад нуур байгуулаад өгчихсөн түүхтэй. Өнөө хүртэл дэлхийн топ сургуулийн нэг гэгддэг Пристон Хуулийн сургуульгүй байгаа. Энэ спорт үнэхээр сонирхолтой санагддаг.

-Оюутан цагтаа усан спортод дурлачихаж. Африкт нэг жил сайн дурын ажил хийсэн нь бас л оюутан цагийн явдал уу?

-Монгол-Туркийн хамтарсан дунд сургуульд сурч байхдаа Канадын Засгийн газрын тэтгэлгээр Дэлхийн нэгдсэн коллежид суралцах уралдаант шалгаруулалтад оролцоод тэнцсэн. Тэнд хоёр жил суралцсан юм. Их сургуульд суралцахын өмнөх бэлтгэлээ хангасан гэж ойлгож болно. Төгсөөд сайн дурын ажил хийхээр шийдсэн. Эквадор, Канадын хойд нутаг, Африк, Коста Рика явах дөрвөн сонголт надад байсан. Сонгон шалгаруулалтад тэнцээд Африк явахаар болсон. Тийшээ явахад замын зардал, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх мөнгөө өөрөө гаргах шаардлагатай. Канадад хоёр сар барилга дээр ажиллаж, замын зардал, урьдчилан сэргийлэх тарилга хийлгэх мөнгөө олж байлаа. Африк явахын өмнө Канадын индианчуудтай хамт 330 км замыг 14 хоног завиар туулах сонирхолтой аялал хийсэн. Голын дагуу байрлах индианы 10-аад отгоор орсон. Индианчуудын соёл монголчуудынхтай төстэй. Тиймээс тэд америк, европчуудаас илүү ойр санагдсан. Аяллаас ирээд хоёр хоногийн дараа Африкийг зорьсон. Хоёр хоног явж, Угандад хүрч байлаа. Ванкуверээс Альберто, Монреаль, Лондон, Дубай, Кениэр дамжиж, Угандагийн нийслэл Кампалад хүрсэн. Хэдэн ч онгоц дамжсан юм бүү мэд. 2003 оны наймдугаар сард тэнд очоод 2004 оны зургадугаар сард Монголдоо ирсэн. Бас удаан аялж ирсэн. Угандагаас Кени, Арабын нэгдсэн Эмират, Тайланд, Бээжингээр дамжиж ирсэн юм.

-Угандагийн иргэдэд ямар тусламж хүргэж байв?

-Канад, словак, тайланд охин, австри залуу бид тав Африкт хамт очсон. Эхлээд гэр оронгүй хүүхдүүдэд гагнуурчин, мужаан, оёдолчин гэх мэт мэргэжил олгодог сургалтын төвд очсон. Оюутнуудад нь англи хэл, багш нарт нь компьютерийн word, excel программ хэрхэн ашиглахыг заасан. Дараа нь тахир дутуу хүүхдүүдэд математикийн хичээл заасан. Уганда их ядуу учраас хаалга, цонхгүй, дээвэртэй саравчинд л хичээлээ заана шүү дээ. Тэндээс Угандагийн захын муж руу явсан. Тэнд амьдрал нь үнэхээр хэцүү. Аав, ээж нь ДОХ өвчнөөр нас барсан, хамгийн том нь найман настай дөрвөн өнчин хүүхэд харахад сэтгэл эмзэглэмээр шүү. Орон гэргүй, тэнэмэл хүүхэд тэнд хэвийн үзэгдэл. Угандагийн хүн амын 15 хувь нь ДОХ туссан учраас өнчрөл их байсан. Бид өнчирсөн хүүхдүүдэд байшин, жорлон хүртэл барьж өгч байлаа. Тийм газар сэтгэлээр унадаг юм билээ. Бид сайн дураар, сэтгэлээрээ тусалж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ байшин шавардах гэх мэт микро түвшний ажил хийгээд ямар ч өөрчлөлт хийж чадахгүй юм байна гэдгийг ойлгосон. ДОХ-ыг устгавал Угандад том өөрчлөлт гарна. ДОХ бол тэндэхийн ядуурлын үндэс.

-Угандад дахиж очсон уу?

-Үгүй.

-Очих уу?

-Магадгүй. Гэхдээ төлөвлөгөө алга. Харин Африк явна. Энэ жил эсвэл ирэх онд Танзани орно. Тэнд очоод ууланд авирч магадгүй. Африкт байхдаа би Килиманжарогийн дараа орох Ревинзори уулын Маргерита оргилд авирч байсан.

-Бас ууланд авирах дуртай юм уу. Монголын өндөр уулсын зулайд хөл тавьж байв уу?

-Тийм ээ. Монголын хоёр дахь ноён оргил Мөнххайрхан ууланд 2010 онд гарсан. Өнгөрсөн жил Монголын хамгийн өндөр цэг буюу Алтай Таван богдын Хүйтэн оргилд гарсан.

-Тэгэхээр англи, хятад, турк, уганда хэлээр ярьдаг гэж ойлгож болох нь ээ?

-Турк хэлийг ч мартаж байна. Англи, хятад хэлээр гайгүй ярина. Уганда хэлээр дэлгүүрээс хүнс худалдаж авах зэргээр ойр зуур ярьдаг байсан. Одоо мартжээ. 11 жил ашиглаагүй учраас аргагүй биз.

-Эдийн засаг, санхүүгийн чиглэлээр ажилладаг хүмүүс ихэнх тохиолдолд хувийн бизнес эхлүүлэх мөрөөдөлтэй байдаг. Танд хувийн бизнес эрхлэх бодол бий юу?

-Бизнес эхлүүлэх гээд судалж байна даа. Хийж эхэлсэн зүйл алга.

-Хүсэл мөрөөдлийн тухай яриач. Аль салбарт ажиллаж, хэр амжилт гаргана гэж боддог вэ?

-Юуны түрүүнд өөрийн гэсэн сайн бүтээл гаргах хэрэгтэй гэж боддог. Тэр нь ном зохиол, ажил хэрэг ч юм уу, компани ч байж болно. Хамгийн гол нь өөрийн нэрийг үлдээх бүтээл байх ёстой. Сайнаар, эсвэл муугаар үлдэхийг цагийн шалгуур харуулна биз. Мэдээж хүнд хэрэгтэй зүйл бүтээх нь тодорхой.

-Ойрд ямар судалгаа хийж байна вэ?

-Ойрын үед импортыг орлох, эскпортыг дэмжих бүтээгдэхүүний судалгаагаа хийж дуусгахаар ажиллаж байна. Гурван сарын дараа дуусах болов уу. Тэгээд л Хятад улсыг,зах зээлийг нь шамдан судлаад байгаа хэрэг.

-Монголын эдийн засгийн форумд импортыг орлох, экспортыг дэмжих бүтээгдэхүүний талаар өргөн хэлэлцүүлэг өрнөх болов уу гэж төсөөлж байгаа.

-Би ч гэсэн тэгж бодож байна. Миний судалгаа Эдийн засгийн форумын нэг салбар хуралдаан болох болов уу. Өнгөрсөн жилийн Эдийн засгийн форумын нэг салбар хуралдаан энэ чиглэлээр болж, би хөтөлж байсан.

-“Nextgen Mongolia” хөдөлгөөнийг та тэргүүлдэг. Энэ хөдөлгөөний үйл ажиллагааны зорилго юу вэ?

-Мэргэжилтэй залуучуудын нэгдсэн хөдөлгөөн гэж ойлгож болно. Монгол бүх түвшинд маш их улс төржиж байна. Улс төржих асуудал бий, бас улс төржиж болохгүй асуудал бий. Бид бүгдийг улс төржүүлбэл үр дүнд хүрэхгүй. Улстөрчид улс төрөө хийгээд яваг. Харин тэдний ард нь мэргэжилтнүүд үндсэн бодлого чиглэлээ алдахгүй барьж явах ёстой гэж бид үздэг. Өнөөдөр Засгийн газар солигдоход сайдаас нь эхлээд цэвэрлэгчийг нь хүртэл сольж байна. Ийм байж болохгүй. Төрийн ой санамж, залгамж халаа алдагдах ёсгүй. Мэргэжилтнүүд төрийн ой санамж, залгамж халаа болж явах ёстой юм. “Nextgen” бол мэргэжилтнүүдийн дуу хоолойгоо хүргэх тайз. Мэргэжилтнүүд нэг, нэгээрээ үгээ хэлбэл сонсохгүй. Харин “Nextgen” гэсэн тайз дээр гарч ирээд үгээ хэлбэл илүү чанга сонсогдоно. Бид мэргэжилтнүүдийн мэдлэг, туршлагыг шийдвэр гаргагчдад хүргэх зорилготой. Манай хөдөлгөөнд одоогоор 30 орчим залуу нэгдээд байгаа.

-Уулзалт зохион байгуулж, хэлэлцүүлэг өрнүүлдэг байснаа сүүлийн үед яагаад тасарчихав?

-Өнгөрсөн 12, нэгдүгээр сард уулзалт зохион байгуулж амжсангүй. Цагаан сарын дараа зохион байгуулахаар төлөвлөж байна.

-Залуу хүний хувьд Монголын ирээдүйг хэрхэн төсөөлдөг вэ?

-Улам хурдтай хөгжихийн тулд барууны технологийг нэвтрүүлэх шаардлагатай байна. Бас боловсролын салбар, сургалтын тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Бидэнд хийх ажил их бий. Монголчууд зах зээлийн нийгэмд 25 жил амьдраад энэ замаар 200 жил явсан АНУ, Англитай харьцуулж, хөгжлөө чамлаж байна. Өнгөрсөн 25 жилийн хөгжлийг бид үгүйсгэж болохгүй. 25 жилийн дараа Монгол АНУ, Английг хөгжлөөрөө гүйцэнэ гэж зүтгэх хэрэгтэй.

Т.ЭНХБАТ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.