Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн хэрэгжилт, үйл ажиллагааг шалгаж танилцах Ажлын хэсгийг Б.Болор ахална

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2015.02.13/ хуралдаанаар Засгийн газраас энэ сарын 4-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд С.Баярцогт танилцуулсан юм. Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулж, мөн сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан. Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан аж. Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэж дэмжжээ. Тухайн үед танилцуулсан нэмэлт зээлийн дүн нь 19.6 тэрбум иен байсан бөгөөд энэ нь зөвхөн гүйцэтгэгч байгууллагад төлөх шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн дүн юм. Харин одоо дахин зөвшилцөхөөр танилцуулж байгаа нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 оны 6 дугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 27.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа агаад төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын 65.7 хувийг энэ онд гүйцэтгэх зорилт тавьж байгаа аж. Нэмэлт зээлийн төслийг зөвшилцсөн тухай Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг сонссоны дараа хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүд Засгийн газрын гишүүн С.Баярцогт, Сангийн дэд сайд С.Пүрэв, төслийн захирал Н.Энхбат болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Асуулт асууж, санал хэлсэн гишүүдийн олонх нь энэ төсөл нь улс орны хөгжилд чухал ах холбогдолтой хэдий ч төслийн анхны багцаас илүү нэмэлт зардал шаардагдаж буйн учир шалтгаан юунд байгаа, энэ зээл нь өрийн хязгаартай хэрхэн уялдаж байгаа, зээлийг авснаар бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн хугацаандаа хэрэгжих бүрэн боломжтой эсэхэд анхаарлаа хандуулж байв. Ингээд байнгын хорооны гишүүдийн олонхын саналаар нэмэлт зээлийн хэлэлцээрийн төслийг зөвшилцөх асуудлыг түр хойшлуулж, Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороотой хамтарсан ажлын хэсэг гарган газар дээр нь шалгаж танилцахын зэрэгцээ аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулсны дараа дахин хэлэлцэж зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгохоор тогтов. Ингээд “Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийн хэрэгжилт, үйл ажиллагааг шалгаж танилцах ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Б.Болорыг сонголоо.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.