Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Ноосны чанарыг нь харгалзаж урамшуулал олгох төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.13.Баасан гараг/ нэгдсэн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх хууль санаачлагчийн илтгэлийг Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа, Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Зоригт нар танилцуулсан юм. Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын 2.1-д “хоршооны гишүүн” малчин, мал бүхий этгээдийн бэлтгэсэн ноос боловсруулах үндэсний үйлдвэрт тушаасан хонины ноос болон тэмээний ноосны кг тутамд 2000 төгрөгийн мөнгөн урамшуулал олгохоор заасан. Гэвч улсын хэмжээнд ихэнх малчид хонины ноосоо бэлтгэж, үндэсний үйлдвэрт тушаасан боловч урамшууллын мөнгөө авч чадахгүйд хүрчээ. Учир нь “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын 2012 оны 73 дугаар тогтоолоор “хоршооны гишүүн” гэсэн тодотголыг 2014 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр дээр дурдсан 30 дугаар тогтоолд өөрчлөлт оруулсан хугацаа нь дуусаад байгаа аж. Иймээс “Үндэсний үйлдвэрлэгчдийг дэмжих, ажлын байр нэмэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” УИХ-ын 2011 оны 30 дугаар тогтоолын 4 дэх заалтын “2014 оны 1 дүгээр сарын 1-ний” гэснийг “2016 оны 1 дүгээр сарын 1-ний” гэж өөрчлөн уг тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдөхөөр энэ тогтоолын төслийг боловсруулсан байна. Сайдын илтгэл, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүд асуулт асууж тодруулан саналаа хэллээ. Тухайлахад, УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан энэ тогтоол нь тэмээний тоо толгойг өсгөх, хонины ноосыг үндэсний үйлдвэрлэлд ашиглахад үр дүнгээ өгч байгаа. Харин одоо тогтоолын хугацааг сунгахгүйгээр хоршоо гэсэн завсрын албадмал зүйлийг хасаад малчид өөрсдөө ноосоо тушаасан л бол урамшуулал авдаг хэлбэрт шилжих нь зөв юм гэдгийг хэллээ. Харин УИХ-ын гишүүн Н.Энхболд хоршоо бол сайн дурын байгууллага, иргэд сайн дураараа эвлэлдэн нэгдэж анхнаас нь зөв байгуулаад явбал хоршоо хэрэгтэй. Үр дүнтэй гэдэг нь ч харагдаж байгаа, гол нь сайн ойлгуулах нь чухал гэсэн байр сууриа илэрхийлэв. Ингээд чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлснээр чуулганы үдээс өмнөх нэгдсэн хуралдаан завсарлав.

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.