Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Улсын ерөнхий прокуророор М.Энх-Амгаланг томилохыг дэмжлээ

Улсын Их Хурлын 2014 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн /2015.02.13.Баасан гараг/ нэгдсэн хуралдаанаар эхлээд Монгол Улсын Ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Энэ талаарх Монгол Улсын Ерөнхийлөгчийн саналыг Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр, Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Д.Ганбат нар танилцуулсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин зургадугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд Улсын ерөнхий прокуророор Магванноровын Энх-Амгаланг томилох саналыг УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлжээ. Түүнийг Прокурорын байгууллагын тухай хуулийн 39 дүгээр зүйлд заасан Улсын ерөнхий прокурорын нэр дэвшигчид тавигдах шаардлагыг хангасан хэмээн үзэж энэ албан тушаалд нэр дэвшүүлсэн байна. Нэр дэвшигч М.Энх-Амгалан нь 1963 онд Улаанбаатар хотод төрсөн. 1971-1981 онд ерөнхий боловсролын сургууль, 1982-1987 онд Зөвлөлт Холбоот Улсын Мөрдөн байцаах дээд сургууль төгссөн эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн магистрын зэрэгтэй. 1987-1988 онд Хөвсгөл аймгийн Цагдан сэргийлэх анги, 1988-1991 онд Улаанбаатар төмөр замын Цагдан сэргийлэх ангид мөрдөн байцаагч, 1991-2008 онд Улсын мөрдөн байцаах газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга, 2008-2012 онд Цагдаагийн ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байжээ. Хууль зүйн байнгын хороо өнөө өглөө хуралдаж, Улсын ерөнхий прокурорыг томилох тухай асуудлыг хэлэлцээд нэр дэвшигчийг дэмжсэн байна.

Чуулганы нэгдсэн хуралдааны үеэр Ерөнхийлөгчийн санал, Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Ганхуяг, Ш.Түвдэндорж, Ц.Оюунбаатар, Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ё.Отгонбаяр, Д.Хаянхярваа, Д.Ганбат, О.Баасанхүү, Д.Батцогт, Б.Гарамгайбаатар нар Ерөнхийлөгчийн зөвлөх болон нэр дэвшигчээс асуулт асууж тодруулан саналаа хэлсэн юм. Асуулт асууж, санал хэлсэн гишүүд хуулийн байгууллагад анхан шатнаас нь эхлээд олон жил ажилласан туршлагатай хүн нэр дэвшсэн тул дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийг чанд мөрдөж, хүний эрх, шударга ёсыг дээдэлж ажиллахыг захиж байв. Нэр дэвшигч М.Энх-Амгалан гишүүдийн асуултад хариулахдаа, хэрэв энэ албан тушаалд томилогдвол иргэн бүр хуулийн өмнө адил тэгш байх зарчмыг баримталж, шударгаар ажиллана гэдгээ хэллээ. Ингээд Магванноровын Энх-Амгаланг Улсын ерөнхий прокуророор томилохыг дэмжих санал хураалт явуулахад нэгдсэн хуралдаанд оролцсон 53 гишүүний 48 нь буюу 90.6 хувь дэмжсэн тул энэ тухай санал хураалтын дүнг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлахаар болов.

 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.