Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Хууль бүрийн цаана ХҮНИЙ ЭРХ БИЙ

Сонгуулийн ерөнхий хорооноос 2015 оныг “Сонгуулийн бэлтгэлийг хангах жил” болгон зарлажээ. Сонгуулийн өмнө жилээс л “уур амьсгал” ороод эхэлдэг нь нууц биш. Улстөрчид сэтгүүлчдэд жигтэйхэн эелдэг зан гаргаад л, гурван жилийн өмнө “мартаж” орхисон сонгогчдоо гэнэт санаад л, цагийн байдал нэг л “зөөлрөөд” ирдэг юм. Яг ийм үед УИХ дахь бүлгүүд Сонгуулийн тухай хуулийн өргөн бариагүй төслийн талаар хэлэлцэв. Төслийн анхны хувилбар бэлэн болсон, удахгүй өргөн барих тухай ярьсаар жил гаруй болчихлоо. Тэгээд энэ тухай ярихдаа улстөрчид, намууд сонгуулийн тогтолцоо ямар байх, үүнээс үүдэх маргааныг хэрхэн богино хугацаанд шийдэх, санхүүжилт, сурталчилгаа зэрэгт л түлхүү анхаардаг. Сонгууль болохоос зургаан сарын өмнө хуульд “гар хүрэх”-ийг хориглодог. Тиймээс үе үеийн УИХ иймэрх үү байдлаар хуулийн төслийг удааж байгаад арванхоёрдугаар сарын сүүлчээр, баярын уур амьсгал орж, олон нийтийн анхаарал суларсан үеэр “явуулж” орхидог уламжлалтай.

Одоо болтол төслийг өргөн бариагүй, барааг нь ч харуулаагүй байгаа учраас УИХ энэ жишгээр л асуудалд хандах магадлал өндөр байна. “Ямар хувилбар байвал манай намд илүү боломж гарах вэ” гэдэг өнцгөөс түшээд асуудалд ханддаг нь нууц биш. Гэтэл хүний эрх, сонгогчдын талаас тэд бодож үзсэн болов уу. Тэр тусмаа хөгжлийн бэрхшээлтэй сонгогчдын эрхийг хэрхэн хангах талаар төсөл боловсруулахдаа бодсон уу. Эсвэл “тийм” хүмүүс байдгийг зүгээр л мартчихсан уу.

БРАЙЛЬ ҮСГИЙН ХЭВ, ТОМРУУЛДАГ ШИЛ

УИХ-ын, Ерөнхийлөгчийн, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хууль тус бүрт 2012 онд нэг ижил “Санал авах байранд сонгогчдоос саналаа нууцаар, чөлөөтэй илэрхийлэх боломжийг хангасан, хэсэг дэх сонгогчдын тооноос хамааран хоёроос доошгүй тооны санал бэлтгэх бүхээг байх бөгөөд санал авах байр бүрт хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нэгээс доошгүй санал бэлтгэх бүхээгийг тусгайлан тоноглож бэлтгэсэн байна” гэсэн заалт оруулсан байна. Уг заалт УИХ-ын сонгуулийн тухай хуулийн есдүгээр бүлгийн 41.8, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн наймдугаар бүлгийн 45.7-д, Аймаг, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуулийн есдүгээр бүлгийн 46.8-д бий.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сонгох, сонгогдох эрхийг хангах зорилгоор манай улсын элсэн орсон олон улсын олон гэрээ, конвенц бий. Үүнийгээ хэрэгжүүлэхийг ХЭҮК, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах холбоодоос байнга шаарддаг. Энэ шаардлагыг хүлээн авч, тусгасан нь тэр. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэж байдгийг бараг мартчихсан, эрхийг нь хамгаалах талаар тун хойрго манайх шиг улсад энэ бол дэвшил. Мөн 2012 оны УИХ-ын сонгуулиар хэсгийн хороодод хараа муутай хүмүүст зориулж томруулдаг шил байрлуулсан.

Ерөнхийлөгчийн сонгуулиар брайль үсэг бүхий хэв ашиглаж, хараагүй иргэд хөндлөнгийн хүний тусламж, нөлөөгүйгээр өөрсдөө сонголтоо хийсэн нь бас нэг ахиц мөн. Хэдийгээр энэ мэт ахиц байгаа ч хуулийн заалт хэтэрхий ерөнхий байна. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд нэмэлтээр “Санал авах байр нь тэргэнцэртэй сонгогч орох боломжоор хангагдсан байна” гэсэн заалт оруулж өгчээ. Тухайн үед энэ тухай их ярьсан. Гэвч хэсгийн хороо бүр тэргэнцэртэй иргэн ороход зориулж налуу зам зассан уу гэвэл эргэлзээтэй. Ийм асуудлыг хуулиас гэхээсээ СЕХ-ны журмаар л зохицуулж ирсэн. Тэд холбогдох төрийн бус байгууллагуудтай хамтраад хуулиа хэрэгжүүлэх зөвлөмжийг Хэсгийн хороодод хүргүүлсэн аж. Гэвч хэрэгжилт, үр дүнгийн талаар тодорхой мэдээлэл байхгүй.

АРДЧИЛСАН ОРОН АРДЧИЛСАН Л БАЙХ УЧИРТАЙ

Манай улсад 120 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн байдаг гэх. Мөн тэдний 35.5 хувь нь төрөлхийн, 64.5 хувь нь олдмол шалтгаан буюу ахуйн болон үйлдвэрлэлийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа алдсан иргэд юм байна. Мэдээж тодорхой хувь нь хүүхдүүд байгаа. Насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хэдэн хувь нь улс төрийн сонгох эрхээ эдэлдэг нь бас л тодорхойгүй. Уг нь тэд бусдын нэгэн адил иргэний, улс төрийн, эдийн засгийн, нийгмийн, соёлын бүх эрхийг алагчлалгүйгээр эдлэх эрхтэй. Энэ мэт байдлыг харгалзаж, одоо боловсруулж буй Сонгуулийн хуульдаа арай нарийн, “гурилдсан” биш зохицуулалт оруулахад түшээд анхаарах учиртай.

Хууль амьдралаас тасархай байж болохгүй. Зөвхөн Эрүүгийн хууль батлахдаа л “Ард нь хүний амьдрал бий. Сайн нягтал” гэдэг үг гишүүдийн амнаас унадаг юм. Яг одоо УИХ уг хуулийн төслийг хэлэлцэж буй, дээрх танил үгс ч амнаас нь унаж байна лээ. Тэгвэл ганцхан Эрүүгийн биш, бүх л хууль иргэдийн амьдралд нөлөөлдөг. Тиймээс бүх хуулийн ард хүний эрх бий. Бид ардчилсан Монгол Улс хэмээн тунхаглах дуртай. Барууны орнуудад хүний эрхийг, тэр дотроо хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангахад онцгой анхаардаг. Тэндхийн ийм иргэд бусдаас ялгаатай гэдгээ огт мэдэрдэггүй гэдэг юм билээ. Тийм сэтгэгдэл төртөл бүх орчин, нөхцөлийг хангасан гэсэн үг. Ардчилсан орон юм бол ийм л байх ёстой биш үү.

С.ТУУЛ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.