Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Үзэсгэлэн худалдааны хамгийн үнэтэй хөөрөг 200-300 сая төгрөг

Сар шинийн баярын өмнө­хөн хөөрөг, үнэт эдлэлийн үзэсгэлэн худалдаа болдог уламжлалтай. Монгол өв соёлыг хадгалан, таниулах, олон нийтэд сурталчлах гүүр болдог энэ үзэсгэлэн “Ирэх жилийн өнгө-2015” нэртэйгээр  тав дахь жилдээ болж байна. Үзэсгэлэн “Арт хаус” төвийн гуравдугаар давхарт үргэлжилж байгаа юм.

 

“Арт хаус” төв, “Master jewelry”, “Азийн урлаг” галерей, Монголын эртний эдлэл цуглуулагчдын холбоотой хамтран зохион байгуулж буй үзэсгэлэнд арав гаруй аж ахуйн нэгж болон хувь хүн оролцож буй.  

XVII зуунаас хойшхи үеийн соёл иргэншилтэй холбоотой, Монголын эртний болон орчин үеийн дархчуудын урласан чамин хийцтэй хөөрөг, мөнгөн аяга, эмээл, хазаар, XVIII зууны үеийн бурхад,  бамбарын арьсан  дээлээс эхлээд гоёл  чимэглэлийн зүйлс  болон Монгол шаазан эдлэл зэрэг ховор, чамин үнэт эдлэлийг энд дэлгэжээ.

Үзэсгэлэнгийн танхимд залуус олон байлаа. Сүүлийн үед залуу хүмүүс хөөрөг сонирхох нь ихэссэн тухай үнэт эдлэлийн худалдаачид ярьж байв. Гэхдээ хөөргөө танихгүй учраас чулуу муутай хөөрөг өндөр үнээр авчих вий гэж санаа зовдог гэнэ. Үзэсгэлэн зөвхөн худалдааны зорилгогүй бөгөөд өөрсдийнхөө хөөргийг авч ирж үзүүлээд мэргэжлийн хүмүүсээр тодорхойлуулж болохыг “Азийн урлаг” галерейн захирал А.Алтангэрэл онцлов.

Хөөргийг чулуу, чулууны чанар, хийц гэсэн гурван үндсэн шалгуураар үнэлдэг. Орчин үед төрөл бүрийн чулуугаар хөөрөг хийж байгаа ч гэлээ шүр, хаш, мана нь хөөрөгний үндсэн гурван чулуу юм байна.

Монголд байгаа хөөрөгнөөс хамгийн ховор, нандин нь “Ажнай” корпорацийн захирал  Д.Бат-Эрдэнийн шүрэн хөөрөг ажээ. Мөн “Алтай констракшн”-ы захирал Х.Бат-Эрдэнэд ховор нандин шүрэн толгойтой их гарын хөөрөг ч бий гэнэ.

 

Үнэт эдлэлийн мэргэжилтэн Х.Магнууз “Хөөрөг том жижгээс шалтгаалаад өөр үнэтэй байдаг.150 саяын хаш хөөрөг ч байгаа. Үнэ нь хөөрөгний өнгөнөөс шалтгаалдаг. Өнгө муутай бол ханш нь буурдаг. Гэхдээ үнийг тухайн сонирхож буй хүнтэйгээ ярилцаж тохирсоны үндсэн дээр худалдаалдаг. Тодорхой заасан зүйл байхгүй. Халтар мана, хаш, пийсүү зэрэг хөөрөг арай илүү үнэтэй байдаг. Пийсүү хөөрөг сүүлийн жилүүдэд ховордсон. Энэ чулууг гаднаас л оруулж ирж байна. 200 саяын хөөрөг ч бий. Хөөрөг бол эрдэнийн чулуу учраас эр хүнд байх ёстой. Энерги сайтай байдаг. Сүүлийн үед хүмүүс өөрт тохирох чулуугаа мэддэг болсон юм билээ. Түүнийгээ хайж ирж авах тохиолдол ч бий. Хаад ноёдын хэрэглэж байсан том сийлбэртэй хөөрөг ч байна. Хүмүүс хаш, мана, халтар мана хөөрөг их сонирхож байна. Монголын дархачуудын ур хийц сайн. Донжийг нь олоод хийсэн ухалт сайтай хөөрөгнүүд ч бий. Хуучны хөөрөгнүүд бол чулуу, ухалт сайтай байдаг. Хуучны халтар манан хөөргийг 10-аас яриад 8 саяд өгч байна. Хөөрөг барьж үзээгүй залуучуудыг сонирхож ирэхэд шинэ хуучныг нь ялгаж, үнэн зөвөөр нь үнэлж өгөх хэрэгтэй” гэж ярилаа.

Энд зэсэн домбо, эртний шар торгоор зүү ороож хийсэн ижил хоёр даалин, зааны ясан савх, мөнгөн хэрэглэлтэй хутга ч байв. Хамгийн үнэтэй даалин 1.200000 үнэтэй байв.

 Өндөр үнэлэгдэж буй хөөрөгнүүд том хэмжээтэй, чулуу нь тунгалаг чанартай, өндөр зэрэглэлийн нарийн хийцтэй ажээ. 

VIII Богд Жавзандамбын хатан Дондогдуламаас эхлээд эрт дээр үед хатад ч чамин хийцтэй хөөргөөр гоёдог байсан гэдэг. Эмэгтэйчүүд сүүлийн жилүүдэд чамин нандин хийцтэй хөөрөг, даалин сонирхох болжээ. Үзэсгэлэнг зохион байгуулж буй Б.Сайнсанаа дээр үеийн эмэгтэйчүүдийн эдэлж хэрэглэж байсан эдлэлүүдийг худалдаж байв. Эмэгтэйчүүдийн үсний шүрэн сам, алт, мөнгөн ээмэг, жижиг даалин нь чамин ур хийцтэй нь анхаарал татаж байлаа. Дээр үеийн шүрний өнгийг нь алдагдуулахгүйн тулд будаанд хийж хадгалдаг тухай тэрбээр ярив. Үзэсгэлэн энэ сарын 18 хүртэл үргэлжилнэ.

М.Болорцэцэг

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.