Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

ХҮҮХЭД ХАМГААЛАХ ТӨВ НЭЭГДЛЭЭ

Хүүхэд, гэр бүл хөгжлийн газар 2011 оноос “Хүүхдийн утас 123”-ыг ажиллуулж эхэлсэн. Энэ утсанд сард дунджаар 500 гаруй дуудлага ирдэг бөгөөд ихэвчлэн сэтгэл санааны дарамтанд өртсөн, эцэг эх, найз нөхөдтэйгээ ойлголцож чаддаггүй болон эрх нь зөрчигдсөн хүүхдүүд зөвлөгөө авахаар ханддаг байна. Тэдгээр хүүхдийг сэтгэлзүйч болон мэргэжлийн хүмүүстэй уулзуулах, эцэг эх, оюутан залууст гэр бүлийн боловсрол олгох зорилгоор байгуулсан Нийслэлийн хүүхэд хамгааллын төв өчигдөр нээлтээ хийлээ.

Тус төв нийслэлийн есөн дүүргийн Хүүхэд, гэр бүл хөгжлийн газрын мэргэжилтнүүдтэй цахимаар мэдээлэл солилцох, насанд хүрээгүй хүүхдийн хөдөлмөр эрхлэлт, хүүхдийн хүчирхийллийн талаар кино, бичлэг үзүүлэх тусгай танхимтай. Нээлтийн үеэр КУДС-ийн оюутан Н.Энхманлайгийн “Аз жаргалтай гэр бүл” зохиомжийг хүрэлцэн ирсэн зочдод үзүүлсэн юм. Тэрбээр “Гэр бүлийн хүчирхийллийн эсрэг олуулаа тэмцье” гэсэн санааг зохиомждоо тусгасан байна. Харин оюутан залууст гэр бүлийн боловсрол олгох танхимд 10 сартай жирэмсэн эхийн хиймэл загвар тавьжээ.

Удахгүй эцэг болох эрчүүдэд түүнийгээ зүүлгэн сандал дээр суух, гутлаа үдэх, тайлах зэрэг дасгал хийлгэж байв. Тэд жирэмсэн эхийн хиймэл загварыг хэдхэн минут зүүсний дараа “Эхнэртээ баярлалаа, ахиад жирэмсэн болбол илүү их анхаарал хандуулах хэрэгтэйг ойлголоо” гэв. Тус төвийнхөн удахгүй эцэг эх, асран хамгаалагч нарт зориулж “Хүүхэд хүссэн шиг чинь биш, хүмүүжүүлсэн шиг чинь хүн болно” нэртэй сургалт зохион байгуулах аж. Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар хүүхдийн хүчирхийллийн учир шалтгаан, хор хохирол, үр дагаврыг нийгэмд таниулах, урьдчилан сэргийлэхэд оюутан залуус, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэхийн тулд өнгөрсөн арваннэгдүгээр сард “Хайрын гар” шилдэг бүтээлийн уралдаан зарласан байна.

Уралдаанд “Үндэсний шуудан” сонины сэтгүүлч Г.Нацаг-Эрдэнийн “Сэтгэл дутвал гэрэл гэгээтэй ирээдүйг бүтээхэд хэцүү”, “Эх орон” телевизийн сэтгүүлч Д.Байгалын “Өнөөдөр ба ирээдүй”, КУДС-ийн оюутан Н.Анхбаярын “Хүүхэд бидний ирээдүй” бүтээлээрээ шторк, нийтлэл, нэвтрүүлгийн төрөлд тэргүүн байрт шалгарчээ. Тэдний бүтээлийг энэхүү төвийн үйл ажиллагаанд ашиглах юм байна.

Э.НЯМДУЛАМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.