Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Х.АЛТАНЦАЦРАЛТ: ГҮЗЭЭЛЗГЭНЭ Л УРГУУЛЖ ЧАДВАЛ ӨВЛИЙН ХҮЛЭМЖИД ЯМАР Ч ЖИМС ТАРЬЖ БОЛНО

  Хан-Уул дүүргийн XIII хороо, Шувуун фабрикт байрлах Х.Алтанцацралтын өвлийн хүлэмжид очиход “зуны улирал” биднийг угтлаа. Тэнд гүзээлзгэнэ боловсорч, зөгий ниснэ. Цэцэг, жимс дэлгэрч, өвс ногоо үнэртсэн түүний хүлэмж нарны энергиэр халдаг шинэ төрлийнх аж. Түүнтэй ярилцсанаа хүргэе.

-Өвлийн хүлэмжтэй болох санаа хэзээнээс төрсөн бэ?

-Газар тариалан эрхэлдэг хүмүүс арваннэгдүгээр сараас хийх ажилгүй болдог. Ичээний амьтад шиг л гэртээ бүгнэ. Гэртээ зүгээр суух хэцүү байдаг болохоор таван жилийн өмнөөс өвлийн хүлэмж судалсан. Өвлийн улиралд манай улсын жимс, хүнсний ногооны тариалалт зогсож, импортын бүтээгдэхүүний нийлүүлэлт нэмэгддэг. Энэ нь хүнсний аюулгүй байдалтай холбоотой учраас Засгийн газар “Чингис” бондоос 27.3 тэрбум төгрөгийг өвлийн хүлэмжид зарцуулахаар болсон гэж сонсоод зээл авахаар шийдсэн. Хүнсний ногооны тариалалтаар урд хөрш маань хамгийн сайн туршлагатай. Тиймээс өнгөрсөн арваннэгдүгээр сард БНХАУ-ын “КинПинг” компанийн загвараар “Өвлийн нарлаг хүлэмж” барьсан.

-Хүлэмжээ нарны энергиэр халаадаг нь сонирхолтой санагдлаа.

-Нарны гэрэл хамгийн их тусаж байгаа газарт хүлэмжээ байршуулж, энергийг нь шингээж авч нөөцлөөд, шөнөдөө ажиллуулдаг. Энэ жил харьцангуй дулаахан өвөлжсөн ч шөнөдөө -35 градус хүрч байна. Ийм хүйтэнд хүлэмж 10 градус дулаан байдаг. Харин өдөр нь 25-30 градус хүрнэ. Зарим шөнө дулаанаа хадгалж чадахгүй тохиолдол бий. Тийм үед 180-200 градусын халуун агаараар үлээдэг зуух ажиллуулж, дулаанаа хуримтлуулдаг юм.

-Туршлагагүйгээсээ болж олон хүн хүлэмжээ хөлдөөдөг гэдэг. Энэ юутай холбоотой вэ?

-Газрын хөрс нэг метрийн гүнээс хөлдөж эхэлдэг. Гэтэл манайхан 40 см ухаад л хана өрчихдөг. Хөлдүү хөрсөн дээр хүлэмж баривал ямар ч дулаалга хийгээд нэмэргүй. Тиймээс газрын хөрсний хөлдөлтөөс хамгаалсан гүнд суурийг нь цутгаж дулаалах ёстой. Би хөрсөө гурван метр гүн ухсан. Тиймээс хүлэмж маань хөлддөггүй. Судалгаа, туршлага муугаас эдийн засаг, цаг заваараа хохирч буй хүн олон байна. Өвлийн хүлэмжид гүзээлзгэнэ л ургуулж чадвал ямар ч төрлийн жимс тарих боломжтой гэж үздэг. Нарантуул захад кг гүзээлзгэнийг 12-14 мянган төгрөгөөр зарж байгаа ч борлуулалт сайн байна. Нэг үеэ бодвол иргэд үндэсний үйлдвэрлэлээ дэмждэг болжээ. Ер нь олон улсын жишгээр тухайн улс нийт хоол хүнснийхээ 30 хувийг гаднаас авч байвал үндэсний аюулгүй байдал алдагдана гэж үздэг. Манай улсын аюулгүй байдал аль хэдийнэ алдагдсан. Би өвөл, зунгүй эх орныхоо хөрсөнд жимс ногоо тарьж, иргэдээ эрүүл хүнсээр хангахыг зорьж байна.

-Нэг үеэ бодвол өвлийн хүлэмж олон болжээ. Танай хүлэмж тэдгээрээс ямар давуу талтай вэ?

-Голланд шилэн хүлэмж нэг га талбай нь гурван сая еврогийн үнэтэй байдаг. Харин манай хүлэмж 129 сая төгрөгийн өртгөөр боссон. Боолт нь зэвэрдэггүй, гагнуур хэрэглээгүй, угсарсан хүлэмж гэж ойлгож болно. Тэвнийн чинээ нүхээр тэмээний чинээ жавар орно гэж манайхан ярьдаг. Тийм болохоор хүлэмжнийхээ дулаалгыг сайн хийх ёстой. Хөрсөө гурван метр орчим ухаад, хайрга хийж өгдөг. Хөрс хөлдөхөөр дээшээ овойж, хана хагардаг. Хайрга үүнээс хамгаалдаг юм. Дээрээс нь суурь бетон цутгаж, хана барина. Суурь нь 10 см зузаан. Өөрөөр хэлбэл, хананы цаана байгаа хүйтэн агаарыг дотогш нэвтрүүлэхгүй байх хэрэгтэй.

-Хүлэмжид зөгий байгаа нь ямар учиртай юм бэ?

-Гүзээлзгэнэ бол цэцэгт ургамал. Цэцгэнд тоос хүртээж байж сайн боловсорно. Гэтэл бид өвлийн хүлэмжид салхи оруулах ямар ч боломжгүй. Гэхдээ цэцэг салхинаас гадна нисдэг шавьжнаас тоос хүртдэг. Тэгээд зөгий бэлчээрлүүлж тоос хүртээе гэж бодсон юм. Зөгий өвлийн улиралд унтаа байдалтай байдаг учраас хүмүүс үүнийг боломжгүй зүйл гэж үздэг. Гэхдээ манай хүлэмж нарлаг, дулаахан болохоор зөгий бэлчээрлүүлэх боломжтой гэдгийг бүтэн жилийн хугацаанд туршиж мэдлээ.

-Та ямар мэргэжилтэй вэ?

-Биологич мэргэжилтэй. Одоо ХААИС-д жимс жимсгэнийн тариалангийн чиглэлээр докторантурт сурч байна.

Э.НЯМДУЛАМ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.