Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

“Их говийн тэмээ-2015” боллоо

Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд өчигдөр “Их говийн тэмээ-2015” тэмээчдийн баяр болж өндөрлөлөө. Энэ оныг Аймгийн ИТХ, Засаг даргын зүгээс “Хөдөө аж ахуйг эрчимжүүлэх, аялал жуулчлалыг дэмжих жил” болгон зарласан бөгөөд үүний нээлт болгож “Их говийн тэмээ-2015” өдөрлөгийг зохион байгуулсан аж.

Тэмээчдийн баярт Дундговь аймгийн Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Говь-Угтаал, Өлзийт, Хулд, Луус, Сайнцагаан, Эрдэнэдалай, Гурвансайхан сумаас гадна Өмнөговь аймгийн Мандал-Овоо, Цогт-Овоо, Ханхонгор сумын тэмээчид оролцсон юм.

Өдөрлөгийн үеэр Дэлгэрхангай сумын ардын авьяастан, хүүхэд багачууд тэмээний магтаал, дуу, бүжгийн тоглолт үзүүлж, хоёр насны тэмээний уралдаан, тэмээн поло тэмцээн, сайхан хос, шилдэг ингэ, буур шалгаруулах, тэмээ хомнох, жин тээх үзүүлбэр, цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэг тэмцээнүүдийг зохион байгуулсан байна.

“Их говийн тэмээ-2015” өдөрлөгийн их насны тэмээний уралдаанд Дэлгэрхангай сумын иргэн М.Эрдэнэбатын шар ат түрүүлсэн бол торомны уралдаанд Дэлгэрхангай сумын иргэн Ч.Тогтохсүрэнгийн улаан тором хурдалсан аж.

Харин тэмээн поло тэмцээний ялагчаар Дэлгэрхангай сумын Г.Болдбаатар ахлагчтай баг шалгарч тус сумын Г.Энхболд ахлагчтай баг удаалсан бол Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Ц.Очбаяр ахлагчтай баг гуравдугаар байрт шалгарсан байна. 

Тэмээ хомнох, жин тээх тэмцээнд Дэлгэрхангай сумын Б.Хосбаяр, Ц.Ганбат нар шалгарчээ. Харин тэмцээний хос тэмээтэй сайхан хосуудыг шалгаруулах тэмцээнд Сайхан-Овоо сумын Б.Алтанхуягийн гэр бүл нэгдүгээр байр, Хулд сумын Б.Мөнхбаярын гэр бүл хоёрдугаар байр, Гурвансайхан сумын Н.Ганхуягийн гэр бүл гуравдугаар байрт шалгарсан байна.

Цагаан идээ, тэмээний ноосон бүтээгдэхүүн шалгаруулах тэмцээний нэгдүгээр байрт Гурвансайхан сумын Д.Хорлоогийн цагаан идээ шилдгээр шалгарсан бол Хулд сумын П.Борын ноосон бүтээгдэхүүн хоёрдугаарт бичигдсэн байна.

Баярын үеэр аймаг, сумдын удирдлага малчид, тэмээчидтэй уулзаж тэмээ өсгөх, ашиг шимийг нэмэгдүүлэх талаар ярилцаж ирэх  онд аймаг 30 мянга буюу 3 түм тэмээтэй болох зорилготой байгаагаа танилцуулав. Түүнчлэн Өлзийт сум 1 түм тэмээтэй болсны баярыг тэмдэглэж ирэх оны тэмээний баяраа Өлзийт суманд тэмдэглэхээр тохиров.
 

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.