Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

СТРАТЕГИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДАД ТЕНДЕРЭЭР ДАВУУ ТАЛ ОЛГОХ БОДЛОГО БАРИМТАЛЖ БАЙНА

  Монголчууд газар дорх баялгаараа гэдсээ тэжээж ирснээ одоо л ухаарч байх шиг. Уул уурхай бол байгаль орчин сүйтгэгч, сөнөөгч хэмээн дээр дооргүй адалсныхаа шанг эдийн засгийн хямрал гэгч хүсэшгүй зүйлээр хүртэж байна. Энэ алдаагаа засахаар төр засаг мэрийж байна. Үүний нэг илрэл болгож, Ашигт малтмалын тухай хуульд УИХ 2014 оны долдугаар сарын 1-нд нэмэлт өөрчлөлт оруулсан. Үүнтэй холбогдуулан, Засгийн газар тухайн оныхоо долдугаар сарын 28-нд 239 дүгээр тогтоол гарган, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайг солбилцлоор тогтоосон юм. Төр засаг уул уурхайн хайгуулд тавьсан чагтаа ийн тайлснаар энэ салбараас хоолоо олж иддэг нэг хэсэг нь цангаагаа тайлахаар хошуурч байна. Ашигт малтмалын хайгуулын лиценз олгоогүй, олгосноо төр буцааж хураасан өнгөрсөн дөрөв таван жилд энэ салбарынхан ажилгүй болж, гадаадын хөрөнгө оруулагчид үргэсэн. Үүний дүнд лиценз олгохыг хориглосон, хязгаарласан талбай манай улсын нутаг дэвсгэрийн 71.5 хувийг эзэлдэг болов.

Нэг хэсэг “Монгол орон бүхэлдээ лиценз хэлбэрээр харийнхны гарт орчихлоо” хэмээн халаглаж байсан иргэд одоо тайван байж болно гэсэн үг. Эдүгээ аж ахуйн нэгжүүд хайгуулын 1345, ашиглалтын 1391 лиценз эзэмшиж байна. Өнгөрсөн жилүүдэд А лиценз нь Х-гээс олон болсон байгаа биз. Энэ удаа хайгуулын тусгай зөвшөөрлийг Монгол Улсын нутаг дэвсгэрийн 19.9 хувь буюу 31 сая га талбайд олгоно. Үүний 13.4 хувь буюу 20.9 сая га талбайд өргөдлийн журмаар, 6.5 хувь буюу 10.1 сая га талбайд сонгон шалгаруулалтын журмаар лиценз олгохоор бүх ажил хэдийнэ гараанаас гарчихаад байна. Монгол орны нутаг дэвсгэрийн баруун хагас буюу уртрагийн 104 дүгээр меридианаас баруун тийш орших 9.0 сая га талбайд хайгуулын лиценз авахаар компаниуд Ашигт малтмалын газарт өргөдлөө өгөөд эхэлчихсэн. Гэхдээ өргөдлөө өгөх эрх авч чадсан аж ахуйн нэгжүүдийн зарим нь тухайн газраа төдий л сонирхоогүй, азаа үзээд алдъя гэсэн бодлоор хандсан бололтой. Хоёр сая төгрөгөөр авсан (бүртгэлийн дугаар авахаар хандах нэг сарын эрх ийм үнэтэй) зөвшөөрлөө 20 саяар зарчихъя гэсэн бодолтой хүмүүс ч цөөнгүй байгааг уул уурхайн салбарынхан ярьж байна. Яг сонирхсон талбайгаа авах гээд, цахимаар олгож буй дугаарыг нь ч авч чадаагүй аж ахуйн нэгжүүд бас олон байгаа аж.

Өргөдлийн журмаар олгох талбайн дийлэнх нь хоосон гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Учир нь огтхон ч хайгуул хийгээгүй, хийсэн ч ямар нэг ашигт малтмал байж болохоор дээж илрээгүй талбайнуудыг өргөдлийн журмаар олгож байгаа. Энэ бол нохойд ямар ч мөлжүүргүй булууны яс харуулаад, уралцуулахтай адил хэрэг. Үүний нэг илрэл нь өргөдлөөр олгох талбайнуудаас тавыг нь хуучин эзэн нь сонирхоогүй гэнэ. Өмнө нь эзэмшиж байгаад хураалгасан талбайгаа авахыг хүсэхгүй байна гэдэг бол хоосон, жаахан юм байлаа ч олборлох боломжг үй гэдгийг илтгэж буй хэрэг. Учир нь хайгуул хийсэн газар бүрээс ашигт малтмал илэрдэггүй. Илэрлээ ч олдсон бүхнийг олборлодоггүй. Учир нь ашигт малтмал олборлоход асар их зардал гардаг тул компаниуд тооцож үзээд ашиггүй бол олборлолгүй орхидог. Харин сонгон шалгаруулалтын журмаар олгох талбай юмтай. Оюутолгой, Тавантолгой, Эрдэнэт шиг том орд тэнд байхгүй юм гэхэд хоосон гэж хэлэх аргагүй талбайд Ашигт малтмалын газар тендер зарлах юм.

Эрдсийн хуримтлалтай нь тогтоогдсон, лицензийнх нь хугацаа дуусаад улсад хураагдсан эсвэл улсын нөөцөд авчихсан байгаад буцааж чөлөөлсөн, жилд гаргах ёстой мөнгөнөөсөө бага зардлаар хайгуул хийгээд хураалгасан талбайг сонгон шалгаруулалтаар өгнө. Нийтдээ 1535 нэгж талбайг сонгон шалгаруулалтаар олгох юм. Эдгээр талбайгаас нийт 20 тэрбум орчим төгрөг улсын төсөвт орно гэж Уул уурхайн яам тооцжээ. Энэ бол суурь үнээр тооцсон дүн. Тендерт оролцогчид үүнээс өндөр үнэ санал болгох тул энэ мөнгөн дүн өсөх нь тодорхой. Аж ахуйн нэгжүүдийн анхаарлыг татаж буй талбай энд л байгаа. Гэхдээ түүнд хүрэх босго өндөр. Тендерт оролцохын тулд эхлээд Ашигт малтмалын газраас тогтоосон босго давах шаардлагатай. Татварын ямар ч өргүй, хууль хяналтын болон шүүхээр шийд үүлэхээр хөөцөлдөж буй ямар нэгэн маргаангүй, санал болгосон үнээ төлөх чадвартайгаа нотолсон банкны баримт, тухайн талбайд хийх геологи хайгуулын ажлын төсөл гэх мэт баримт бичиг бүрдүүлэх ёстой.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комисс ажиллаж байгаа. Тэрхүү комисс сонгон шалгаруулт явуулахдаа оролцогчдод 100 хүртэлх оноо өгч, дүгнэнэ. Ингэхдээ үнээр өрсөлдүүлэх гол зарчим баримталж буй. Тендерт оролцогчдоос ирүүлсэн үнийн саналыг 50 хүртэлх оноогоор дүгнэнэ. Бусдаасаа хамгийн өндөр үнэ санал болгосон компани 50 оноо халаасална гэсэн үг. Эрдсийн хуримтлалтай, тодруулбал энд нүүрс, алт, нефть гэх мэтчилэн ямар нэг ашигт малтмал байна гэдэг нь тодорхой болсон нэг га талбайн босго үнийг 2244 төгрөг гэж тогтоожээ. Өнгөрсөн таван жилд аж ахуйн нэгжүүдийн хийсэн хайгуулын зардлыг тооцож үзээд энэ үнийг гаргасан юм байна. Харин өмнө нь хэн нэгний эзэмшилд байгаад тусгай зөвш өөрлийг нь цуцалсан талбайн нэг га-гийн үнэ нь 1800 төгрөг. Тусгай зөвш өөрлийн хугацаа нь дуусаад хураагдсан талбайнх 1350 төгрөг. Одоо өгөх талбайн хэмжээг дээрх үнээр үржүүлэхэд тухайн талбайн суурь үнэ гарна. Тэрхүү талбайг авахаар тендерт оролцож буй компаниуд үүнээс илүү үнэ санал болгох ёстой. Үлдсэн 50 оноог тухайн талбайд гүйцэтгэх хайгуулын ажлын төсөл, боловсон хүчний чадвар, техник, тоног төхөөрөмжийн хүрэлцээ хангамж, хүчин чадал зэргийг харгалзаж өгнө. Ингээд хамгийн өндөр оноо авсан нь тухайн талбайн лицензийг эзэмшинэ. Гэхдээ өмнө нь тухайн лицензийг эзэмшиж байгаад хураалгасан хүн одоо сонгон шалгаруулалтад ороод талбайгаа авч чадахгүй бол яах вэ. Ийм тохиолдолд өмнөх эзэмшигчийнх нь тухайн талбайд хайгуул хийхдээ зарцуулсан зардлыг тендерт ялсан компанийн төлөх мөнгөөс гаргаж өгөхөөр тооцжээ. Ингэж өмнөх эзэмшигчийг нь хохиролг үй болгох юм байна. Тендерт оролцогч үндэсний компаниудад анхааруулах нэг чухал зүйл бий. Юу вэ гэвэл Уул уурхайн яам сонгон шалгаруулалтаар стратегийн хөрөнгө оруулагчдад давуу тал олгох, дэмжих бодлого баримталж байгаа аж. Тэгэхээр олон улсад танигдсан, гадаадын том компани тендерт оролцвол Монголын компаниудын ялах магадлал багасна. Эдүгээ тендер зарлаад буй гурван талбайн лицензийг хэн эзэмших нь Цагаан сарын дараахан буюу энэ сарын 25-ны 09.30 цагт тодорхой болох юм. Ямартай ч лиценз авсан компаниуд ажлаа эхэлснээр хоёр дахь жилээс нь улсын төсөвт 19 тэрбум төгрөг орох тооцоо гарчээ.


Х.БОЛОРМАА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.