Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

МОНГОЛ НААДМАА ДЭЛХИЙН БРЭНД БОЛГОЁ

  Цэнхэрлэн харагдах уулс, цэвэр тунгалаг ус, шувуудын жиргээн, гол горхины чимээ, тайван бэлчээрлэх мал сүрэг, таана хөмүүлийн үнэр, дэлгэсэн ааруул хурууд, дэнж дээгүүр хөл нүцгэн гүйлдэх хүүхдүүд. Хувинтай сүүгээ барин алхах намбалаг бүсгүй, эмнэг хангалаа номхруулах монгол эр. Өдөр бүр л нэгэн хэвийн мэт өнгөрөх малчдын амьдрал гаднынхныг үнэхээр алмайруулж, гайхашруулж орхидог. Энэ бол нүүдэлчин ахуй соёлтой Монгол хэмээх тусгаар тогтносон бүрэн эрхт улсын бусдаас ялгарах гол онцлог. Чингисийн Монголд хөл тавьсан хэн бүхэн эгэл жирийн малчин айлын амьдралыг сонирхохгүй өнгөрнө гэж үгүй. Бүр баримтат кино хийж, өгүүлэл, ном бичиж, монголчуудыг бусад оронд таниулан сурталчилдаг. Гагцхүү бид энэ брэндээ өөрсдөө төдийлөн ойшоолг үй, дэлхий нийтийн анхааралд хүргэж чадалгүй өдий хүрчээ. Үүнийг аялал жуулчлалын өрсөлдөх чадвараараа манай улс 2013 онд дэлхийн 140 орноос 99 дүгээр байрт бичигдсэнээс харж болно.

Мөн манай оронд ирсэн жуулчдын тоо 2014 онд өмнөх оноос 392.844 буюу 5.9 хувиар, аялал жуулчлалын салбарын орлого 253.817.148 ам.доллар буюу 3.6 хувиар буурсан гэсэн статистик мэдээлэл ч нотолно. Бахархах түүх, гайхуулах өв соёл, үнэт зүйлсээр арвин баялагтай хэрнээ түүнийгээ дэлхийн хэмжээнд үнэлүүлж чадахгүй, хичээхгүй байгаа нь харамсалтай. “Чингис хаан” олон улсын нисэх буудалд буусан гаднын зочид, аялагч, жуулчид хамгийн түрүүнд “Чингис”- ийн талбайд очдог. Монголчууд дэлхийн талыг байлдан дагуулсан суут их эзэн хаан Чингисийн үр сад гэсэн ойлголтоос илүү гарахгүй төсөөлөлтэй тэдэнд Монгол гэж ийм улс байдаг юм, ийм соёл заншилтай, ийм өв уламжлалтай, ийм үнэт зүйлтэй гээд тайлбарлан ойлгуулж болох ч тэдний нүдэнд харагдуулж, гарт бариулах бүтээн байгуулалт манайд алга. Мэдээж Монгол Улсын нийслэлд бууснаас хойш Монголын үндэсний, Байгалийн түүхийн, Улаанбаатар хотын, Төрийн түүхийн, Монгол цэргийн, Олон улсын оюун ухааны зэрэг музейгээр орохгүй өнгөрч үл болно. Гаднынхан манай улсад өндөр барилга, үнэтэй машин харах гэж ирэхгүй нь ойлгомжтой. Тэдний анхаарлыг татаж, буцаж очоод Монгол гэж ийм улс байдаг юм гэж үр хүүхэд, найз нөхдөдөө ярих, дурсах тийм л зүйлийг бид бий болгох хэрэгтэй байна.

Улаанбаатар хотод гаднынхны нүд хужирлах зүйл хэдхэн музейгээс өөр байхгүй тул яалт ч үгүй хөдөө явах хэрэг гарна. Хөдөө нутагт тэднийг алмайруулах “бэлэг” олон. Өвөл, зуны улиралд дотоод, гадаадын жуулчдын хөл тасардаггүй Хөвсгөл нуурт очиж, “Сүхбаатар” хөлөг онгоцоор зугаалах боломжтой. Харин дараа нь монголчуудын бахархалт хайрхан Бурхан Халдун уул орчмын бүсэд орших Хар зүрхний Хөх нуурт тухалж болно. Ингээд Хустай нуруу, Элсэн тасархай, Ноён уулын дурсгал, Хэрлэнгийн хөдөө арал зэрэг түүх археологи, байгалийн дурсгалт газраар аяллаа үргэлжүүлж болох юм. Энэ бүхнийг үзэж харсан жуулчид сэтгэл хангалуун байдаг ч стандартын бус бие засах болон хоолны газар, олон цагаар амралтгүй машинаар явах нь тэднийг залхааж орхидог. Мөнгөө төлчихөөд тав тухтай орчинд хооллож ундлахгүй, бие засахгүй, хэдэн цагаар тоос шороонд дарагдан машинд сэгсчүүлж явахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Энэ нь манай улс өв соёл, үнэт зүйл, түүх дурсгалаа аялал жуулчлалын нэрийн хуудас болгож, олон улсын стандартад нийцсэн шинэ техник технологийг нэвтрүүлээгүйн гай.

Аялал жуулчлалын үндэсний төвөөс 2012 онд манай оронд аялсан жуулчдын дунд хийсэн судалгаанаас харахад тэднийг хамгийн ихээр бухимдуулсан нь Улаанбаатар хотын замын бөглөрөл, ариун цэврийн асуудал байсан бол хөдөө аялахад нийтийн бие засах газар, хог хаягдал байжээ. Тухайлбал, боловсон бие засах газар байхгүй учир шингэн зүйл уухгүйг хичээсэн гэж жуулчдын талаас илүү хувь нь хариулсан байна. “Монгол оронд гаднын жуулчид олноороо ирэх нь мөнгө гэхээс илүү эх орноо сурталчлах том боломж. Тиймээс бид нэг ч гэсэн аялагчийг гомдоохгүй, тав тухтай аялуулах нь чухал. Жуулчны бааз нэртэй бороо усанд чийг, өмхий үнэртсэн эсгий гэрүүдийг орчин үеийн шаардлага хангасан , амралтын газар болгох хэрэгтэй. Үүний зэрэгцээ Монгол орныхоо түүх дурсгал, бахархлыг тайлбарлан ойлгуулах мэргэжлийн хөтөч орчуулагч чухал байна” хэмээн аялал жуулчлалын салбарын мэргэжилтнүүд хэлсэн. Уг нь бол манай улсад бусдын анхаарлыг татах олон “гайхамшиг” бий. Тухайлбал, дэлхийд ганцхан монгол наадам, “Дээлтэй монгол” зэрэг арга хэмжээгээ сурталчлан таниулснаар олон зуун жуулчныг татах боломжтой. Бразилд жилд ганц удаа болдог “Рео Карнавал”- ыг үзэхийн тулд дэлхийн сая сая жуулчин хүлээдэг шиг л монгол наадмыг үзэх гэж дэлхийн өнцөг булан бүрээс жуулчид манай улс руу хошуурдаг байж яагаад болохгүй гэж. Монгол наадмаа бид ЮНЕСКОд бүртгүүлсэн. Харин одоо дэлхийд брэнд болгож, долдугаар сарын гурван өдрийг дэлхий нийтээрээ хүсэн хүлээдэг болбол мөн сайхан. Гэхдээ Эрийн гурван наадмыг маань үзэх гэж эртнээс жуулчид манай улсад аялах онгоцны тийзээ захиалдаг байна. Долдугаар сард манай улсыг зорих жуулчдын тоо ид өсдөг аж. Гэвч ирсэн хойно нь Төв цэнгэлдэхийн тасалбар дууссан байдаг гэж олон жуулчин гомдол гаргаж байжээ. Энэ мэт зохион байгуулалтгүй, эмх замбараагүй байдлаас болж, тэдний олонх нь дахин Монголд ирэх хүсэлгүй болдог байна. Уул уурхайгаас илүү ашиг олох, Монгол орноо дэлхийд таниулах салбар бол аялал жуучлал.

Дэлхийд ховорт тооцогдох маш үнэтэй олдворууд манай улсаас олдсоор байна. Ази, тэр дундаа Монголд эртний хүмүүс амьдарч байсны баталгаа болох 2200 жилийн түүхтэй Хүннүгийн булш Ноён уулнаас олдсон нь бас нэг гайхамшиг. Харин бид тэрнийгээ дэлхийн долоон гайхамшиг шиг хүн төрлөхтөнд гайхуулж хараахан чадаагүй л байна. Хүннүгийн дээдэс язгууртны булш, хэрэглэж байсан эд өлгийн зүйлс нь тэр чигтээ Ноён ууланд нуугдаж буй. Археологичид үүнийг бага багаар илрүүлэн, малтлага хийж буй ч буцаагаад сурталчлах, таниулах ажил дутмаг байгаа юм. Саяхан л гэхэд Ноён уулаа “ноёлох” эсэх талаар ширүүхэн маргаан боллоо. Хүннүгийн булшнаас гадна асар их алттай Ноён уулын зарим хэсгийг ухаж, хүнд даацын машинаар хөрсийг нь сийчих дээрээ тулсан. Гацууртын ордыг стратегийн орд болгох шийдвэр бараг л гараад байгаа. Нутгийн иргэд үүнийг эсэргүүцэн жагсаад ч тусыг эс олов. Уг нь эртний хүмүүс Монгол нутагт амьдарч байсны бодит баталгаа, дэлхий дахины нүд хужирласан Ноён уулаа бид төрийн тусгай хамгаалалтад авч, жуулчид татах нэг гайхамшиг болгосон бол ухаад дуусчих алтнаас илүү хөрөнгө орж ирэх байв. Энэ мэт өв соёл, үнэт зүйлээ эдийн засгийн хөшүүрэг, дуусаж дундрахгүй “бүтээл” болгох санал санаалчилга, ажил хэрэг үгүйлэгдсээр байна.

ЮНЕСКО-гийн дэлхийн байгалийн өвд Хүннүгийн булш, дурсгалт зүйлийг бүртгүүлэхээр ажиллаж байна. Энэ мэт дэлхийн энтэй түүх дурсгалаа алдаршуулан мөнхлөхийн зэрэгцээ ирсэн гийчдийн чихийг мялааж, нүдийг баясгах цогцолбор, “татах хүч” бидэнд хэрэгтэй байна.

Ч.БОЛОРТУЯА

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.