Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Эдийн засгийн голлох тоон үзүүлэлтүүдийг нэгтгэн тогтмол танилцуулна

  УИХ-ын чуулганы өнгөрөгч баасан гаригийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нийгэм, эдийн засгийн голлох тоон үзүүлэлтүүдийг нэгтгэх, тэдгээрийг төрийн байгууллагууд дээрх мэдээллийг нэгдсэн байдлаар тогтмол танилцуулдаг байх талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “Эдийн засгийн мэдээлэл нь үнэн зөв, бодит тоо баримтад үндэслэн шуурхай гарах нь тухайн байдалд дүн шинжилгээ хийх, дорвитой шийдвэр гаргахад чухал үүрэг гүйцэтгэдэг. Цаашид Засгийн газрын хэмжээнд төсвийн орлого, зарлагын талаарх мэдээллийг холбогдох байгууллагуудтай хамтран нэгтгэж, ил тод байдлыг ханган, байнга мэдээлэх саналтай байна. Эргэлзээтэй тоон үзүүлэлт, эсвэл статистикийн тоо зөрүүтэй гарсан тохиолдолд УИХ болон Засгийн газрын хамтарсан Ажлын хэсэг байгуулан шалгах, үр дүнд нь тухайн үзүүлэлтийг цаг алдалгүй цэгцлэх горимд шилжье. Эдгээр үзүүлэлтийг нэгтгэж, дүн шинжилгээ хийж, дүгнэн танилцуулдаг нэгж, албыг УИХ, Засгийн газрын түвшинд байгуулах саналтай байна” хэмээсэн.

Ерөнхий сайдын мэдээлэлтэй холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авав. Ц.Оюунбаатар гишүүн аж ахуйн нэгжүүдэд өгөх их хэмжээний өрийг Сангийн яам хэзээ барагдуулах, хэчнээн хэмжээний өр байгааг тодруулсан. Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Он гарснаас хойш аж ахуйн нэгж үүдэд 19 тэрбум төгрөгийн НӨАТ-ыг буцаан олгосон. НӨАТтай холбоотой өр, авлага байхгүй. Хөр өнгө оруулалтын зарим асуудлыг тодорхой болгосны дараа мэдээлэл өгье” гэв. Сангийн сайдын хэлснээр тус яаманд Хөрөнгө оруулалтын газрыг шинээр байгуулж, хяналт тавьж ажиллах юм байна. Өөрөөр хэлбэл, энэхүү бүтэц нь аж ахуйн нэгжийн оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдсэн, хасагдсан зэрэг маргааныг нягтлан шалгаж хяналт тавьж ажиллахаар болсон аж. Ж.Батсуурь гишүүн “Шийдлийн Засгийн газрын шийдэж буй зүйл маш цөөн байгаагаас хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчдэд хүлээлт үүсгэн, эдийн засаг хүндэрч байна” гээд чухам хэзээ дорвитой арга хэмжээ авахыг нь лавласан.

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Засгийн газраа байгуулснаас хойш сар гаруй болж байна. Энэ хугацаанд төсвийн тодотголыг батлуулсан. 80 байгууллагыг 25 болгон цөөрүүлж, Гацууртын ордыг хөдөлгөөнд оруулах ажлыг эхлүүлж, гурван талт хэлэлцээрийг амжилттай хийлээ. Мөн 106 лицензтэй холбоотой асуудлыг шийдэж, Тавантолгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр дуусах шатандаа орж байна гэхчилэн багагүй ажил хийсэн” гэж байлаа. Түүнчлэн гишүүд Төрийн албаны зөвлөл, Сангийн яамнаас гаргасан төрийн албан хаагчдын тоо 10 шахам мянгаар зөрж байгаа, Улсын бүртгэлийн газар, Үндэсний статистикийн газраас гаргаж буй аж ахуйн нэгжийн тоо ихээхэн зөрж байгаагийн учрыг тодруулсан. Төрийн албаны зөвлөлийн дарга Б.Цогоо “Манай байгууллагаас гаргадаг тоонд гэрээгээр ажилладаг, төслийн ажилтан, Ажлын хэсэг, төрөл бүрийн Хороо, Комиссын гишүүдийг оруулдаггүйгээс бидний тоо зөрдөг” гэсэн хариулт өгсөн бол Сангийн сайд Ж.Эрдэнэбат “Төрийн албаны зөвлөл болон Сангийн яамны тоо, мэдээгээ гаргадаг хугацаа өөр байдаг нь үүнд нөлөөлдөг” хэмээгээд цаашид хоёр байгууллага энэ чиглэлээр хамтран ажиллаж, тоогоо нэгтгэхээс аргагүй гэсэн хариулт өгсөн. Харин аж ахуйн нэгжүүдийн тоо ялгаатай байдаг нь Улсын бүртгэлийн газар Монгол Улсад үйл ажиллагаа явуулахаар бүртгүүлсэн аж ахуйн нэгжийн тоог гаргадаг бол Статистикийн газраас судалгааны мэдээлэл цуглуулах зорилгоор дүн мэдээ гаргадагтай холбоотой гэнэ.

Б.НОМИН

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.