Өчигдрөөс илүү маргаашийг
бүтээхийн төлөө

Амттан

Амттанд дуртай хүмүүс ихэвчлэн өөдрөг үзэлтнүүд байдаг юм шиг ээ. Миний л бодол. Чихэр жимсгэнэ төдийхөнд хууртдаг эрх багын гэнэн зангаа бүрэн гээж амжаагүй, магадгүй тэгэхийг ч хүсдэггүй болов уу гэмээр хүмүүс эргэн тойронд минь олон байдаг учраас тэр. Ямар нэгэн амттан хараад хүүхэд шиг догдолж, бас тухайн мөчид түүн шиг жаргалтай хүн үгүй мэт хачин таашаалтайгаар амтархан идэх дуртай хүмүүсийн нэг нь үнэндээ би өөрөө. Их ажилтай үед, сэтгэл тавгүйтсэн тохиолдолд, цалингаа авсны дараа өөрийгөө баярлуулахаа хэзээ ч мартдаггүй зуршилтай юм.

Хэн нэгэн дэргэд минь чихэр, шоколад задлахад хүртэл надад зориулж байгаа юм шиг дотроо ихэд баярлан маадгар суудагтаа ичдэггүй хүн дээ. Ямар сайндаа л нялх биетэй байхдаа хэд хэдэн удаа горьдож, янз бүрийн домоор аргалж байж гайгүй өнгөрч билээ. Хачирхалтай нь горьдсон эхийг хоосон зүйлээр хуурч, чинэсэн хөхийг нь амраадаг ардын домыг сайн мэддэг болохоор “Би лав ийм зүйлд хууртахгүй юм байна” гэж бодож байсан зүйлдээ өөрөө хэд хэдэн удаа молигодуулаад, нулимстай инээж зогссонсон. Амттан тийм л “шидтэй”. Эс бөгөөс бидний дотор тийм гэнэн цайлган ертөнц оршин байдгийг өөрсдөө ч анзаардаггүй байж мэдэх.

Түүнтэй нэгэн адил амьдрал ч бас хуудас болгондоо тийм гэж тааварлахын аргагүй далд увдис агуулж байдагт итгэх хэрэгтэй юм шиг ээ. Намайг амьдралд улам шунан дурлуулдаг зүйлүүдийн минь дээгүүрт амттан ордог. Хүний дуртай зүйлсийн тоо цөөрөх тусам амьдрал уйтгартай, утгагүй мэт санагддаг гэдэг. Тэгэхээр багачууд амттанд дурладаг шиг бид ч бас амьдралаас өөрсдийнхөө тааллаар амттай болгоныг нь түүж, сэтгэл санаа, дур хүсэл, зөн мэдрэмжээ эрхлүүлэхэд буруудахгүй болов уу.

Тэртээ тэргүй бид өдөр тутам сайн сайхнаас илүү саар муу зүйлийн тухай сонсож, хажуухнаас нь харсаар сүүлдээ өөрсдөө ч түүндээ автаад байгаа нь нууц биш. Тиймээс амьдрал хэмээх асар өргөн, уудам далайгаас аз жаргал, баяр баясгаланг нь чухам хаахнаас олж, ямар хэмжээгээр хутгаж авах нь гагцхүү таны мэдэлд байгааг л мартаж болохгүй.

Польшийн домогт дуучин Анна Германы “Гори гори моя звезда” хэмээх гайхамшигт дууг сонсонгоо энэ хорвоо дээр байж болох бүхий л амттай зүйлийн тухай бодон, түүнийгээ буулгах үнэхээр сайхан. Харин үүнийг бичиж дуусгаад бас нэг амттай зүйл рүүгээ явна гэж бодохоор бүр ч таатай. Ховорхон, хоршоонд байдаггүй тэр “амттан” маань бас л өөрийнхөө дуртай ямар нэг амттаныг эмээгээсээ нэхсээр байгаад авахуулчихсаны гэрч болох халтар хошуугаа ээждээ үнсүүлэх гээд угтана …

Л.ГАНЧИМЭГ

0
Зөв, гоёЗөв, гоё
0
Савж уналааСавж уналаа
0
Хөөрхөн юмХөөрхөн юм
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

0 Сэтгэгдэл

Leave a Reply

Та сэтгэгдэл бичихдээ Монгол Улсын хууль болон ёс суртахууны хэм хэмжээг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй.